Өнгөрөгч буй долоо хоногт манай улсад олон үйл явдал өрнөлөө.

Тухайлбал, Улс төрд АН яагаад сонгуульд ялагдсанаа хэлэлцэхэд намын даргаа буруутгаж, бүүр намаасаа хөөх хүртэл санал хураах нь тэр.

 

УИХ-ын 2016 оны сонгуулийн дүн гарч, эрх баригч асан Ардчилсан Нам есөн суудалтай үлдсэн билээ. Үүнтэй холбогдуулан АН-ын дарга З.Энхболд албан тушаалаасаа огцорч, УИХ-ын гишүүн, Аж Үйлдвэрийн Сайд Д.Эрдэнэбатыг АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Сонгуулийн Хуулийг байж болох хамгийн муу хувилбараар өөрчилж, нийт сонгогчдын 40 гаруй хувийн санал авсан АН-ыг УИХ-д 9-хэн суудалтай үлдээсэн З.Энхболдыг зөвхөн намын даргаас огцруулах нь хангалтгүй гэж үзэх АН-ын гишүүд ч цөөнгүй байгаа талаар шуугиж эхлэв. Тодруулбал, Орхон аймгийн АН-ын хэсэг гишүүд З.Энхболдыг АН-аас нэг мөсөн хөөх хэрэгтэй гэсэн саналтай байгаа бөгөөд үүнийгээ намынхаа Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурал дээр илэрхийлээд авлаа.

Сайд нар томилогдлоо

 

 

УИХ өчигдөр шөнөжин хуралдаж сайд нарыг баталлаа. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нэр бүхий 11 гишүүнийг сайдаар томилуулах хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлж, батлав.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шадар сайдаар У.Хүрэлсүх

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ж.Батсуурь

Зам тээвэр, хөгжлийн сайдаар Д.Ганбат

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт

Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн

Гадаад харилцааны сайдаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

 

Ийнхүү сайд нарын томилгоотой зууралдаж байх хойгуур эдийн засаг улам хүндрэх байдалд хүрэв. Ноён ногоон чангарлаа.

 

Шинэ парламент байгуулагдаад удаагүй баяр наадам тохиосон. Өдгөө ажлаа эхлүүлэхгүй бол цаана чинь улсын эдийн засаг хүндэрлээ.

Ноён ногооны ханш өдөрт бага багаар нэмэгдсээр 2000 хол давлаа. Өнгөрөгч сард 1940 хүртэл буурсан ч 5-10 төгрөгөөр нэмэгдсээр энэ сарын эхний долоо хоногийн сүүлчээс 2000 төгрөгт хүрсэн. Өнөөдрийн байдлаар монголбанкнаас зарласан ханш нэг ам. доллар 2023 төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкууд 2030-2038-аар зарж, 2014-2025 төгрөгөөр авч байгаа юм.

Уг нь долларын ханш чангарч байгааг эдийн засагчид дотогшлох долларын урсгал татарсантай холбон тайлбарлаж байна. Үүний улмаас удийн засагт хүндрэл үүсэх байдалд хүрчээ. Тухайлбал, гадны хөрөнгө оруулалт бага ч атугай нэмэгдсэн бол өдийд ноён ногоон суларч, төгрөг чангарах байж. Гэтэл экспортын орлого муудсан нь Дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ унасантай холбоотой. Нэг тонн зэсийн үнэ дэлхийн зах зээлд 4918 ам.доллартай тэнцэж байна.

2012 онд эдийн засаг элгээрээ мөлхсөн тэрхүү үйл явдлын буруутангаар тухайн үед засаг барьж байсан нөхдүүд өмнө засгаа буруутган өөрсдөө аврах гэж ихээхэн үзсэн хэмээсэн ч тусыг эс олсон. Харин одоо өмнөхөө муулалгүй, ирээдүйгээ харж ажиллах хэрэгтэйг дээрх байдал харуулж байна. Зургадугаар сарын байдлаар улсын төсвийн алдагдал 800 гаруй тэрбумд хүрсэн бөгөөд оны эцсээр нэг их наяд гаруйн алдагдал амсах аюулд хүрэв.

Эдийн засаг хүндхэн байгаагийн улмаас нийгэмд ажилгүйдэл өслөө. Туршлага нэрээр залуус аа! Архин далайд живүүлсээр байх уу

 

Өнгөрөгч онд Эдийн засгийн байдлаас үүдэн ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн. Тэгвэл энэ тоо жил ирэх тусам өсч байгаа нь харамсалтай. Нийгэм, эдийн засгийн байдал муу байгаа дээр нь иргэд нь ажилгүй суух нь хэр зөв шийдэл вэ?

