Монгол улс, Словени улсын Ерөнхий сайд нар уулзлаа
2016/07/15
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож буй Словени Улсын Ерөнхий сайд ноён Миро Церарыг хүлээн авч уулзлаа.
Монгол, Словени Улс дипломат харилцаа тогтоосноос хойш 23 жилийн дараа манай улсад зочилж буй анхны Ерөнхий сайд болж байгаа ноён Миро Церар-т Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баяр хүргээд хоёр орны цаашдын харилцаа хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Словени Улсын Ерөнхий сайд ноён Миро Церар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг өөрийн оронд зочлохыг уриад аялал жуулчлал, боловсрол, эдийн засгийн салбарт туршлагаасаа хуваалцаж, хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв. Цаашид хоёр орны Засгийн газар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.