Б.ЭНХЗАЯА

Ердөө гурав, тав, найм­хан настай гурван жаал нэг хоромд амиа алдлаа. Тэд ах, дүү гурав. Худагт унасан гэх ерөнхий мэдээлэлтэй. Төсөөлөөд үзвэл, худгаас ус авахаар гүйлдсэн байх. Наймтай нь бас ч гэж учраа мэ­дэх юм гэхэд, нөгөө хоёр нь хамхуул л гэсэн үг. Хэн хаашаа явна, тийшээ гүйлдээд л. Гэрээсээ га­раад худагт очих тэр хором­хон хугацаа тэдний хувьд ямар байсан бол. Хүүхэд л юм хойно инээд нь цангинаж хоорондоо өрсөж уралдаад, эсвэл сав тэргээ уралдаж түрэлцсэн нь лавтай. Тэд хэдхэн алхмын цаана үхлийн аюул байгааг мэдэх ч үгүй балчир.

Гэтэл худаг руу гур­вуулаа унаад нас барчихаж. Энэ аймшигт мэдээгээр бол нэг нь түрүүлж унаад, нөгөө хэд нь учраа мэ­дэхгүй аврагч болоод араас нь орчихсон юм болов уу гэж таамаглах. Зүрх зүс­мээр явдал.

Ийм нэгэн хэрэг Өвөрхангай аймгийн Тарагт суманд өн­гөрсөн сарын 30-нд гар­чээ. Энэ тухай сонссоноос хойш долоо хоногийн турш бодлоос гарч өгөхгүй шаналж байна. Нялх амьтад яаж амь тавиа бол, багахан зовсон байгаасай л гэж залбирах. Хөндлөнгийн надад ийм байхад эцэг, эхэд нь ямар хүнд байгаа нь ойл­­гомжтой. Энэ хэргийн цаана нэг зүйлийг сануулах гэ­­сэндээ бээлийн чинээ энэ гурван хүүхдийн ясыг өндөлзүүлчихлээ. Хүл­цэл өчье.

Хүүхдүүд амь насаа алдах үед тэдний асран хамгаалагчид, эцэг эхчүүд нь хаана, юу хийж байв аа гэх ганцхан асуулт хариуцлага нэхдэг. Энэ удаад ч мөн адил. Хэдэн метрийн гүн худаг руу хэл, хөлд гүйцэж орж амжаагүй, аюул ослыг ойлгож мэдэхгүй хүүхдүүдийг яаж явуулж чадав аа. Усны ослоор он гарснаас хойш 13 хүүх­эд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тухай Онцгой байдлын газраас саяхан мэдээлсэн. Тэд мөн л эцэг, эхийн хараа хяналт сул байх үед амь эрсэдсэн байдаг. Яг л ийм маягаар сүүлийн үед бага насны хүүхдүүд осол гэмтэлд өртөх тохиолдол нэмэгдсээр байна. Томчууд бид хүүхдүүддээ тавих анхаарал, хяналтаа сул­руулс­наар ийнхүү хүүх­дийн амь эрсдэж байна.

Сар хүрэхгүйн өмнө Налайх дүүрэгт портер машины цонхоор гурван настай охин унаж амиа алдсан юм. Аав нь охиноо машиндаа үлдээгээд явах хойгуур ийм харамсалтай хэрэг гарсан. Орон сууцны олон давхрын таг­тан дээрээс хүүхэд унаж нас барсан мэдээлэл цахим сайтаар л нэг байна. Хэдхэн хоногийн өмнө Багануур дүүрэгт орон сууцны цонхны тавцанд дээр хоёр настай хүүхэд байна гэсэн мэдээлэл ца­хим орчинд түгсэн. Азаар ав­рагчид цаг алдалгүй очиж хүүх­дийг аварсан. Энэ мөн л томчуудын ан­хаа­рал сул байгааг ха­руулна.

Үүнээс гадна Эрүүл мэнд, спортын яамны судалгаагаар хүүхдийн эн­дэгд­лийн талаарх хэдхэн тоо анхаарал татав. Өнгөр­сөн онд улсын хэмжээнд тав хүртэлх насны 1476 хүү­хэд энджээ. Гол шалт­гааныг нь судалж үзвэл 86.4 хувь нь өвчний улмаас, 13.1 хувь нь осол гэмтлийн улмаас нас барсан байна. Өвчлөл, осол гэмтэл хоёрын үндсэн шалтгаан нь өнөө л эцэг, эхчүүдийн асаргаатай холбоотой.

