Сан Марино улсад итгэмжлэх жуух бичгээ барив
2013/09/22
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сан Марино Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар тус улсын Төрийн Тэргүүн Эрхэмсэг хатагтай Антонелла Муларони болон Эрхэмсэг ноён Денис Амичи нарт энэ сарын 19-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ барилаа.
Энэ үеэр Элчин сайд Ш.Одонбаатар тус улсын Төрийн Тэргүүн нарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжлан, сүүлийн жилүүдэд идэвхижиж буй Монгол, Сан Мариногийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.
Сан Марино Улсын Төрийн Тэргүүн нар Монгол Улсаас Сан Марино Улсад суух анхны элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барьж байгааг онцлон тэмдэглээд Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдэв.
Элчин сайд Ш.Одонбаатар Итгэмжлэх жуух бичгээ барьсантай холбогдуулан Сан Марино Улсын Гадаад хэргийн болон улс төрийн асуудал хариуцсан сайд Паскүале Валентини, Аялал жуулчлалын асуудал хариуцсан сайд Тэодоро Лонфэрнини, Боловсрол, Соёлын асуудал хариуцсан сайд Жүзэппэ Морганти болон бусад албаны хүнтэй уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар тодорхой санал солилцов. Бүгд Найрамдах Сан Марино Улс нь 301 дүгээр оны 9 дүгээр сарын 3-нд Бүгд найрамдах улсаа тунхагласан бөгөөд Үндсэн хуулиа 1600 оны 10 дугаар сарын 8-нд баталсан Төрт ёсны эртний уламжлалтай улс юм.