АН муу жишиг тогтоож, МАН хэрэгжүүлдэг
2016/07/28
Д.ЦЭЦЭГ
Төрийн албаны халаа сэлгээ гэдэг зүйл гэв гэнэт гарч ирсэн юм шиг АН-ынхан гомдоллох болов. Бараг л МАН олонх болоод маргааш нь халаа сэлгээг хайр найргүй хийж эхэлсэн мэт ярьж байна. Мэдээж сонгуульд ялагдаж, засгийн эрхээ шилжүүлсэн АН-д хүндхэн цохилт болж байгаа нь ойлгомжтой. Харин халаа сэлгээний тухайд ийм бусармаг зүйлийг МАН биш АН эхлүүлсэн гэдгийг санах хэрэгтэй.
Энэ тухай баримтуудыг эргэн сөхвөл олон ч тоо гарна даа. Наад захын жишээ бол 1996 оны халаа сэлгээ. 1996-2000 онд МАХН УИХ-д 25 суудал авч цөөнх болсон. Засгийн эрхийг авсан даруйдаа АН-ынхан өөрсдийнхөө хүмүүст хэдэн зуугаар нь ажлын байр зохиож, хүний өөрийн намаар нь ялган төрийн албаар хэрхэн тоглож, яаж галзуурсныг хэн хүнгүй хэлээд өгнө.
Тэд төрийн албан хаагчдыг хоморголон халдаг муу жишгийг 1996 онд тогтоосон. Товчхондоо, АН-аас эхлэлтэй гээд хэлчихвэл үнэнээс зөрөхгүй байх. 1996 онд АН засгийн эрхэнд гарсан даруйдаа 10 мянган хүнийг төрийн албанаас хоморголон халж байсан түүхтэй. Яг үнэндээ Ардчилсан холбоо эвслийн Засгийн газар “хар баасан” гаригт гэм зэмгүй төрийн албан хаагчдыг үзэл бодлоор нь алагчлан хоморголон халж байснаас болж “хар баасан” гариг гэдэг үг гарсан шүү дээ. Энэ үйл явдал 2000 онд давтагдсан. Дараагийн жишээ нь 2012 оных. Н.Алтанхуягийн Засгийн газар бямба гариг бүрт төрийн албан хаагчдыг хоморголон халах болж олон арван мэргэшсэн төрийн албан хаагч хүндхэн байдалд орж, зарим нэг нь хууль хяналтын байгууллагаар яваад ч бараагүй. Ээлжийн амралтаа авсан, эмнэлэгт хэвтэж байхад нь үүрэгт ажлыг нь шууд авчихсан явдлууд тухайн үед нийтлэг гарч байв.
Өнгөрсөн жил ч ийм үйл явдал өрнөж, нэлээд хэл ам дагуулаад авсан. Тодруулбал, 2015 онд Гадаад хэргийн яамнаас 32, Хөдөлмөрийн яамнаас 72, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 59 төрийн албан хаагчийг ажлаас нь халсан.
Энэ мэтээр албан бус тоо үргэлжилнэ.
Ерөөсөө АН засгийн эрхийг гартаа авах бүртээ төрийн албан хаагчийг хольж сольдог хууч өвчтэй. Ийм л муу жишгийг төрийн албанд тогтоосон. Харин энэ муу жишгийг нь МАН үргэлжлүүлэн хэрэгжүүлдэг.
АН-ын удирдлагуудын зүгээс “Олон яамд, агентлагийн нэрийг өөрчлөх замаар 100 гаруй мянган төрийн албан хаагчийг ажилгүй болгох гэж байна. МАН 100 мянган төрийн албан хаагчийн амьдралыг эрсдэлд орууллаа. Монгол төрийг битгий самар. Амлалтаа биелүүл гэж бид МАН-аас шаардаж байна” хэмээн хэлсээр байгаа. Гэтэл шүүмжлээд байгаа асуудлынхаа эхлэлийг АН өөрөө л олон жилийн өмнө тавьсан. Түүнийг нь МАН хэрэгжүүлдэг болсон шүү дээ.
Төр солигдох бүрт халаа сэлгээ хийдэг асуудалд цэг тавих цаг ирсэн. Харин одоо АН, МАН-ын хэн нь эхлүүлэх бол гэсэн хүлээлт л нийгэмд байгаа юм.
Зочин · 2016/07/28
cool
Зочин · 2016/07/28
АН-ынхан баахан гудамжны мэдлэг чадвар боловсрол муутай юмнуудыг төрийн албанд танил тал , арын хаалгаар тавьсаар ирсэн нь үнэн ш тээ. Энд тэндээс архидаж , эсвэл ажлын хариуцлага алдаж , ажлаас халагдсан нөхдүүд дараа нь АН-ын нэрэн дор төрийн албан хаагч болчихсон тууж л явсан. Өмнөөс нь ичмээр юм
Зочин · 2016/07/28
Шүүгч нарыг хүртэл ерөнхийлөгч нь халсан. Миний дүү өснөө жил шүүгсээр ажиллаж байгаад Элбэг дорж гуайг ерөнхийлөгч болоход халагдсан. Одоо ажилгүй л байна.