Ардчилсан засаг шийдээд байна уу, шоудаад байна уу
2016/06/08
Ингэж асуумаар, эрхгүй бухимдмаар зүйл олон гарах аж. Монголчууд бид ардчилал ялсан 25 жилийн хугацаанд 13-14 төрийн нүүр үзчихлээ. Уг нь дөрвөн жилийн мөчлөгөөр бол зургаан Засгийн газар л бүрдсэн байх учиртай.
Гэвч сонгуулийн дөрвөн жилд хамгийн багадаа л хоёр засаг солигддог бичигдээгүй хуулиар 2012-2016 онд Шинэчлэлийн, Шийдлийн гэсэн хоёр засгийн нүүр үзэв. Н.Алтанхуягийн удирдсан Шинэчлэлийн Засгийн газар шинэхэн дээрээ сонихон гэгчээр ажил хийх гэж хичээж байлаа. Бондын мөнгөөр зам тавьж, чамгүй олон үйлдвэрүүдийг бодитоор дэмжиж, монголын эдийн засгийг уул уурхайгаас хэт хамааралтай байдлаас гаргах гэж оролдоогүй биш оролдсоон. Алдсан нь ч бий, оносон нь ч их. Юутай ч “Гудамж” гэх том төслийг тэд амжилттай хэрэгжүүлж чадсанаар өдгөө нийслэлчүүд замын түгжрэл, машины эвдрэл гэмтэл гэх толгойн өвчнөөс багахан ч гэсэн салж чадсан билээ. Гэвч АН-ынхан сурсан зангаараа ганцхан Засгийн газартай дуусахгүй хүсээгүй, төрөөр тоглох ажлаа хоёр жилийн дараа эхлүүлсэн. Н.Алтанхуяг гэх хүний хувийн тоглолт Засгийн газарт нь өрнөсөн учраас дараагийн үзэгдэлд гол дур бүтээх гэсэн хэсэг бүлгийн явуулгаар суудлаас нь буулгаж авч билээ.
Харамсалтай нь түүний орыг залган эдийн засаг, эдийн засаг, бас дахин эдийн засаг хэмээн амлаж гарч ирсэн Сайхнаа сайдын Засгийн газар үнэндээ эдийн засгаа ч аварч чадсангүй, шийдсэн гэхээс илүү шоудсан ажлаар л хоёр жилийг ардаа хийв. Тэр тусмаа сонгууль угтсан шоу, хэдхэн сарын настай явуургуй, явцгүй шийдвэрийг тэд нэг сарын хугацаанд “бөөндөж” гаргах нь тэр. “Та нар зөвхөн тойрогтоо анхаар. Ард түмний саналыг яаж авах, ардчилсан Засгийн үед ямар том шийдвэр гардаг вэ гэдгийг сонгуулиар би харуулна” хэмээн АН-ын удирдлагууд ам алдсан гэх бор шувуу ч саарал ордонд дуулддаг. Тэгвэл АН-ын цохилт, ард түмний тархийг угаах сонгуулийн настай шийдвэрүүд нэгхэн сарын дотор ар араасаа уралдан гарсаар байна. Жил жилийн сонгуулийн бохир тактикийг тэд энэ удаад ч хэрэглэхээр шийджээ.
Үнэндээ хүмүүсийн тархи богино ой санамжтай байдаг гэдэг л энэ бололтой. Өмнөх хугацаанд яаж арчаагаа алдан улстөржиж, хор найруулж, албан тушаалын төлөө аргаа барсныг нь биш өнөөдөр ямар шийдвэр гаргаж, ард түмнээ “хайрлаж” байгааг л харж сонголтоо хийнэ гэсэн явуургүй улс төр монголын нийгэмд ноёлж, хууль зөрчсөн, ард түмнээ хэтэрхий басч доромжилсон шийдвэрийг тэд ичиж эмээхгүйгээр гаргаж, түүгээрээ шоудах нь бүр хэрээс хэтэрлээ.
