Ах намууд эвдрэлцэхдээ эвлэрэх боломж үлдээгээсэй
2016/05/27
АН, МАН хоёр сүүлийн үед ширүүхэн байна. Сонгууль дөхөж дээ. Хэдэн суудал илүү авчих санаатай элдвээр аяглаж байгаа нь нүдэн дээр илт. Биесээ хамаг муу муухайгаар хэлж, хатуу ширүүн үгийг хайр найргүй шидэж байна. Ялангуяа МАН сөрөг хүчин болоод ч тэр үү, АН руу айхтар цовхчиж байна.
Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нарын гишүүд ууртай байна. “Та нар сонгуулийн тойргийг ингэж зурж байгаа бол хувь тавилангийн зургийг чинь зураад өгнө” гэж ундууцав. “Намайг унагах гэж нэг хязгаараас нөгөөг хүртэл тойрог эмх замбараагүй зурж. Чаддаг аавын хүү нь ирээд Увсад надтай өрсөлд” гэлээ. Арга ч үгүй биз, энэ хүмүүсийн өрсөлдөх тойргийг эрх баригч намынхан нь үнэхээр эвгүй, эмх замбараагүй хуваарилж, тохуурхаж байгаа юм шиг дээрэлхсэн байна лээ. Хэний ч хараажийн уурлавал уурлахаар юм. Гэхдээ нэг нь тэгж хэлүүлтэл тойргийг нь тойруулж сараачих хэрэг байсан ч юм уу даа. Нөгөөдүүл нь хувь заяаг нь зурна гэж өсөрхөх хэрэг байна уу. Хуучны далд утгаар ярьдагчлан хувь заяаг чинь зурна гэхээр “алаад өгнө” гэж байгаа юм шиг сонсогдож байна. Ц.Гарамгайбаатар гишүүн Чингис хаанаар түрий бариад л илүү мандаттай байх ёстой гэж аархаж ирээд л загнана лээ. Ө.Энхтүвшин гишүүн “Өрсөлдөгчөө өрөвдсөний горыг амсч байна” гэж ирээд л өс өвөрлөсөн аятай хэлнэ лээ. Ер нь л уур уцаараа барьж дийлэхгүй, төрийн хойморт суугаад хашгирах нь байтугай гэрийн хаяанд ч хэлэмгүй муухай үгсээр биесээ дайрч хэрэлдэх юм. Ингэж хамаагүй эвдрэлцэж болохгүй ээ. Эвтэй байж Монгол Улс хөгжинө. Яаж ч муудсан эргээд уулзах улаан нүүр гэж бий. Эр хүний замын хүзүү урт гэлцдэг. Нэг өдөр сонгууль дуусна. Аль нь чиг л гарч ирээд мөр зэрэгцээд улс орны хувь заяаг ярьж суух улс. Буцаж буух бууриа бодож байх хэрэгтэй юм. Угаас Монголын төрийг энэ хоёр нам л барина. Өөр сонголт байхгүй. Ээлжилж эрх барина уу, хамтарч эрх барина уу, аль нэг нь байх нь эргэлзээгүй. Цаашид ч ийм л байх биз. Өөр нам гарч ирээд төр барьтлаа өдий. Манай сонин ч “Гэр шилбэл шинийг, гишүүн сонговол хуучныг нь” гэж бичиж байлаа. Монгол Улсын төр гэдэг тоглоом биш. Элдэв шоу биш. Монгол Улсын хувь заяа одоогийн гурван сая хүний ч хувь заяа төдий биш. Ирээдүйн гурван зуун сая монгол иргэний, монгол үндэстний дэлхийн тавцанд орших, эс оршихуйн хувь заяаны асуудал юм. Монгол Улс үүрд орших хувь заяаны үй түмэн гишгүүрийн нэг шат нь төр засгаа эмхлэх, ээлжит сонгууль. Та нарыг муудалцаад байна гээд улстөрч болох гэж хөөрцөглөсөн хүүхдүүдийг төрд гаргачихалтай нь биш. Нэг шат буруу тавибал энэ улс орны цаашдын ирээдүй хазайна. Иймээс хүүхдүүдээр төр бариулж тоглуулж болохгүй гэж “Өдрийн сонин” байнга бичдэг. Эрхбиш хариуцлага хүлээдэг нам, хат суусан эрчүүлээр төрөө бариулах хэрэгтэй. Дээр дурдсан, өдгөө төрд байгаа хүмүүс ч хат суусан тэр эрчүүлийн зарим нь. Монголчууд 1911 оны хувьсгалыг эс тооцвол бүх хувьсгалыг, нийгмийн томоохон өөрчлөлтийг залуучуудын гарт өгсөн. Онохоосоо алдсан нь их байв. Магадгүй ингээгүй бол өнөөдөр Монгол ийм байхгүй ч байж болох байв. Хөгжлийн өөр түвшинд байх байсан ч