Сүүлийн үед цэнхэр дэлгэцээс салахгүй шахам эмч нарын нийгмийн асуудал, ард түмний эрүүл мэндийн сэдвээр ярих болсон Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонтой холбоотой бусдын тусгай зөвшөөрлийг хувьдаа ашигласан гэх асуудал сүүлийн үед сөхөгдөх болжээ.

 

Түүний тухай АТГ, ЭМЯ-нд удаа дараа хандан гомдол мэдүүлж яваа “Бадамгарав” эмнэлгийн эмч Х.Оюундэлгэр “Манай гэр бүл, ах дүүсээрээ хамтран уламжлалт анагаах ухааны чиглэлээр хувийн эмнэлэг ажиллуулдаг. Дээр нь эмийн гадаад худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч Беларус, Польш улсаас эм оруулж ирдэг импортын эрхтэй байсан юм.

 

2010 онд эмнэлэг, эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлөө сунгуулахаар ЭМЯ-нд хандахад нь дэд сайд Ж.Цолмон “Наадахаа Эрүүл мэндийн газрын хурлаар ороод авчих. Хурал болох үед нь би утасдаад хэлээд өгчихье.Манай туслах Энхцэцэгтэй холбогдоорой” гээд бичиг баримтыг маань өөртөө ашиглахаар авчихсан.

 

Гааль болон холбогдох газруудаас тодруулахад тусгай зөвшөөрлийг ашиглан эм оруулж ирсэн байсан. АТГ-т өргөдөл өгөхөд Ж.Цолмон гадагшаа гараад явчихжээ гэсэн. Эрүүл мэндийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт удаа дараа хандахад хариу өгөөгүй.

 

Яам дотроо бол бүгд мэдэж байгаа юм билээ. Бид өнгөрсөн таван жилийн хугацаанд ажил амьдралынхаа хувьд хохирч байна. Гэтэл саяхнаас Ж.Цолмон гадаадад байж байгаад ирсэн гээд жигтэйхэн гоёчихсон телевизээр гарч “Манай эмч нарын амьдрал хүнд байна. Тиймээс амьдралыг нь дээшлүүлнэ” гээд ярьж байна.

 

МАН үнэхээр мэргэжлийн Засгийн газар байгуулж, мэргэжлийн сайд нар томилж, эмч нарын нийгмийн асуудлыг дээшлүүлэх гэж байгаа бол манай эмнэлгийн тусгай зөвшөөрлийг буцааж өгөөч. Бид гэр бүл, ах дүүсээрээ амьдрах аргагүй тун хүнд байна” хэмээн өргөдөл, гомдол мэдүүлж яваа ажээ.

 

Дэд сайд асан Ж.Цолмон бусдын тусгай зөвшөөрлийг ашигласан уу гэдгийг хууль хяналтынхан шалгаж буруутай эсэхийг нь тогтоох биз ээ. Мэргэжлийн Засгийн газар байгуулахаа зарлаад буй МАН-ын удирдлагууд ёс зүйтэй сайд нар томилох ёстой гэсэн нийгмийн дохио ийнхүү эхнээсээ хангинаж эхэлжээ.,

 

Л.ХЭРЛЭН

Эх сурвалж: