МАН-ын УЗ-өөс Су.Батболдыг хотын даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ

УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхгүй ялалт байгуулж 65 суудал авсан юм. Үлдсэн 11 суудлаас АН-ынхан 9, бие даагч С.Жавхлан, МАХН-аас О.Баасанхүү нар тус бүр нэг суудал авсан.

 

Шинээр УИХ-д сонгогдсон эрхмүүд түр үнэмлэхээ гардаж авсан бөгөөд тун удахгүй ирэх долоо хоногоос тангаргаа өргөнө.

 

Тэгвэл ялалт байгуулж засгийн эрхийг барихаар болсон МАН-ынхан өнөөдрөөс улс төрийн томоохон томилгооныхоо асуудлуудыг хэлэлцэж эхэллээ. Дөнгөж саяхан МАН-ын Удирдах Зөвлөл хуралдсан байна. УЗ-өөс хотын дарга буюу нийслэлийн хотын захирагчид хэнийг томилох асуудлыг хэлэлцэж УИХ-ын гишүүн асан Су.Батболдын нэрийг дэвшүүлэхээр тохирсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Одоо түүнийг НИТХ-ын анхны хуралдаанаар хотын даргаар томилох эсэх шийдвэрийг гаргана.

 

Улс төрийн хүрээнхэн хотын даргад Ц.Сандуй, М.Амарбаясгалан тэргүүтэй залуучуудын төлөөллийг нэр дэвших байх хэмээн ярилцаж байсан ч МАН-ынхан Су.Батболдыг нэр дэвшүүлэхээр тохирлоо. Хамгийн сонирхолтой нь МАН-ын залуучууд нь бүгд түүнийг нэр дэвшүүлэхийг зөвшөөрсөн гэнэ.

 

Су.Батболд нь дөрвөн удаа дараалан УИХ-д гишүүнээр сонгогдсон бөгөөд энэ хугацаанд тэрбээр Хууль зүй, Дотоод хэргийн Яамны Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргааар ажиллаж байсан, залуу, туршлагатай түшээдийн нэг юм. Тиймээс намын нөхөд нь түүнийг өнгөрсөн дөрвөн жил нийслэлд чамгүй амжилт гаргасан гэгдэж байсан Э.Бат-Үүлтэй эн зэрэгцэж, амжилтыг нь ахиулах чадвартай нэгэн хэмээн тодорхойлсон ажээ.

 

Тэрбээр, гишүүн байх үеэсээ л орон нутгийн бие даасан байдал, нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхжуулах талаар ярьж, ажиллаж ирсэн юм. Су.Батболд нь өнгөрсөн жилүүдэд 20 гаруй жилийн түүхтэй Нутгийн удирдлагын холбооны тэргүүнээр ажиллаж ирсэн билээ. Тийм ч учраас хотын бодлогыг өөрийн гэсэн бие даасан бодлогоор зангидан авч явах чадвартай нэгэн юм. Мөн Су.Батболд гишүүн 12 жил УИХ-д суухдаа хамгийн нуруутай улстөрч гэсэн хүндлэлийг ард түмнээсээ хүлээсэн юм.