Г. Баярсайхан “Даяар монгол”-той хамтарчээ
2016/05/27
Гарьдхүүгийн Баярсайхан “Даяар Монгол” хөдөлгөөн Хөдөлмөрийн яамтай хамтран “Монгол хүн Монголын ирээдүй” гэсэн төсөл хэрэгжүүлж байгаа гэнэ.
Иймэрхүү сайхан нэртэй төсөл хэрэгжүүлэхэд болохгүй юм байхгүй. Гол зангилаа нь Гарьдхүүгийн Баярсайханы толгойлдог Хөдөлмөрийн яам бол Монгол Улсын төр захиргааны байгууллага. Гэтэл хамтарч байгаа этгээд нь “Даяар Монгол” хөдөлгөөн байдаг. Үүн дээр л асуудал үүсч байгаа юм. Гаднын томоохон орнууд, жишээлэхэд, Японы Засгийн газар, аль нэг яам нь якуза нартайгаа холбогдож ил цагаан төсөл хэрэгжүүлж байсан тухай лав сонсоогүй юм байна. Солонгос улс мөн л адил мафийн бүлэглэлтэйгээ хамтран төсөл хэрэгжүүлдэггүй. Манай хойд хөрш ОХУ мафийн сүлжээгээрээ Италийг ардаа орхисон. Хамгийн том мафийн сүлжээтэй орны Засгийн газар мафитайгаа хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлээгүй л байна. Гэтэл манайх, тэр дундаа Гарьдхүүгийн Баярсайхан гайгүй байгаа. “Даяар Монгол” хөдөлгөөнтэй хамтран төсөл хэрэгжүүлж байгаа нь гаднынхны нүдэнд Монголыг муухай харагдуулж байна. Төрийн яам нь түмний нэр барьж гадаадын иргэдийг дарамталж амь зуудаг төрийн бус байгууллагатайгаа хамтраад төсөл хэрэгжүүлж байна гээд бодохоор монголын төр дампуурсны илрэл. Эсвэл мань Эбэ өөрийн утсан хүүхэлдэй болсон Гарьдхүүгийн Баярсайханд лүндэн буулгаж “Даяар Монгол”-той хамтарч төсөл хэрэгжүүл хэмээсэн байхыг ч үгүйсгэх аргагүй. Ингэж тооцоолсон нь мань Ерөнхийлөгч улам л монголжуу харагдах гэсэнтэй шууд холбогдож мэдэх юм. Уг нь төслийн нэр, санал санаачилга нь сайхан юм. Даан ч хэрэгжүүлж, хийж байгаа хоёрт л учир байна. Нэг ч гэсэн монгол залуу ажилтай, орлоготой болчихвол Монгол Улсад л хэрэгтэй. Нөгөө талаараа монгол залууст зөв үлгэр дууриалал үзүүлбэл хэнээс ч дутахгүй ажиллаж, амьдарч чадна гэдгийг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж байгаа залуучууд маань биеэрээ харуулсан бодит бишээ тун ч олон бий дээ. Харамсалтай нь “Даяар Монгол” хөдөлгөөний хэд хэдэн залуу хуулиас гадуур үйл ажиллагаа явуулж байгаад хэцүү нэртийн хаалга татсан. Энэ нь монгол залууст амар, хялбар аргаар амьдарч болдог юм байна гэсэн буруу сэдэл төрүүлснийг үгүйсгэх аргагүй. Монголоо өмөөрч, эх орноо өмөөрч хэн чиг л дуугарна, босно. Гэхдээ энэ нь хуулиас гадуур байх учиргүй. Монгол Улс сүүлийн дөрвөн жил л эх захаа алдаад байгаа болохоос хуультай, тусгаар тогтнолтой, эрх чөлөөтэй улс орон. Төр нь иргэнээ дээдэлдэг, иргэн нь төрөө дээдэлдэг ийм л улс орныг залуус хүсч буй. Түүнээс бус хуулиас гадуур хялбар аргаар амьдрах гэж оролддог төрийн бус байгууллагатайгаа төрийн яам нь хамтраад төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг дампуу эрх баригчдыг хэн ч хүсэхгүй. Явж явж дөрвөн жил Монголын хувь заяагаар тоглосон Ардчилсан нам гайгүй байгаа. Цаашилбал Чингэлтэй дүүрэгтээ нэр дэвшихээр горилж байгаа Гарьдхүүгийн Баярсайханы ухаан санаа гайгүй байгаа. Монгол төрийн гал тогоонд чамгүй удаан суусан түүний толгойлдог яам, “Даяар Монгол” хөдөлгөөний хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр гайгүй байгаа. Гай нь таараад газардвал их л чанга унах байх даа, Гарьдхүүгийн Баярсайхан. Гайгүй байгаа…
С.БУЯН
Эх сурвалж: Шуурхай.мн
Зочин · 2016/05/28
Яагаад хамтарч болохгүй гэж.Хөдөлмөрийн сайд ажлаа сайн хийж байгаа,хүнд суртал гаргадаггүй боломжийн залуу
33 · 2016/05/28
Энэ тэнэгийн толгойд л ийм бодол төрнө
шаабар · 2016/05/27
Юу нь болохгүй байгааг ойлгосонгүй. Яам ТББ -тай хамтар ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл шүү дээ. Тэгээд ч Даяар Монгол хөдөлгөөн чинь албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг хуулиар зөвшөөрөгдсөн ТББ мөн байлтай. Гагцхүү төсвийн хөрөнгийг зөв буруу зарцуулсан уу үгүй юу гэдэгт л асуудал байж болох.