УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажил албан ёсоор эхлээд байна. Одоогийн байдлаар МАХН, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намын "Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл" эвсэл болон бие даагчид тус тус УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрсийг Сонгуулийн Ерөнхий Хороонд өгчээ.

Сонгуулийн Ерөнхий Хороо одоогоор МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын дэд дарга Ж.Эрдэнэжамьяан, бие даан нэр дэвшигч "Эвлэн Мандуулах Хүч" хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр нарыг ялтай байх хугацаа нь дуусаагүй тул гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаад байна.

ХҮНам УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохгүй болсон тул УИХ-ын гишүүн С.Ганбаатар аль нам, эвслээс нэр дэвших нь олны анхаарлыг татаад буй. Тэрээр МАН-АН-д орсоноос үхсэн минь дээр хэмээн мэдэгдсэн тул мэдээж МАН, АН-аас нэр дэвшихгүй нь тодорхой. Мөн МАХН, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намын "Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл" эвслээс нэр дэвших хүмүүсийн дунд ч нэр нь байгаагүй юм. Өөрөөр хэлбэл одоо тэрээр МУНН, "Хаан сонголт" эвсэл гэх мэт харьцангуй жижиг гэгддэг намуудаас УИХ-ын сонгуульд нэр дэвших нь тодорхой болжээ. Гэтэл түүнийг УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй нь гэсэн яриа улс төрийн хүрээнийхний дунд тархаж байна. Энэ нь дараах хоёр үндэслэлтэй аж. 1-т С.Ганбаатарыг ХҮНамаас дүрмийн дагуу гараагүй, албан ёсоор намын гишүүн хэвээр байгаа гэсэн бичгийг тус намын удирдлагуудаас СЕХ-нд илгээнэ. Эсвэл түүний Хөдөлмөрийн Дээд сургууль төгссөн магистрын дипломыг хүчингүй гэж үзэн, хууль бус баримт бүрдүүлсэн гэсэн дүгнэлт гарган, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах гэнэ. Энэ нь ч бодитой бөгөөд түүний дипломыг шалгахаар Улсын Мэргэжлийн Хяналтын Газар ажиллаж эхэлсэн байна.

Ийнхүү УИХ-ын гишүүн, Монголын хамгийн өндөр рейтингтэй улс төрч гэх С.Ганбаатарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй нь бололтой.

 

П.Мандах