УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл болон ИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн асан Ч.Базар, ИЗНН-ын нарийн бичгийн дарга асан Р.Булгамаа нар өнөөдөр ИЗНН-аас гарч, Ардчилсан намд элслээ.

 

АН-ын шинэ гишүүд Төрийн ордонд АН-ын дарга З.Энхболдоос гишүүний батлахаа гардаж авсан юм. Намын дарга З.Энхболд энэ үеэр хэлэхдээ хоёр намын хооронд байгуулсан гэрээний дагуу тус намын гишүүд АН-д элсч, батлахаа гардан авч байгаа гэдгийг хэлсэн юм.

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, “АН, ИЗНН-ын үзэл баримтлал төстэй. Би үзэл бодлынхоо дагуу тус намд элсч, Чингэлтэй-Налайх дүүрэгт нэр дэвшинэ. Энэ үйл явдлыг тохиолдуулан 25 жилийн өмнөх баримт бичгийг гардуулж байна. 1991 онд Ардчилсан намын Эдийн засгийн үзэл баримтлалыг бичиж байлаа. Энэ үзэл баримтлал өнөө ч үнэ цэнээ алдаагүй гэдгийг энэ бичиг баримт сануулна” гээд уг баримт бичгийг АН-ын дарга З.Энхболдод гардуулав.

АН-д одоогоор МҮАН-ын хоёр гишүүн мөн элсэх гэж байгаа аж. Тэд одоогоор Дархан-Уул, Өвөрхангай аймагт ажиллаж байгаа гэдгийг З.Энхболд дарга хэллээ.

 

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг