Сонгуулийн сурталчилгааны 17 хоног яасан амархан дуусав. Улс орноо хөгжүүлэх тухай нэр дэвшигчдийн олон ишт янз бүрийн үзэл бодол сонслоо.

Зарим талаар дөрвөн жил хоорондоо хэрэлдэж хурал тасалж, агсарч, агсамнаж би чи дээ тулсан хэрүүлээс илүү сонирхолтой санаа үе үе цухалзсан. Шал хэрэггүй солиотой юм ч зөндөө сонслоо.

Улс орноо авч явах чадалтай гэж өөрсдийгөө бурхнаас дээгүүр шүтсэн их хоёр нам сүүлийн өдрүүдэд бие бие рүүгээ "баас" шидэлцээд дуусна. Энэ сонгуулийн сурталчилгааны 17 хоногт юу бодогдов... Зөндөө юм. Эрх мэдэл булаацалддаг юм байна,эв түнжин хагарсан юм байна, баян ядуугийн зааг талийж өгсөн юм байна, мэдлэг боловсролын сав ширгэсээр, хүний мөс жудаг шавхраад асгарч байгаа. юм байна. Эрдэмтэн мэргэд нь таг чимээгүй болов. Ийм монголоо үзлээ. Хамгийн чухал юманд нэгдмэл бодлготой, нэгэн үзэл санаатай, хүнд бэрхийг хамжиж давдаг, атгасан гар мэт цул болох тэр эрхэм хүч нэгэнт сарнин одож улам хэврэгшин байгаа нь тов тодорхой харагдлаа. Ийм л монголын хөрөг зураг 17 хоногт зурагдлаа. Хамгийн том бүтээн байгуулалтыг ямарч улс орон нэгдэж бүтээдэг. Бидний хүчирхэг байж хөл дээрээ боссон түүх ямар билээ. Гэвч тэр 800 жилийн өмнө.

Зээл шүтэж, өрөө зузаалаад түмний сангийн хөрөнгө рүү сугаа хүртэл гараа дүрж дураар дургидаг, зун нь айргаа ууж, морио уралдуулж биесэээ магтаад, өвөл болбол утаандаа хахаж өвчиндөө дийлдээд их хурлын танхимдаа ирцгүй хуралдаж Чингис ээ магтаж чингэс ээ ууж дараагийн сонгуультай золгодог монгол эцэстээ хаачих бэ. Ямар их хагаралдаж туйлширсан монгол хоёр их гүрний дунд чирэгдэн чирэгдэн явна бэ. Цагаан идээ мэт ариун тунгалаг монгол "гашилжээ".

Гадны овтнууд гашилсан монголыг исгэж цагаанаас нь хэрүүлийн архи сөгнөж өөрсдөд нь цутгана., Согтохын цагт хамаг сайханыг нь хөл дороос нь хуу хаман уудалж, хэрүүлээр нь дахин цагаа нэрж дахиад л хагарлдуулан цутгасаар үргэлжийн хэрүүлийн согтуутай монголыг хүснэ. Бидэнд зовлон, тэдэнд ашиг, магадгүй зугаа. Хөөрхий монгол гашилжээ. Энэ хэрүүлийг хар даа. Цөөхүүл ч атгасан гар шиг хүчирхэг Монголын хөг өнгөрсөн бус уу...

 

Эх сурвалж: Zoljargal Gombo