Улсын Их Хурал, Аймаг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт маргааш болно.

Иймд иргэд сонгуульдаа идэвхитэй оролцож ирэх дөрвөн жил эх орныхоо унах, доройтох, хөгжлийг мандуулах, эдийн засгаа босгох зэрэг замналаар явах эсэхийг сонсогчдын мэргэн ухаан шийднэ.

Судалгаагаар 18-35 хүртэлх насны залуус сонгуульд хамгийн идэвхгүй оролцдог нь тогтоогдсон байна. Гэтэл энэ насныхан нийт сонгогчдын 50.4 хувийг эзэлдэг юм. Энэхүү судалгаанаас харахад ахмадуудын төлөөлөл гаргадаг болох нь анзаарагдаж байна. Тэгэхээр цөөнхийн төлөөллийг гаргаж ирэх үү, олонхийн төлөөллийг гаргах уу гэдэг нь зөвхөн сонсогч танаас шалтгаална.

Сонгууль 6 дугаар сарын 29-ний өдрийн ЛХАГВА гарагийн 7:00-22:00 цагт явагдах бөгөөд энэ өдөр бүх нийтээр амарна. Энэ өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.

ТА http://election.burtgel.gov.mn/ энэхүү линкээр нэвтэрч өөрийн аль тойрогт саналаа өгөх, бүртгэгдсэн эсэхээ шалгах боломжтой юм.

СОНГОГЧИЙН ЛАВЛАХ:

Санал авах байрныхаа хаяг болон сонгуультай холбоотой мэдээллийг “Сонгогчийн утас 1800-2800”-д холбогдон лавлана уу.
www.songolt2016.mn цахим хуудас, “СОНГОЛТ 2016” гар утасны аппликейшнээс өөрийн харъяалагдах тойрог, мөн тойрогт нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн жагсаалттай танилцах боломжтой.

СОНГОГЧ САНАЛ ӨГӨХ:

Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяалагдах хэсгийн санал авах байранд өөрийн биеэр очиж саналаа өгнө.
Сонгогч хурууны хээний мэдээллээ шалгуулан “Бүртгэлийн хуудас” авна. Бүртгэлийн хуудсаа санал авах байрны зохион байгуулагчид өгч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурж, саналын хуудас авна.
Санал бэлтгэх бүхээг болон саналын хуудсанд бичигдсэн санал тэмдэглэх зааврын дагуу саналаа тэмдэглэнэ.
Та саналаа тэмдэглэхдээ алдаагүй зөв тэмдэглэсэн эсэхээ нягталсны дараа саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид хийнэ.

Санал тоолох төхөөрөмжийн дэлгэцэнд “Таны санал амжилттай уншигдлаа” гэсэн мэдээлэл гарснаар Таны санал баталгаажна.

САНАЛЫН ХУУДАС:

Улсын Их Хурлын сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшигчийн нэрийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж / / саналаа тэмдэглэнэ.
Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тооны (нэг, эсвэл хэд хэдэн) нэр дэвшигчийн нэрийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж / / саналаа тэмдэглэнэ.