УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын сонгуулийн штабынхан УИХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгааны явцад 9-р тойрог буюу Баянхонгор амйгийн айл өрхөөр явж, "Женко Баттулга гэж хэн бэ?" нэртэй нэвтрүүлэг үзүүлсэн билээ. Мөн уг нэвтрүүлгээ Л.Элдэв-Очирын "М-Си-Эс" группийн харьяа "Юнивишн"-ы бүх хэрэглэгчдэд хүртэл үзүүлсэн юм.

 

Тэгвэл Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын сонгуулийн штабын ажилтан нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн болохыг тогтоожээ. Тодруулбал Баянхонгор аймгийн Галуут сумын МАН-ын жолооч, ухуулагчаар ажилладаг Б.Мөнхдалай, С.Өнөржаргал хоёр уг хэргийг гүйцэтгэсэн байна. Энэ тухай Б.Мөнхдалай: “ Бид нар айлуудаар орж сурталчилгаа хийхдээ CD бичлэг үзүүлээрэй гэж МАН-ын штабаас өгсөн. ...Түүнийг нь айлаар орж үзүүлсэн. CD нь Х.Баттулгын тухай кино маягийн юм байсан” хэмээн шүүхэд гаргасан тайлбартаа дурьджээ.

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13 дахь хэсэгт заасан сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараасан болох нь нотлогдсон” гэж үзээд МАН-ын дээрх ухуулагчийг 1.3 сая төгрөгөөр торгосон байна.

 

Э.Мягмардорж

sonin.mn