Хүүхэд харах үйлчилгээ үгүйлэгдсэн зун
2016/06/07
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөө тэмдэглэж өнгөрүүлсний маргаашнаас хүүхдээ хаана хэнээр харуулах вэ? Яах вэ? гэдэг асуулт эцэг эхчүүдийн толгойг гашилгаж эхэлдэг. Хувьтай нь эмээ өвөө дээрээ зусдаг бол үлдсэн нь гэртээ цоожтой хаалганы цаана эсвэл аав ээжийнхээ ажил дээр өдрийг өнгөрүүлдэг.
5-р сарын 31-ээс эхлээд улсын цэцэрлэг амарна. Харж өгөх хамаатантай, эмээ өвөөтэй хүүхдүүд хөдөө эсвэл зусалндаа гарчихна. Харин харах хүнгүй хүүхдүүд 9-р сарын нэгэн хүртэл өдрийн цагаар ганцаараа ихэвчлэн гэртээ өнжинө. Үүнээс үүдэж хүүхдүүд бэртэж гэмтэх нь эрс нэмэгддэг байна. Өчигдөр л гэхэд сургуулийн насны хоёр хүүхэд дугуй унаж яваад зам тээврийн осолд өртсөн байх юм. Тодруулбал, БГД-ийн нутаг 22-р сургуулийн арын замд 08 настай эрэгтэй Т нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Prius маркийн П жолоочтой авто машинтай шүргэлцэж унадаг дугуй унаж явсан Т гэмтсэн. Мөн БГД-ийн нутаг 16-р байрны зүүн замд 11 настай эрэгтэй Т нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Probox маркийн А жолоочтой авто машинтай шүргэлцэж унадаг дугуй унаж явсан Т гэмтсэн байна. Үүнээс гадна түлэгдэх, гэмтэх зэргээр гэртээ ганцаараа үлдсэн хүүхэд гэмтэх нь нэмэгддэг.
Асрагч хөлслөх арга бий. Сургачдын амралттай зэрэгцэн гэрт байрлан хүүхэд асрах зар гардаг. Асрагч дунджаар сард 500 000 төгрөгийн хөлстэй байдаг. Гэр байрлах эсвэл ажлын цагаар ажилладаг ялгаанаас үүдэн 600 000 хүртэл өртөгтэй. Гэрт байрлан хүүхэд харж байгаа зарим нэгэн нь хүүхэд зодох, эд зүйл хулгайлах зэргээр итгэл алддаг. Тиймээс эцэг эхчүүд гол төлөв хөдөөний, “эвдэрээгүй” оюутан охидыг гэртээ байлган цалинжуулдаг болоод байгаа. Зарим айл хүүхэд харж байгаа хүнтэйгээ тохироод цалин 300 000 төгрөгөөр тохирдог юм билээ. Гэхдээ өнөөдөр 500 000 – 600 000 төгрөг өгөөд хүүхдээ харуулах өрх ховор. Энэ мөнгө бол залуу гэр бүлийн хувьд “чанга”. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ зуны цэцэрлэгт өгч байгаа. Зуны цэцэрлэг хамгийн багадаа 250 000 төгрөг. Эдийн засаг хямарсан, зээлтэй залуухан гэр бүлийн хувь энэ мөнгийг бэлэн өгчих тэнхэл байхгүй гэж хэлж болно.
Үүнээс арай хямд нь хүүхэд харах үйлчилгээ. Хэрэгжиж байгаа үгүй нь мэдэгдэхгүй энэ үйлчилгээг албажуулчих юм бол цэцэрлэгээс ялгаагүй үйл ажиллагаа явуулна. Тэр хэмжээгээр эцэг эхчүүдээс сайн үнэлгээ авна.
Хуучин цагт хөршийн холбоо сайн байсан. Мөн нийгэм амгалан тайван байлаа. Энэ үед хүүхдүүд хөршийндөө зусдаг байсан гэхэд болно. Харин одоо хүүхдийн зуны амралт эцэг эхчүүдийг шаналгаж байна.
Хүүхдээ харуулах хүнгүй эцэг эхчүүдийн хувьд нэг бол хүүхэд асрагч хөлслөх, хямд зуны цэцэрлэг хайх, ажилдаа дагуулан явах, гэртээ ганцааранг нь цоожлохоос өөр сонголтгүй болчихоод байгаа. Ийм үед хүүхэд харах үйлчилгээг “унтаа” байдлаас нь сэрээх шаардлага байна. Нөгөө талаас дотуур байранд амьдарч байгаа оюутнууд итгэл алдахгүйхэн шиг цалинтайгаар хүүхэд хараад өгвөл хэн хэндээ ашигтай байх юм.
зочин · 2016/06/07
БГД- ИЙН 100 -р цэцэрлэг бүр 5/28 наас хүүхдүүдээ аваагүй ш дээ