“Сайн” тодотголтой сонгууль угтсан шийдвэрүүд юу вэ
Сайн малчин хөтөлбөрөөр эхэлсэн “сайн”-ы тодотголтой сонгуулийн шоу нийгмийн бүх салбарыг хамарлаа. Малчдын зээлийн хүүг шийдэх аргагүй, банк өөрсдөө хүүгээ шийддэг. Бидний оролцох ажил биш хэмээн зээлийн хүүг бууруулах асуудлаас АН-ынхан дөрвөн жил зугтсан байдаг. Гэтэл нэг л өдөр “Зээлийн хүү буурах боломжтой юм байна” хэмээж малчны зээлийн хүүг бууруулах шийдвэр гаргасан нь саяхан. Арилжааны банкуудыг ар араасаа хүүгээ бууруулах даалгавар өгч, малчдын магнайг хагалах шийдвэрийг манай нам гаргалаа хэмээн шоудав, тэд.
Тэгвэл энэ хөтөлбөр “Сайн оюутан” гэх дараагийн цувралаар үргэлжиллээ. Аав ээжийнхээ халаасыг тэмтэрч буй хэдэн оюутнуудаа АН нь харж үзлээ хэмээж сургалтын зээл олгох хөтөлбөрийг сүр дуулиантай эхлүүлэв. Мөн л иргэдийнхээ халаасны хэмжээгээр шоу хийсэн үйлдэл болсон нь худлаа биш. Энэ хөтөлбөр цаашаа хэр удаан үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Дараагийн Засгийн газар, нийслэлийн удирдлага хэн байх вэ гэдгийг мэдэхгүй атлаа сонгууль эхлэхээс 10 гаруйхан хоногийн өмнө хэрэгжиж эхлэх эдгээр богино настай хөтөлбөр хэр олон хүн хамрагдаж, хэдэн cap жил үргэлжилнэ гэж итгэж найдах вэ, АН-ынхаан.
Өвгөд хөгшдийг даапаалаагүй биз дээ
Ядарсан аав ээж, өвгөд хөгшдийг маань 21 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэрийг энэ сарын 1-нд Засгийн газраас гаргажээ. Тэтгэвэр цалин нэмэх асуудалд Засгийн газар тун ч харамч байсан. Жагсаал цуглаан хийх бүрт л мөнгөгүйгээ гайхаж байсан тэд гэнэтхэн л ядарсан иргэдийнхээ амьдралыг ойлгож, ахмадуудаа тойглосон нь энэ. Тавдугаар сарын 31-нд ээлжит бусаар хуралдаж гаргасан тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр мөн л сарын насгүй. Дараагийн бүрдэх Засгийн газарт тэтгэвэр нэмэх, хасах эрх нь нээлттэй байгаа учраас өвгөдийн саналыг 21 мянган төгрөгөөр “худалдаж” авах гэсэн сонгууль угтсан шоу төдий байжээ.
Энэ мэтээр дурьдаад байвал хууль зөрчсөн, хууль бус, сонгууль угтсан мөнгөний шийдвэрийг тэд ар араас нь үйлдвэрлэж буй жишээ олон байна. “Буянт-Ухаа-2” хорооллын оршин суугчид нь бүрэн шахуу орчихоод байхад гурван cap шийдээгүй автобус унаагаа ардчилсан Засгийн газар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх зургадугаар сарын 11-нд шийдэхээр болжээ. Нэгдүгээр ээлжийнхээ авто зогсоол, зам талбайн тохижилтыг ч бүрэн хийж амжаагүй, Хөгжлийн банкинд барьцаалагдсан иргэдийнхээ гэрчилгээг гаргах мөнгөгүй атлаа хоёрдугаар ээлжийг эхлүүллээ хэмээн пиар хийхээ тэд мартсангүй. Таван хувийн хүүтэй зээлийг банкууд үлгэн салган олгосон нэр зүүж буй нь худлаа биш. Зарим банк бүр өгөхгүй байгаа. Наадмын дараа намар гэдэг шиг сонгуулийн дараа тэд зээлээ хаах, эс бөгөөс хуучнаараа өгнө, эсвэл өгөхгүй гээд гэдийхэд АН-ын эрх барьж байсан дарга нар давхиж ирээд шийдэж өгөх нь юу л бол.
