Ботго авахуулах зан үйлийг соёлын биет бус өвөөр бүртгэлээ
2016/02/05
Өнөөдөр Соёлын төв өргөөнд ботго авахуулах зан үйлийг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн тухай батламж хүлээн авах ёслол боллоо. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нээлтийн үг хэлж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт батламжийг хүлээлгэн өгсний дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нэр дэвшүүлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн багийнхан, “Ботго авахуулах зан үйл”-ийг уламжлан яваа, Өмнөговь аймгийн авьяастнуудад талархал илэрхийлж, албаны холбогдох хүмүүст батламжийн эх хувь болон хуулбарыг гардуулав. Энэхүү арга хэмжээний үеэр “Дэлхийд данстай монгол өв”, “Монгол торомны ноос” гэрэл зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолт толилуулсан байна.
Монгол Улсаас нэр дэвшүүлсэн ботго авахуулах зан үйлийг Намиби Улсын нийслэл Виндхук хотноо 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 4-ний өдрүүдэд чуулсан ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны ээлжит 10 дугаар хуралдаанаар авч хэлэлцээд, ботго авахуулах зан үйлийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлийн биет бус өвийн жагсаалтад оруулсан юм. Уг хуралдаанаар 8 улсын 8 өвийг авч хэлэлцээд 5-ыг нь бүртгэжээ.
Манай улс ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад монгол наадам, гэр, морин хуур, уртын дуу, шагайн харваа, бүргэдийн ан, Яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтад монгол тууль, уран бичлэг, бий биелгээ, хөөмэй, цуур, монгол лимбэчдийн битүү амьсгааны уламжлалт урлаг, ботго авахуулах зан үйл зэрэг нийт 13 өвийг бүртгүүлээд байна.