Ажилгүйчүүдийн дийлэнхи нь залуус байгаа юм. Зарын сонингийн хуудсаар дүүрэн "ажилд авна" гэсэн гарчигтай түм буман ажлын байрны зар түгнэ. Гэвч яагаад залуус ажилгүй яваад байна вэ? Энэхүү асуултад олон хариулт гарч ирнэ. Тухайлбал, дунд сургуулиа төгсөөөд их сургуульд орсон нэгэн М.О гэгч бүсгүй нөхөртэй болж, хүүхэд гаргажээ. Ингээд дөнгөж сургуулиа төгссөн тэрбээр бяцхан хүүхдээ харах гэж гэртээ хэсэг хугацаанд суув. Харин цэцэрлэгт орох нас буюу хүүхдээ хоёр настай хүрэхээр нь "ажил хайж эхэллээ". Гэтэл ажлын зарын дагуу өдөр алгасалгүй анкет бөглөж гүйгээд тусыг эс олно. Учир нь түүнийг сургуулиа төгсөөд гэртээ хүүхдээ харж суусан , ажлын туршлагагүй хэмээн хүний нөөцийн мэргэжилтнүүд дүгнэж, авдаггүй. Нөгөө хэсэг нь ажилд авах шаардлагын хангасан ч туршилтын хугацаа нэрээр хүний оронд ажиллуулж байгаад "таныг ажилд авах боломжгүй нь ээ" гэх хариу өгдөг нь нууц биш. Амьдрал дээр энэ байдлаас үүдэн олон залуус ажилгүй суугаа. Тэдний ажиллах эрч хүч, урмыг "ажлын туршлага" хамгийн ихээр мохоодог. Сургуулиа төгссөн залуучуудад юуных нь ажлын туршлага байх билээ. Энэ асуудал хэнд ч ойлгомжтой ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй.

Xөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд энэ оны зургадугаар сарын эцэст 45.4 мянга хүрчээ. Үүний тал хувь нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 32.8 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 21 хүн буюу 0.1 хувиар өсөв.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 48.0 хувийг бүрэн дунд, 27.5 хувийг дипломын дээд болон бакалаврын, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.4 хувийг суурь, 6.0 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.7 хувийг бага, 1.4 хувийг магистр, доктор, 1.1 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Харин улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60.6 хувь нь 15-34 насны залуучууд эзэлж байгаа юм.

15-34 насыг ид хийж бүтээх насны залуучууд гэдэг. Гэвч харамсалтай нь манай улсад энэ насны залуусаа ажлын байраар хангаж чадахгүй, хангах шаардлагыг нь давахгүй байгаа нь халагламаар.. Энэ насны залуус биеийн хүчний ажил хийхдээ тийм ч таатай хандаггүй аж.

Шинэ парламентад олонхийн суудлыг авсан МАН мөрийн хөтөлбөртөө "Ажилтай ээж", "Эдийн засгаа хямралаас гаргана" нэгээхэн хэсэгтээ ийн тусгасан. Тэгвэл эдийн засгаа хямралаас гаргах бодлогоо хэрэгжүүлвэл, ажилгүйдэл үгүй болно. Учир нь аливаа улс орны хөгжил цэцэглэлээс гадна эдийн засаг, санхүүгийн төлөв ямаршуу байгааг хамгийн тод харуулдаг зүйл нь ажилгүйдэл гэдэг. Ажилгүйдэл их байгаа газар иргэд нь ядуу, нийгмийн бухимдал өндөр байдаг. Түүнчлэн "цалинтай ээж" ажлын туршлагагүй гэж гологдохгүй байх магадлал тун өндөр.

Ажилгүй иргэд бухимдахдаа архидаж, тэнүүчилж эхэлдэг гэх судалгаа бий. Тэгэхээр ид хийж бүтээх насныхан сүүлийн жилүүдэд их архидах болж гэх шүүмжлэлд өртөөд байгаа нь үүнтэй холбоотой. "Туршлага" нэрээр залуусаа архинд далай руу түлхэхгүй, ажилгүйчүүдийн эгнээг тэлүүлэхгүй байхыг хаа хаанаа анхаарах цаг хэдийнээ ирсэн.

ТТХГ-ын дарга Б.Батсайханы мөнгө идсэн баримт нь байхад АТГ хэргийг яагаад шийдэхгүй байна вэ?