Хотынхоо хаанаас ч хамаагүй үнэгүй wifi-д орж гялтайх мэдээг мөн л өчигдөрхөн дуулгав. Японд 100, 100 мянгаар нь ажилчин гаргах “гэнэтийн бэлэг” барилаа. Эдгээрийн дотроос нийгэмд хамгийн их дуулиан дагуулсан нь НӨАТ- ын урамшуулал. Сая саяар нь азтан тодруулах сугалаа өгнө хэмээн шоудсан энэ хөтөлбөр сонгуулийн настай шуү гэж сануулсан танилын маань үг үнэн байж. Хэрүүл хийх нэгэнтэй нь хэрэлдэж олж авсан баримтаа хэдэн зуугаар нь бүртгүүллээ гээд эхний зургаан сарын байдлаар нэг ч удаа буцаалтын урамшуулал авсангүй, иргэд маань. Өнөөх 20, 30 саяар нь хожоод байгаа хүмүүс ч сураггүй хэвээр. 400 сая төгрөг хожсон гэх залуу бүсгүй нийгэмд байж суух аргагүй болж, өдгөө гэмт хэрэгтэн болчихоод явж байна. Хардаад хэлбэл, ах дүү амраг садныхаа нэг хүнийг азтан гэж яриулчихаад таг чиг болдог юм уу гэж бодмоор. Хэдэн зуугаар нь баримт бүртгүүлсэн нэг нь 20 мянган төгрөг ч хожихгүй байхад, хоёр гурван баримттай иргэн хоёр,гурван сая төгрөгийн азтан болчихсон давхиж яваа.
Энэ мэт шийдвэрүүд чухам хэдэн өдрийн настайг тааж мэдэх арга алга. Засгийн газар нь хэний нам байхаас шалтгаалах нь тодорхой. Магад маргааш АН-ынхан гарч ирээд манайхыг сонгохгүй бол энэ бүх шийдвэрээ зогсооно шүү гэж дарамталж эхэлвэл гайхах зүйлгүй юм. Их усыг хүчээр барьж болдоггүй шиг их мөнгө үнэртүүлсэн эдгээр шийдвэр хэр удаан хэрэгжих вэ. Хэн баталгааг нь өгөх вэ, АН-ынхаан. Та бүхэн арай ард түмнээ тэнэг гэж бодоогүй байлтай. Ардчилсан засаг арай л хэтэрхий шоудаад байгаа юм биш үү. Юманд хэмжээ дамжаа гэж байдагсан. Халаасаар нь хэмжиж санал авдаг хөгийн улс төр одоо хуучирсныг мэдээгүй яваа юм биш биз.
Монголын мэдээ
Б.Эрхэс
Зочин · 2016/06/08
olon yum yariad ch yahaw AN YASNAA MEDEJ BGA BIZ DEE TEE zvgeer ard tumnee taian orhi tehuu pls!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин · 2016/06/08
АН сөнөөсэй! АН-ы засгийн үед үзэхгүй муухай бүх зүйл гаарлаа дааа
зочин · 2016/06/08
АН амлсан амлалтаа биелүүлсээр яваа өнөөдөр монгол улсад хэдэн айл өрх орон сууцтай болсон, орон нутагруу чөлөөтэй зорчих боломж гэх зэрэг хийж биелүүлсээр байгаа, өнөөдөр монголын захын тэтгэвэрийн насныхан болон айл өрхөөс асуухад 21000 төгрөг хэр хэрэгтэйг шууд л хэлнэ. үүнийг чамлаж болохгүй шүү хийж байна чаджил байна
Зочин · 2016/06/08
Энэ бугдийн дараа юмны унэ тэнгэрт хадах байх тэгээд яах гэж ан намыг сонгосон юм бол гэж толгойгоо барина тэд мон хар машинаар торийн эрхийг булаах гэж оролдох байх 2012онд хотод ийм л юм болсон гэж ойлгодог