Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2016 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийв. Энэхүү айлчлал Мьянмар Улсад өнгөрсөн 2015 оны 11 дүгээр сард болсон парламентын сонгуулийн үр дүнд шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдсны дараа Монгол Улсын төрийн тэргүүний тус улсад хийсэн анхны айлчлал байсан бөгөөд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулагдснаараа онцлог байв.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МХБНУ-ын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийж, Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чий-тэй уулзаж, Эрдэс баялаг, байгаль орчин хамгааллын сайд Он Вин, Төв банкны захирагч Чяу Чяу Маунг нарыг тус тус хүлээн авч уулзав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МХБНУ-ын Ерөнхийлөгч Тин Чяу нар Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон МХБНУ-ын Шашны хэрэг, соёлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахад байлцав.

Мөн айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг харилцан судлах, бизнес эрхлэгчдийг холбох, монголын компаниудад шинэ зах зээлийг нээхэд чиглэгдсэн “Монгол, Мьянмарын Бизнесийн уулзалтыг нээж, ГХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны сан, Мьянмарын Эрдэс баялаг, байгаль орчин хамгааллын яам, Норвегийн Осло төвтэй хамтран зохион байгуулсан “Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент-2”олон улсын семинарт үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмарын төрийн албан хаагч, оюутнуудтай уулзаж Монгол Улсын ардчилсан тогтолцоонд шилжснээр гарсан ололт амжилт, сорилт бэрхшээл, туршлагаасаа хуваалцаж, тэдний сонирхсон асуултуудад хариулав. Мөн Мьянмарын үндэсний телевизэд ярилцлага өгч, ардчилал, нийгэм, эдийн засаг, хэвлэлийн эрх чөлөө, хоёр орны харилцааны талаар ярив.

Айлчлалаар Монгол, Мьянмарын найрамдалт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, улс төрийн итгэлцлэл, төрийн байгууллага болон бизнес эрхлэгчдийн хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, уул уурхай болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын болон олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.