юм бил үү. Тиймээс хариуцлага үүрэх чадалтай энэ хоёр намын хат суусан төрийн түшээд нь энэ Монголын төрийг авч явах хэрэгтэй. Монголын хувь заяа та нарын гарт байгаа. Магад эвсэж, хамтрахаар байдалд хүрч болох юм. Эсвэл аль нэг нь ялах биз. Айхтар зөрүүтэй ч гарахгүй болов уу. Өнгөрсөн хорь гаруй жилийн турш ингэж л, ийм замаар явж ирсэн. Ийм сонголтыг ард түмэн хийж байсан. Тиймээс эвтэй байцгаая. Та нар биесээ элдвээр хэлж, гоочлоод байхаар иргэд та нарыг бүгдийг нь элдвээр хэлж байна. Тэр, энэ, АН, МАН гэлтгүй л шүүмжлэх юм. Бид бүгд монголчууд, хэн хэнийхээ дайсан биш. Бие биеэ үзэн ядахгүй байж, цөсийг нь хөөргөж элдэв үг хэлээд яах ч юм билээ. Эргээд эвлэрэх нүүртэй байх хэрэгтэй. Монголын хамгийн том ууган намууд гэвэл яалт ч үгүй АН, МАН-ыг л хэлнэ. Ах намууд сонгууль гэж ингэж хэрэлдэн тэмцэхдээ эвлэрэх зай, эвлэрэх боломж үлдээгээсэй. Та бүхэн эвдрэлцвэл улс орон яах билээ. Тэртэй тэргүй энэ хоёр намгүй Монголын төрийг төсөөлшгүй. Аль нь ч ялж төр барилаа гэсэн Засгийн газраа унагахгүй байх хэрэгтэй. Тиймээс УИХ бүрэлдмэгц Засгийн газраа огцруулахгүй байх хууль хамгийн түрүүнд баталж, хэрэв огцруулбал УИХ тардаг болох хэрэгтэй юм. Учир нь төрөөрөө тоглож, засгаа унагаад сайжирсан түүх үгүй. Хэн нэгнийг нөгөө нэгнээр солиод өөрчлөгддөг бол сайжирдаг бол сайжрахаар л боллоо. Нөгөө нам нь битгий хэл өөрийнх нь нам засгаа унагаад сайжирсангүй. Хичнээн ч удаа засаг төрөө унагаж тоглов. Хамгийн эмгэнэлтэй энэ бүхний үр дүнд нь Монгол Улс л хохирдог. “Монгол төр түвшин байг” гэж ээжүүд сүүгээ өргөдөг чинь та бүхнийг эе эвтэй байхыг, тэр эв эе чинь улс орон амгалан байхын л учир шүү дээ. Төр засаг унаж, биесээ элдвээр хэлчихээд тэрүүхэндээ бие биенээ чадаад дийлчихлээ гэж боддог л байх. Хохирогч нь ердөө л улс орон маань.
Магадгүй цаашид МАН, АН гэж хэлэхээсээ илүүтэй Нүүрсчдийн нам, Шороочдын нам нь ялах уу гэж яригдах нь. Аль алинд нь МАН, АН-аас холилдоод орчихдог. Нүүрсчдийн нам гэж Таван толгойг хөдөлгөх MCS толгойтой үндэсний компаниуд тэргүүтнүүд. Эднийг өрсөлдөгчид нь “Эх орноо гадныханд худалдах гээд байна” гэлцдэг. Нөгөөх нь Шороочдын нам, 270 сая доллараар шороон далан овоолсон гэх хүмүүсийг хэлээд байх шиг. Шороочдын нам нь Нүүрсчдийн намтай л биш бол хэнтэй ч, тэр байтугай муу хэлээд байдаг Орос, Хятадтай ч хамаагүй хамтарсан яахав гэлцэх. Энэ хоёр намд нь АН-ынхан нь ч бий, МАН-ынхан нь ч бий. Иймд аль нэг нам ялах ялагдахад онцын ялгаа байхгүй. Хоорондоо эвтэй л байх хэрэгтэй. Алдаа, оноо аль алинд нь бий. Найраа, тохироо хийхээ хүрвэл хүний, өөрийн нам, МАН, АН гээд ч байх юмгүй, нүүрсчин, шороочноороо л ялгарчихна биз. Улаан мах олдоно, улайх нүүр олдохгүй гэж нэг үг бий. Эргээд уулзах нүүртэй байгаарай. Хэн ч ялдаг, хэн ч ялагддаг л хорвоо. Ялагч байхад ялагдагч , ялагдагч байхад ялагч байдаг. Аль нэг нь ялна. Эсвэл адилхан тэнцүү байна. Өөр сонголт, өөр боломж үгүй. Ах намууд минь энэ байдлаараа сонгууль болтол эвдрэлцэж, элдвээ л дуудах нь шиг байна. Эвлэрэх боломж үлдээгээрэй. Сонгууль нэг л өдөр дуусна. Дүн гарна. Эргээд уулзахад эвлэрэх боломжтой л байцгаана шүү.