Хүний эрхийн үн­­дэсний комисс хүүхдийг өөрийн эрхээ бие даан хамгаалах чад­варгүй, онцгой халамж, хамгаалалт түүний дотор эрхзүйн зохих хамгаалалт шаарддаг субьект хэмээн тодор­хойлсон байдаг. Тэг­­вэл бид хүүхдийн эрхийг хамгаалах битгий хэл тэднийг тарчлаан зо­воо­дог нэг хэлбэр бий болж, статистик үзүүлэлт нь ог­цом нэмэгдэх болов. Энэ бол хүүхдийн түлэгдэлт. Буцалж байсан хоол, цай руу уначихлаа, татаад өөр дээрээ асгачихлаа гэж халагласан эцэг, эхчүүд гэмтлийн эмнэлгийн тү­лэнхийн тасгаар дүүрэн байна. Угтаа мөн л тэдний хариуцлагагүй байд­лаас үүдсэн асуудал. Байнгын зовиуртай, маш удаан хугацааны эмчилгээ шаарддаг энэ төрлийн гэмтлийг бага насны хүүхдүүд давж ча­дах­гүйгээс мөн хорвоог орхисоор байна. Өнгөрсөн долоо хоногт хүүхдийн эсрэг маш олон төрлийн хэрэг гарсны нэг нь энэ юм. Баян-Өлгий аймгийн харьяат хоёр настай охин зургадугаар сарын 22-нд ха­луун усанд түлэгдэж ГССҮТ-д эмчлүүлж байгаад өнгөрсөн бямба гаригт нас барав. Амралтын өдрүүдэд ч ням гаригт ч яг ийм шалтгаанаар хоёр настай хүү хорвоог орхижээ.

Аав, ээжүүдийн анхаарлын гадна амь нас, эрүүл мэндээрээ хохирдог бас нэгэн шалтгаан бол зам тээврийн осол. Энэ тухай жилийн жилд бүхий л газраас анхааруулж сэрэмжлүүлдэг ч осолд өртсөн хүүхдийн тоо буурахгүй байна. Замын цагдаагийн газраас авсан мэдээллээр эхний зургаан сарын байдлаар 505 хүүхэд ослын хохирогч болжээ. Явганаар замын хөдөлгөөнд оролцож явсан хүүхдүүдийн 40 хувь нь харгалзах хүнгүй ганцаараа явж байсныг албаныхан хэлж байна. Түүнээс гадна авто­машин дотор байхдаа ч осолд өртөж амь насаа алдах тохиолдол олон. Сур­гууль, цэцэрлэгийн амралт эхэлсэн энэ үед унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож яваад осолд өртсөн хүүхдийн тоо өнгөрсөн сарынхаас дөрөв дахин өсчээ.

Томчууд бид хүүхдээ асран хамгаалах үүргийг Үндсэн хууль, Гэр бүлийн хууль, олон улсын гэрээ конвенцуудаар хүлээсэн билээ. Харамсалтай нь бид асран хамгаалах гэдгийг өн­гөц утгаар нь ойлгож, хоол унд, хувцсаар ду­таах­гүй, элэг бүтэн байл­­­­га­вал болно гэсэн аясаар ажил, амьдралдаа түүрт­сээр явна. Гэтэл хүүх­дүүдийн “манаач” нь тэт­гэврийн хөгшчүүд, хэдэн насаар илүү ах, эгч нар нь. Өвөө, эмээ нар заримдаа хүүхдийн явдлыг гүйцэхгүйгээр аюул осолд өртүүлсэн нь ч бий. Гэрт тань үлдсэн бяцхан үрс тань аюулгүй байгаа эсэх, эс­вэл дэргэдээ байгаа хүүхдэдээ аюулгүй орчныг бүрдүүлсэн эсэхэд та яг одоо анхаарал тавиач. Та эцэг, эх байх үүргээ биелүүлээд үр хүүхдийнхээ ирээдүйг сайхнаар төсөөлдөг бол асран хамгаалах үүргээ л сайн биелүүлчих ээж, аавууд минь. Тэгвэл хайрлаж энхрийлж төрүүлж өсгөсөн үрсийнхээ амийг аврах болно.