Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол улсад айлчилж байна
2016/07/14
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцох юм. Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-г Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид угтан авлаа.
Энэхүү айлчлал нь Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийх гурав дахь удаагийн айлчлал бөгөөд 1990 оноос хойшхи Японы Ерөнхий сайдын 6 дахь удаагийн айлчлал болж байгаа юм.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Шинзо Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нартай уулзана.
Энэхүү айлчлал нь Монгол, Японы уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх дээд хэмжээний яриа хэлэлцээрийн давтамжийг хадгалахад ач холбогдолтой юм.
Айлчлалын үеэр талууд хоёр орны эдийн засаг, мөн бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон Стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно.