НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад хамтын хүчин чармайлт” сэдэвт хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэлэв. Тэрбээр дэлхийн 170 гаруй орны төр, засгийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаар ойрын 15 жилд хэрэгжүүлэх 2030 тогтвортой хөгжлийн хөтөлбөр баталсанд туйлын талархалтай байгаагаа тэмдэглэв. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүхий л оролцогч талууд ихээхэн хүчин чармайлт гаргах ёстойг онцлов.

Энэ оны 12 дугаар сард болох Уур амьсгалын өөрчлөлтийн талуудын Парисын бага хурлын үр дүнгээс тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилт шууд хамааралтай гэдгийг цохон тэмдэглэв. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг улс орнууд амлалт авах шаардлагатай бөгөөд нөгөө талаас хөгжиж буй орнуудад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд дэлхийн хамтын нийгэмлэг анхаарах хэрэгтэй гэв. Тухайлбал, Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй, хүлэмжийн хийг бууруулах боломжтой орны хувьд гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг туслалцаа чухал юм гэдгийг тэмдэглэж, энэ талаар улс орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг уриалав.

Уг арга хэмжээнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы дарга Могенс Ликкетофт, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер, НҮБ-ийн Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч С.Оюун нар тус тус оролцов.