Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж буй юм байна. Түүнийг засаг дарга хийж байгаа сүүлийн 6 жилд тус дүүргийн нэлээд газрыг хууль бусаар бусдад шилжүүлсэн, Нийслэлийн засаг даргын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэгдэх газар эзэмших эрхийн асуудлыг дур мэдэн эрхээ хэтрүүлж, өөрөө захирамж гарган шийдвэрлэсэн гэдэг.

Мөн нэг хүнд гэр бүлийн хэрэгцээний хэд хэдэн газар олгож, нэг аж ахуйн нэгжид хуульд заасан хэмжээг хэтрүүлэн газар олгосон, төрийн байгууллагын газрыг иргэнд дур мэдэн шилжүүлсэн зэрэг нэлээд зөрчил илэрсэн байдаг.

Тиймдээ ч түүнийг Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн хугацаанд Ж.Ганхуягийг огцруулах саналыг өргөн барьсан. Огцруулах саналд дүүргийн ИТХ-ын дарга, дүүргийн Засаг даргын хоёр орлогч, ИТХ-ын ихэнх төлөөлөгч, таван хорооны Засаг дарга, Эрүүл мэндийн нэгдлийн дарга, Ахмадын хорооны дарга, Улаан загалмайн хорооны дарга зэрэг албан тушаалтнууд гарын үсэг зурж дэмжсэн.

Үүнээс гадна өнгөрсөн 2014 онд нэхмэлийн шар байруудыг дахин төлөвлөлтөнд оруулахад Ж.Ганхуяг эрх мэдлээ ашиглан, Үнэлгээний хороог хуралдуулахгүй, элдэв шалтаг тоочсон байдаг. Мөн сонгон шалгаруулалтаас төслийн материалаа хоцроосон “Орчлон констракшн”-ыг илтэд дэмжсэн байдаг.

Товчхондоо бол, төрийн нэрээр түрий барин өөрийн эрх ашгийг эрхэмлэдэг “дарга” сэтэртэнгүүд хөрөнгө мөнгөтэй бизнесмэнүүдийн талд зогсч, чанаргүй барилгыг нь чадлынхаа хэрээр рекламдаж буй нэг жишээ байсан.

Эх сурвалжаас авсан мэдээлэл болон тодорхой баримтыг сөхөж үзвэл, Сангийн сайдын 2013 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 264 дүгээр тоот тушаалаар батлагдсан “Бүртгэл хөтлөх журам”-ын дагуу “Орчлон констракшн” ХХК нь “Гэрээний үүргээ биелүүлээгүй” гэсэн шалтгаанаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан байна. Өөрөөр хэлбэл, тус компани нь 2012 оны зургадугаар сарын 01-нээс эхлэн 2015 оны зургадугаар сарын 01-нийг хүртлэх хугацаанд Засгийн газраас зарласан сонгон шалгаруулалтад ямар нэгэн байдлаар оролцох эрхгүй аж.

Гэтэл пээрх хуулийн заалтыг зөрчин 2014 оны 10-р сард тендэрт орсон байдаг. Тухайн үед оршин суугчид Орчлон констракшныг нэлээд эсэргүүцэж, Ж.Ганхуягийн үйл ажиллагааг ч буруушааж байв. Гэтэл дарга хүний эрх мэдлээр, тэдний амыг тагласан юм. Харин дээрэлхүү дарга энэ удаа УИХ-ын сонгуульд санаархаж, бүр нэрээ дэвшүүлж байгаа аж. Түүнийг иргэд нь дэмжих болов уу.

 

Н.Чимэг