Сонгууль болоход ганцхан сарын хугацаа үлдлээ. Тиймдээ ч улстөрчдийн тархи угаалт аян эрчимтэй эхэлжээ. “Гэртээ ороод телевиз асаахаар энэ нэг юм гараад ирэхийн, суваг солихоор бас л гарч байх юм. Сүүлдээ хөргөгчөө онгойлгохоос айж байна” гэж Оргил дэлгүүрийн эзэн Ж.Ганбаатарын тухай хошигносон яриа сошиалаар нэг байв.

Ганцхан Ж.Ганбаатар ч биш Н.Учрал, Босоо Ганбаа, Г.Уянга, С.Эрдэнэ сайд, Н.Алтанхуяг, Ерөнхийлөгчийн ухаалаг дүр эсгэсэн яриа, Х.Баттулгын сайн хүн болох гэсэн дүр төрх үзэгчдийг цочооож, заримыг нь бухимдуулж буй нь мундахгүй юм. Бүгд л сайн хүний дүрээр, сайхан сайхан зүйлийг ярьж, энэрэнгүй зөөлөн, гоё хүн болох гэж хичээнэ. Худал үгийг мянга хэлбэл үнэн болдогийн үлгэрээр, зарим нь итгэнэ, бусад нь эргэлзэнэ.

Ингэсээр байтал өмнөх сонгуулийн адил ээлжилт сонгууль ирж, хүссэн хүсээгүй, иргэд санал өгөх нь байна. Иргэдийн сонгох боловсрол, улстөрчдийн тухай ойлголт муугаас болоод тэд дахин харамсахаар буруу сонголтыг ч хийж мэднэ. Хэнч таашгүй эмзэг өдрүүд үргэлжилж байна.

Дэглэлттэй, үнэмшилтэй тархи угаалтаар мэргэшсэн хүмүүсийн тэргүүн эгнээнд УИХ-ын гишүүн Х.Баттулга бий. Өмнө нь Монгол тулгатны эрхэм нэвтрүүлэг хийж, дундуур нь өөрийгөө оруулж аваад, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Өөрийн хэргээ бүтээчихээд уг нэвтрүүлгийг тэгэс хийгээд орхисон бол одоо Eagle телевизэд дараагийн ажлаа эрхэлж Бүрэн зураглал хэмээх нэвтрүүлэг хийх болжээ. Хийх болжээ ч гэж саяхнаас Бүрэн зураглал гэх нэвтрүүлэг гараад, уг нэвтрүүлэгт Топ модел Э.Одгэрэл оролцоход л үзэгчид анзаарч байв. Учир нь Улстөрчдийн сонгуулийн Пи Ар нэвтрүүлэг хийхийн тулд нэвтрүүлгийнхээ нэрийг олонд таниулж, үзэгчдийг татахын төлөө гоё эмэгтэйг оруулж, нүд хужирлуулан, янаг хоолойгоор яриулж, эрчүүдийн сонирхолыг татсан байх нь байна. Сонирхол нь нэгэнт татагдаад эхэлмэгц, З.Энхболд Х.Баттулга нар орох жишээний. Анхнаасаа энэ нэвтрүүлэг тэдний санаа байсан ч тэд эхний дугаарт орвол, үзэгчид дургүйлхэнэ, пиар гэдгийг нь шууд ойлгочихно тэгэхээр болохгүй байх нь байна.

Харин дараагийн удаа тэд нэвтрүүлэгтээ орох хүсэлтэй УИХ-ын гишүүд, шинээр нэр дэвшигчид, улстөрчдийг өндөр үнэ, хөлсөөр оруулж, ихээхэн ашиг олох нь байна. Бизнес санаа бөгөөд улстөрийг бизнес болгосон хүмүүс ингэдэг байх нь байна.

Энэ мэт дэглэлттэй тархи угаалтын үнэнийг сошиал медиа хэрэглэгчид л илчлэх юм. Өмнө нь цахим сайтууд болон фэйсбүүк байгаагүй үед хэн ч энэ тухай мэдэхгүй мэдлээ ч ярих газар олдохгүй, гэр зуураа бувтнаад өнгөрдөг байжээ. Сошиалын давуу талуудын нэг энэ. Харин хашир сэргэлэн орчин цагийн залуус болон урлаг соёлынхон үүнийг ойлгоод, хямд өртгөөр сошиал сайтуудаар пиараа хийх нь ямар хүртээмжтэй байдгийг ойлгосон юм шиг байна.

Ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгслээс хамгийн хүчтэй нөлөөтэй нь интернэтийн энэ зуунд сошиал болчихоод байгаа нь ч тохиолдлын хэрэг биш. Сошиалгүй бол монголчууд нэг өдөрч байж чадахааргүй болжээ.Ямартай ч иргэд тархи угаалтад өртөхгүйн төлөө сувгаа сольж, болохгүй бол сошиалаа ухаж байсан нь өлзийтэй байх нь байна.

Н.Чимэг