Сонгогдох ЭРХГҮЙ СОНГУУЛЬ
2016/05/19
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 19 бие даагчийг бүртгэхээс татгалзлаа. СЕХ-ны УИХ-ын сонгуулийн тойргийн зураг, мандатыг хуваарилах тогтоолын төсөл сөрөг хүчний зүгээс “Хог” гэх дүгнэлт авсан бол нийслэлийн ИТХ-ын сонгуулийн бүртгэл мөн эргэлзээ төрүүлэв.
Монгол Улсын иргэн бүрт Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрх нийслэлийн ИТХ-ын сонгуульд гээгдлээ. Гээгдсэн ч гэж дээ гээх сонирхол илт мэдрэгдэх болов. Энэ удаагийн сонгуульд 19 иргэн бие даан өрсөлдөхөөр бүртгүүдсэн. Гэвч нийслэлийн Сонгуулийн хороо бүх бие даагчдын сонгогдох эрхийг хязгаарлав.
Бие даагчид 501-ээс дээш дэмжигчдээс гарын үсэг цуглуулаагүй гэж нийслэлийн Сонгуулийн хорооноос тайлбарласан байх юм.
Харин бие даагчдын зүгээс нийслэлийн Сонгуулийн хорооны тайлбарыг хүлээж аваагүй байгаа бөгөөд шүүхэд хандахаар болсон байна. Тэд дэмжигчдийн гарын үсгийг хуурамч гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа аж. Бүр 800 хүний дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан ч эс тооцсон нь гэж байгаа. Мөн зарим намыг бүртгээгүй нь бүр “Хог”-ийн шалтгаантай байлаа. НИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр 11 нам, хоёр эвсэл нийслэлийн Сонгуулийн хороонд материалаа ирүүлжээ. Харин ХҮН, Монголын консерватив нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Иргэний хөдөлгөөний намууцын зарим нэр дэвшигчийг бүртгэсэнгүй.
Тухайлбал, Монгол консерватив нам нэр дэвшигчийг цэргийн алба хаагаагүй хэмээн бүртгэхээс татгалзлаа. Одоо нийслэлийн парламентад суугаа төлөөлөгчдийн хэд нь цэргийн алба өөрийн биеэр хаасан бол. Тэгвэл МСДН-ыг нийслэлд салбаргүй учраас бүртгэхээс татгалзсан бол ИЗНН-ыг нэр дэвшигчдийн материал нь хуулийн заалт хангаагүйгээс гадна дутуу бүрдүүлсэн гэдэг үндэслэлээр хасчээ. Харамсалтай нь олон санал авахаар горилсон эвлэлдэн нэгдсэн намууд бүр анхнаасаа НИТХ-ын сонгуульд оролцох эрхгүй байжээ. НИТХ-д Эх орончдын нэгдсэн нам, Хамаг Монголын хөдөлмөрийн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын ногоон намын “Нэгдсэн Монгол эвсэл” оролцох хүсэлтээ илэрхийлж, 37 нэр дэвшигчийн материал мздүүлсэн. Нийслэлийн сонгуулийн хороо мөн л бүртгэхээс татгалзав. Сонгуулийн хуульд НИТХ-ын сонгуульд эвсэл нэр дэвшүүлнэ гэх заалт байхгүй зөвхөн нам хэмээн заажээ. Энэ бүгдээс харахад ганц л асуулт үлдэж байна. Бие даагчид санал хувааж, жижигчүүл эвсэж нэгдэх нь хэнд ашиггүй вэ.
Д.МЯГМАРДОРЖ
/ҮНДЭСНИЙ ШУУДАН/