Ази-Европын уулзалт буюу ASEM нь Ази тивийн 21, Европын 30, хоёр олон улсын байгууллагыг нэтгэсэн Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны албан бус үйл явц билээ. Монгол улсад өрнөж байгаа АСЕМ-ын чуулга уулзалтад Болгар, Кипр, Латви, Мьянмар, Өмнөд Солонгос, Хорват, Чех, Швейцарь Улсын Төрийн тэргүүн, Индонези, Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч нар хүрэлцэн ирээд байна. Түүнчлэн Япон, Хятад, Финланд, Бельги, ОХУ, Нидерланд зэрэг 23 орон Засгийн газрын тэргүүн, Австрали, Франц, Швед зэрэг 16 орны Гадаад хэргийн сайд нар морилон саатаж байна. Мөн Европын холбоог төлөөлөн Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск, АСЕАН-ыг төлөөлж АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Лэ Лоунг Минь тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Өчигдөр Ази-Европын уулзалтад оролцогчдод зориулан Чингисийн хүрээнд Нүүдэлчдийн наадам болсон. Наадмыг нээж Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн. Тэрбээр. "Монгол наадам бол Монголын ард түмний дээд хүндэтгэлийн илэрхийлэл юм. Монголчууд аугаа түүхээрээ бахархдаг. Олон зууны турш бүтээж хадгалж ирсэн арвин соёл уламжлалаараа бахархдаг. Монголчуудын ялалт амжилт, хөгжил, дэвшлийн нууц ч Монгол наадамтай холбоотой. Монголчуудын ёслол, бахархал, цэнгэлийн дээжээс Та бүхэнд толилуулж байна.

Монгол бол найрсаг нээлттэй улс. Ази Европ тивийг уулзуулж оршдог орон. Манай улсыг зорьж ирсэн, байнга Монголыг дэмжин хамтран ажиллаж байдаг орон бүрийн төр засгийн тэргүүн, эрхэм дээд зочид, сайд, албаны хүмүүс нийт хатагтай ноёдод Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархалаа илэрхийлье.

Бүтэн жил хүн бүр хүлээдэг манай Үндэсний их баяр наадмын өдрүүд үргэлжилж байна. Монгол наадмын их ёслол хүндэтгэл, давтагдашгүй сайхныг бид Та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна. Эрхэм хүндэт зочид гийчид Та бүхэн ч энэ бүхнийг нэг дороос харж сэтгэлийн таашаал авах азтай хүмүүс юм.

Монголчууд үндэсний баяр наадмаараа их сүлд тугаа залж, хүчит бөхөө барилдуулж, хүлэг морьдоо уралдуулж, цэц мэргээ сорьж, соёл түүхээ тольдож, үгийн сайхныг хэлэлцдэг уламжлалтай. Ази Европ тивийн дээд хэмжээний ээлжит уулзалт ч, ASEM-ын түүхэн ой ч бидний энэхүү бахархалт уламжлалтай яв цав зохицож байна.

Ингээд ASEM-ын 20 жилийн тэгш ой, Ази Европын дээд хэмжээний уулзалт, төр засгийн тэргүүн нар, эрхэм зочдод зориулсан Монгол үндэсний наадам нээснийг мэдэгдье. Ази Европ тив, улмаар даян дэлхий амгалан, найрсаг оршиг ээ." гэж наадмыг нээж үг хэлсэн.

 

Уг наадмаас Монголын мэдээ сувгийн сэтгүүлч Б.Пүрэв сурвалжлага бэлтгэснийг хүргэж байна.