Татвар төлдөггүй нууц нөхцөлөөр ихээхэн хэмжээний мөнгө хадгалж, эх орноосоо гадуур эргэлдүүлэгч оффшор бүсэд хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Чулуудай данстай байсныг энэ долоо хоногт монголчууд мэдэж авлаа.

Тодруулбал тэрбээр "Strategic Mines Inc" гэх уул, уурхайн компанийн хувьцаа эзэмшигчээр оффшор бүсэд данс нээлгэжээ. Бүртгүүлсэн компани нь Хонконгийн хамгийн үнэтэй байрлалд оршдог “OCEAN CENTRE” оффисын наймдугаар давхарт байрладаг аж. Өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээний баячуудын түрээслэдэг худалдаж авдаг, өндөр зэрэглэлийн оффисст байрладаг байгаа нь нэлээд хардлага төрүүлж буй юм. Монголын нэг хотын дарга буюу төрийн албан хаагчийн 30 гаруйхан настай хүү Дэлхийн хэмжээний хөрөнгөтнүүдийн эдэлдэг үл хөдлөхөд ямар мөнгөөрөө, хэрхэн яаж оффис эзэмших болов.


Ямартай ч тэрбээр “Гранд лайн” хэмээх компани байгуулсан байдаг бөгөөд 11 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийдлээр төсвөөс гаргуулсан байдаг. Төлөвлөлтийн дагуу “Түмэн амгалан” гэх хотхон барихаар ажилдаа орсон ч өдгөө гурван жилийн нүүр үзэж байгаа бөгөөд барилгын ажил нь зогссон байгаа. Э.Бат-Үүл дарга хүүгийнхээ компанид ажил олж өгөхийн тулд ийнхүү дахин төлөвлөлт гэх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн юм болов уу гэж бодоход хүртэл хүргэж байгаа юм.

Уг нь Үүл дарга саяханыг хүртэл машингүй, хувьдаа бизнесгүй эхнэрийнхээ бичсэн “Үүл бид хоёр” номны орлого, цалин хоёроороо л амьдардаг гэж ярьж байсан юм. Харин өчигдөр тэрбээр сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа “Чөлөөт хэвлэлийн буянаар хүүгээ оффшор данстай байсныг мэдлээ. Найзуудтайгаа нийлж бизнес хийх гээд данс нээсэн гэж байна” гэж мэдэн будлив. Харин хүү Э.Чулуудай нь “Аавыг хотын дарга болохоос өмнө данс нээж байсан. Мөнгөгүй хаагдсан. Дансандаа нэгч долларгүй” гэв.

Гэтэл АНУ, Франц, Испани, Австри, Австрали, Энэтхэг, Бельги зэрэг орны төрийн удирдлага, хууль хяналтын байгууллагууд нь "Panama Papers" -с илэрсэн оффшор данстай улстөрч, байгууллагуудад хариуцлага тооцох, шалгах тухайгаа аль хэдийнээ мэдэгдээд эхнээсээ зарим албан тушаалтнууд нь оффшор данс нээснээсээ болж огцорч байна.

Гэвч манай улсад үүнийг хэвлэл мэдээлэл нээлттэй мэдээллэхээс өөр ямар ч зүйл болохгүй байна. Мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүсд хууль хяналт, ядаж ёс зүй зэрэг зүйл үйлчилдэггүй бололтой юм байна. Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү ямартай ч Сингапурт өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө, Хонконгд дээд зэрэглэлийн оффисс эзэмшдэг юм байна.

Н.Ганаа