УИХ-ын сонгуульд оролцох намууд өнгөрсөн долоо хоногт хурал, чуулганаа хийж нэр дэвшигчдээ тодрууллаа. МАН 14 цагт хурлаа зарлаад байсан ч Удирдах зөвлөлийн хурал үргэлжилсээр бараг 21 цагт Бага хурал эхлэв. Тус намын хувьд хуулийн хугацаанд амжиж сонгуульд нэр дэвшигчдээ зарлана гэдгээ мэдэгдээд байсан юм. Энэ дагуу 00.00 цагаас өмнө буюу 23.30 цагт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийж, нэр дэвшигчдээ танилцуулсан.

 

Харин АН-ын хувьд 18 цагаас эхлэхээр байсан ч хойшилсоор 23 цагийн үед эхэлсэн юм. Ингээд хуулийн хугацаандаа амжиж эхлэх эсэх нь эргэлзээтэй байсан Үндэсний зөвлөлдөх хорооны хурал тун шуурхай өрнөж, нэр дэвшигчдээ 00.00 цагтай уралдан нийтэд зарлав. Ийнхүү энэ жил намууд Сонгуулийн хуульд заасан хугацаандаа амжиж нэр дэвшигчдээ тодрууллаа.

 

Хоёр нам нэр дэвшигчдээ тойргуудад тун сонирхолтой хуваарилжээ. Тухайлбал, энэ сонгуулийн “үхлийн тойрог” гэж нэрлэгдээд байгаа Сүхбаатар дүүрэгт Х.Тэмүүжин Ц.Мөнх-Оргилтой, М.Батчимэг Сү.Батболдтой, Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын яамны сайд асан Д.Цогтбаатартай таарчээ.

 

М.Батчимэг гишүүний хувьд энэ жил өөрийн хүсэлтээр нэрээ татсан Р.Амаржаргал гишүүнийн оронд тус дүүрэгт нэр дэвшиж буй. Мөн АН-аас энэ жил урлаг, спортынхон нэлээд нэр дэвшжээ. Эдгээрээс хамгийн сонирхол татаж байгаа нь Тариаланчдын холбооны тэргүүн Д.Цандэлэгийг хасч, түүний оронд Сэлэнгэ аймгаас дуучин, СТА Г.Эрдэнэтунгалагийг нэр дэвшүүлэхээр болжээ. Тэрээр МАН-аас нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ж.Эрдэнэбаттай өрсөлдөх аж.

 

Үүнээс гадна тус тойрогт АН-аас УИХ-ын гишүүн С.Баярцогт, Д.Эрдэнэбат нэр дэвших бол МАН-аас Н.Оюундарь, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нар байна. Мөн МАН-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай дархан аварга Х.Баянмөнхийн охин өрсөлдөхөөр таарчээ. Түүнчлэн спортынхноос Баянхонгор аймагт МУГТ Н.Түвшинбаяр нар нэр дэвших аж. Энэ тойрогт АН-аас УИХ-ын гишүүн Х.Баттулга ч мөн өрсөлдөнө.

Энэ удаагийн сонгуульд МАН, АН-ын хувьд тус бүр 16 эмэгтэй гишүүн нэр дэвшүүлж байгаа. Улс төрд дахь эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байна гэж найдлага тавьж энэ бодлогыг намууд баримталсан бололтой. Дашрамд дурдахад, ирэх сард болох сонгуулийг Р.Амаржаргал, С.Оюун, Ё.Отгонбаяр, Ц.Дашдорж, Су.Батболд, Д.Дэмбэрэл, Ж.Батсуурь нарын УИХ-ын зургаан гишүүн өнжихөөр болжээ. Тэд өөрсдийн саналаар залуу улс төрчдөд боломж олгож байгаа нь саашаалтай. Харин таамагт багтаагүй нэр дэвшигчдийн гэнэтийн тохироо юу байсныг таашгүй.

 

О.Заяа