Баяр наадмын амралт гээд олон хоног амарсантай холбогдуулж иргэд хөдөө орон нутгийг зорьсон. Мөн Нийслэл хотноо үлдсэн хүмүүс нь халуунаас зугтаж голын эрэг бараадаж амарсан. Ийнхүү амарч зугаалахдаа санамсар болгоомжгүйн улмаас усанд эндсэн тохиолдол их гарлаа.

Гацууртын гол дагуу иргэд майхан барьж тухалсан байв. Ах, дүү хамаатан садангаараа нийлэн агаарт гарч хорхог хийж идэнгээ салхилж буй нь энэ юм. Наадмын амралт олон хоног болсон болохоор ой мод, гол дагасан амрагчидтай их тааралдав. Зуны цагт салхилах нь зөв. Ганц олдож байгаа амралтаараа гэр бүлээрээ зугаалах нь ч зүйн хэрэг. Гэхдээ хамгийн харамсалтай нь үр хүүхдээ алдаж байгаа нь гашуудмаар...

Гацууртын голын эрэг дээр очоод 30 минут ч болоогүй байхад онцгой байдлын аврах анги дуут дохиогоо хангинуулсаар давхиж ирлээ. Удалгүй амрагчдыг майхан барьж хонохгүй байхыг сануулж, бага насны хүүхдээ голын усанд оруулахгүй, тоглуулахгүй байхыг хэлж, санамж хуудас тараалаа. Голд тоглолж байсан хүүхэд живсэн тул тэд эрэн хайх үйл ажиллагаа эхлүүлсэн ч тусыг эс олсон.

Насанд хүрсэн томчууд нь согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэн хүүхдээ хараа хяналтгүй орхих, мөн өөрсдөө голын хүйтэн усанд орж амиа алдсан хэргүүд нэлээдгүй гарав.

Тухайлбал, энэ сарын 16-нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Харгиа амралтын газрын дэргэд Туул голд хүн живж байна гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид, нэг моторт завьтай бүлэг шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж, усанд живж байсан иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Мөн Нийслэлийн Аврах ангийнхан тус дүүргийн 85-р сургуулийн дэргэд Туул голд хүн живж байна гэсэн дуудлагыг 19.05 цагт хүлээн авч нэг моторт завьтай бүлэг 19:06 цагт тус газар очиход иргэн Л.Х усанд живж байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ар гэрийн хүмүүст нь хүлээлгэн өгчээ.

Түүнчлэн

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3-р багийн харьяат 39 настай эрэгтэй А Аварга нууранд...

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат хоёр настай Б хүү Хараа голд...

Ховд аймгийн Булган сумын оршин суугч 19 настай эрэгтэй Б Булган голд тус тус энджээ.

Улаанбаатар хотын харъяат 28 настай У Төв аймгийн Лүн сумын нутаг дахь Их гүүрний амаар урсах Туул голын усанд эндсэн ч цогцос нь олдоогүй юм.

Энэ сарын 13-нд “Туул голд хоёр хүүхэд унасан” . Тэд Орхон аймгийн Баян-Өндөр суманд суух 13 настай охин Н, 10 настай хүү Х нар байжээ. Гачууртын Цэцэгийн хүлэмжний орчимд живж нас барсан байна.

Говь-Алтай аймгийн Бигэр суманд бага насны хоёр хүүхэд гүнзгий ус руу үсэрч мөн амиа алдсан хэрэг гарчээ.

 

Ганцхан хоногийн дотор 12 хүн усанд эндэж амиа алдаж байгаа нь цөөхөн Монголчууд улам л цөөрч буйг илтгэнэ. Бидний ирээдүй хүүхдүүдээ алдсанд гашуудмаар байна. Бид чинь цөөхүүлээ.

Наадмын өмнөх өдрүүдэд бороо их орсон үүний улмаас гол үерлэсэн гэдгийг холбогдох газруудаас сэрэмжлүүлж, мөн ч их анхааруулсан. Энэ сарын 18- 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 21-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. Ойрын өдрүүдэд бороо, хур ихтэй байх тул иргэдийг хөдөө аялал зугаалганд явахдаа голын усанд орохгүй байхыг анхааруулж байна.