Манай сайт 2016.03.07-ны өдөр ТТХГ-ын дарга Б.Батсайханы мөнгө идсэн баримт нийтлэлийг баримтын хамт дэлгэн тавьсан. Тухайн үед ТТХГ-ын дарга, Хурандаа Б.Батсайханд эрүүгийн хэрэг үүсгээд байсан бөгөөд хэргийг одоо хүртэл шалгаж дуусаагүй байна. Тодруулбал, Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга Их тэнгэрийн аманд хаяа нийлэн амьдардаг. Оршин суугч нь солигдох бүрт урсгал засвар ордог бичигдээгүй хуультай. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоход урсгал засвар хийхээр болсон байна. Урсгал зардлын өртөг нь 20 гаруй сая төгрөг болсон бөгөөд уг ажлыг хийлгэх гэрээг 2015 оны 05-р сард “Зиг Заг” ХХК гүйцэтгэнэ гэж Б.Батсайхан ТТХГ-ыг төлөөлөн хийсэн байна.

 

Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга Б.Батсайхан энэхүү гэрээг хийхдээ “Их тэнгэр цогцолбор”-ын дарга хошууч Ц.Оргодлын гарын үсгийг дуурайлган хуурамчаар зурсан байдаг. Үүгээр ч зогсохгүй Төрийн тусгай хамгаалалттай газрыг төлөөлсөн этгээдийн тамгыг дараагүй байдаг. Өөрөөр хэлбэл хуурамч гэрээ байгуулан “Зиг Заг” ХХК-ийн дансанд 21 653 664 төгрөгийг шилжүүлжээ.

Мөн “Зиг Заг” ХХК огт засвар хийгээгүй бөгөөд ажил хийсэн мэтээр мөнгө авсан нь дараах баримтаар нотлогддог.

 

Гүйцэтгээгүй ажлын хөлс болох 21 653 664 төгрөг “Зиг Заг” ХХК-ийн дансанд орсны дараагаар ТТХГ-ын дарга Б.Батсайхан 18 000 0000 гаруй төгрөгийг тухайн компаниас бэлнээр гаргуулан авсан байдаг.

Өдгөө энэ хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Тодруулбал, бусдын гарын үсгийн дуурайлгасан, мөнгө идсэн энэ хэргийг анх Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаад прокурорын газраас харьяаллыг АТГ хэмээн үзсэн тул хэргийг АТГ-т шилжүүлжээ.

АТГ-аас энэ хэргийг бүтэн гурван сар шалгаж байгаа ч ямар нэгэн шийдэлд хүрээгүй байна. Баримт нь байгаа хэрэгт ингэж удааширч байгаа нь ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байна.

ТТХГ-ын дарга Б.Батсайхан гэж хэн бэ?

Хурандаа Б.Батсайхан Монголын төрд насаараа зүтгэж байгаа. Ажиллаж байх хугацаандаа цөөнгүй асуудал гаргаж, сануулга авч, ажлаас халагдах дээрээ тулж байсан. Гэсэн ч ажлаа хийсээр ТТХГ-аас тэтгэвэрт гарсан. Улмаар АТГ-ын Аюулгүй байдлын албанд жил гаран ажиллаж байсан. Б.Хурц Тагнуулын ерөнхий газрын дарга болоход ТТХГ-ын даргаар ажиллаж эхэлсэн. Эргэж ирээд ийнхүү мөнгө идсэн хэргээр АТГ-т шалгагдсаар...

Ийнхүү нийгмийн асуудлууд ундарч дуусахгүй нь ээ. Харин энэ нийгэмд баяр баясал, бахархалыг авч ирж цэвэршүүлдэг нь спортынхон билээ.

 

Спорт: Б.Тэгшбаяр дугуйн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Щвейцарь улсад дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-24-ний хооронд болж байгаа юм. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн TRACK-ийн бөөн гараат 10 км-ын төрөлд Монгол Улсын тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр оролцож, алтан медаль хүртлээ. Энэ төрөлд нийт 20 орны тамирчин өрсөлдсөнөөс Чех, Италийн тамирчид мөнгө, хүрэл медалийн эзэн болов.

Б.Тэгшбаярын хувьд дугуйн төрлөөр дэлхийн аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин боллоо. Түүний хувьд "Track Mongolia" төслийн хүрээнд 2016 оны 4 сараас эхлэн Дэлхийн дугуйн төв дээр бэлтгэл сургуулилт хийжээ. Мөн энэхүү тэмцээнд оролцох бэлтгэл сургуулилтыг Английн иргэн Бугдэн Скотт хариуцан хийлгэсэн байна.

Залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаяр Сүхбаатар аймгийн “Шилийн богд” клубын тамирчин бөгөөд энэ жил 18 настай юм.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа