УИХ-ын гишүүн Н.Батбаяр нэгэн хачирхалтай хуулийн төсөл санаачилж оруулж ирсэн ч гишүүдийн дэмжлэгийг авсангүй.

Ялангуяа сөрөг хүчнийхэн түүний хуулийн төслийн агуулгыг бүү хэл хэлбэрийг ч ойлгоогүйгээ өнгөрсөн даваа гаригт болсон бүлгийн хурал дээрээ ярьжээ.

Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлдөө Н.Батбаяр “өр” хэмээх үгийг “өглөгө” хэмээх үгээр солих заалт оруулж ирсэн юм. Угаасаа “тэнгэртэй харьцдаг” Фортуна хэмээх гишүүний хувьд ийм хуулийн төсөл оруулж ирэх нь хэвийн үзэгдэл. Харин АН-ын “олуулаа” дарга нар тийм төслийг намын бүлэг, байнгын хорооны хэлэлцэх асуудалд оруулна гэдэг тун хачирхалтай хэрэг юм.

Тэгэхээр “өр” хэмээх үгийг “өглөгө” гэсэн үгээр солих гэсэн санаа ганц Н.Батбаяр гишүүний бус АН-ын гишүүдийн бүгдийнх нь санаа бололтой.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бүлгийн хурал дээрээ “Хуулийн төслийн утга агуулгыг үндсэнд нь ойлгосонгүй. Өргөн мэдүүлсэн төсөлд өр гэдэг үгийг өглөг гэдэг үгээр солихоор орж ирсэн байна. Тэгсэн хэрнээ нэн яаралтай хэлэлцэх дэгээр орж ирсэн.

Өр, өглөг гэдэг үг нь хоёр өөр ойлголт юм болов уу гээд Я.Цэвэл гуайн “Монгол хэлний их тайлбар” толь бичгээс харлаа. Өр гэдэг бол бусдад өгөх өглөгө гэж тайлбарлаж, өр, өглөгө гэдэг үг нэг утгатай.

Ийм байхад өр гэдэг үгийг өглөгө болгож солъё гэх нь үнэндээ ойлгогдохгүй байгаа. Хэрвээ УИХ өр гэдэг үгийг өглөгө гэдэг үгээр солих шийдвэр гаргавал одоо мөрдөгдөж байгаа 10 хуульд өөрчлөлт орох болж байна” гэсэн юм.

Үүнээс гадна тэрбээр “Нэг ижил утгатай үгийг нөгөө үгээр солино гэдэг чинь хэвийн боовыг ул боов гэж нэрлэдэгтэй адил юм болно. Ийм хуулийн төслийг дэмжих боломжгүй, хэлэлцэх шаардлагагүй төсөл” хэмээн тодотгосон. Нээрээ л адил үгийг нөгөөгөөр нь солих гэдэг хачирхалтай санаа.

Өрийн бичигт “Чингис” хааны нэр өгсөн нь мөн Н.Батбаярын санаа гэдэг. Н.Батбаярт тэнгэрээс өр гэдгийг өглөгө болгочихоор Монголын сонгогчид бидний чихэнд арай зөөлөн сонсогдоно хэмээх зөвлөгөөг хайрласан юм болов уу даа. Түүнээс биш Монгол улс 2017 оноос эхлээд “Чингис бонд”-ын 500 сая ам.долларын бүхэл өрөөс эхлээд асар их өр зээл төлж эхлэх тооцоотой байгаа. Түүнийг өр гэлгүй өглөгө гэх нь л дээ. Ёстой аргаа ядсан хүний л сэдсэн “мэргэн санаа” юм байх даа.

Уг нь үгээс илүү үйлдэл чухал гэдгийг эрхэм дарга нар энгийн ардаасаа илүү ойлгодог баймаар юм. Юм л бол их хааны нэрийг урдаа барьж, өрийн бичиг хүртэл гаргаж, улс орноо өрөнд оруулж байгаа эрх баригчид тавьсан их өрөө “өглөгө” нэртэй болгочихоор өргүй болчихно гэж арай бодоогүй байх.

Эсвэл “Чингис” нэртэй бондоор зээлж авсан өрөө “Чингисийн өглөгө” хэмээн нэрлээд сонгуульдчихвал ард түмэн саналаа өгчихнө гэж бодсон юм болов уу?

Эх сурвалж: Gereg.mn

Г.Хуяг