Өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын шинэхэн гишүүн А.Сүхбат намаа шүүмжлэн сайд нарын томилгоонд сэтгэл дундуур байгаа талаар мэдээлэл сайтуудаар тарсан билээ. Тэгвэл түүний энэ мэдэгдэл худал бөгөөд хэн нэгний мушгин гуйвуулсан явдал хэмээн тэрбээр өчигдөр орой болсон УИХ-ын чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн юм.

Түүнчлэн тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан ийн мэдэгджээ.

Намайг дэмжиж надад итгэл хүлээлгэж их хуралд илгээсэн эрхэм сонгогчид, иргэд, мянга мянган намын гишүүд та бүхэндээ өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хүргүүлж байна.

Сүүлийн өдрүүдэд цахим мэдээллийн хэрэгслүүдээр миний хэлж яриагүй зүйлийг хэлсэн ярьсан мэтээр гүтгэн гуйвуулж, намаа муулсан, намын удирдлагуудаа үндэслэлгүй шүүмжилсэн, сайдуудад нэр дэвшиж буй журмын нөхөд, эрхэм улс төрчдийг үгүйсгэсэн мэтээр худал мэдээлэл цацаж, надад болон намд минь намын гишүүдэд минь итгэл хүлээлгэсэн мянга мянган иргэд сонгогчдыг төөрөгдүүлж, бухимдуулж байгаад туйлын харамсаж байна.

Тиймээс би дээрхи мэдээлэл ор үндэслэлгүй гэдгийг өнгөрсөн шөнө болсон хуралдааны үеэр их хурлын танхимд үг хэлэхдээ мэдэгдсэн, энд дахин тодотгон мэдэгдэж байна. Иймд эрхэм дэмжигчид маань үнэн худлыг дэнсэлж, итгэл үнэмшилдээ эзэн байж хамтдаа байхыг хүсье. Миний бие та бүхэндээ амласандаа хүрч чин үнэнчээр зүтгэх болноо.



Та бүхнийг хүндэтгэн мэдэгдсэн: Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын Гавьяат тамирчин, Дархан аварга, УИХ-ын гишүүн Агваансамдангийн Сүхбат