Нийслэлийг ирэх дөрвөн жилд толгойлох эрхмүүд тодорхой болж, ажилдаа орцгоолоо. МАН энэ удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан учраас НИТХ-ын тэргүүлэгчдээс эхлээд бүх шатны удирдлагууд МАН-аас бүрдэж байна. Тиймээс ч санаа зорилго нэгтэй нийслэлээ хөгжүүлнэ хэмээн ард түмэн итгэж харж байгаа. Тэгвэл Улаанбаатарын дараагийн дөрвөн жилийн өнгийг тодорхойлох нийслэлийн удирдлагуудын хэн нь хэн бэ гэдгийг 24 баримтаар хүргэж байна.

 

 

НИТХ-ын дарга Ц.Сандуй “60 тэрбумыг босгох бичлэг үнэн бол хариуцлага хүлээхэд бэлэн”

 

Баримт 1. Цэндсүрэнгийн Сандуй нь 1988 онд Улаанбаатар хотын 31 дүгээр дунд сургуулийг төгссөн. Москва хотын Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй дүүргэсэн нэгэн.

 

Баримт 2. Түүний аав Цэндсүрэнг Хотын намын хорооны намын Хянан шалгах комиссын дарга байсан гэдгээр нь олон хүн мэддэг.

 

Баримт 3. Тэрбээр 1997 онд Нийслэлийн газрын албанд ахлах мэргэжилтнээр ажиллаж эхлэн төлбөрийн байцаагч, хэлтсийн дарга, дэд дарга, даргын албан тушаалд дэвшин 15 жил ажилласан байна.

 

Баримт 4. 2012 оноос нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ. Мөн 2012 оноос нийслэлийн МАН-ын хороон даргаар ажиллаж байна. Төрийн захиргааны тэргүүний ажилтан, алтан гадас одонтой нэгэн аж.

 

Баримт 5. Түүнийг НИТХ-ын дарга болох эсэхийг хэлэлцэж байх үед АН-ын гишүүд түүнээс 60 тэрбумыг босгох тухай буюу нийтэд тарсан бичлэгийн талаар асуухад тэрбээр "Энэ бол сонгуулийн гүтгэлэг байсан. Би хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан хэмээн хариулж байсан билээ.

 

Баримт 6. Мөн тэрбээр “Хэрэв миний буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээхэд бэлэн" гэсэн хариулт өгсөн нь олны анхаарлыг татсан юм. Ямартай ч энэ асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа бөгөөд эцсийн шийдвэр нт хараахан гараагүй байгаа юм.

 

Намын даргад таалагдсан Су.Батболдод гэж хэн бэ

 

Баримт 7. Су.Батболдын хувьд 2002 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа МАН-ын урдаа барьдаг лидерүүдийн нэг. Тиймээс ч 2016 оны сонгуульд нэр дэвшилгүй өнжсөн түүнийгМ.Энхболд нийслэлийн Засаг даргын суудалд тухлуулж дөнгөсөн.

 

Баримт 8. Су.Батболд 1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1990 онд Хөдөө Аж Ахуйн Дээд Сургууль ХАА-н инженер мэргэжлээр, 1995 онд Төрийн захиргаа, удирдлага хөгжлийн институтийг Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч менежер мэргэжлээр тус тус төгссөн байна.

 

Баримт 9. Техникийн ухааны магистр зэрэгтэй тэрбээр 1990-1993 онд Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлд инженер, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэст ерөнхий инженер, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар тус тус ажиллаж байжээ.

 

Баримт 10. Су. Батболд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон 8 жил парламентад ажилласан нэгэн юм.

 

Баримт 11. Тэрбээр 2004-2005 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар, 2005-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан байна. 2012 оны УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар Улсын Их Хурлын гишүүнээр улиран сонгогдсон. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24 хүртэл УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгогдон ажилласан байна.

 

Баримт 12. Хотын дарга Су. Батболд англи, орос хэлтэй.

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр гэж хэн бэ

 

Баримт 13. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар томилогдсон Т.Гантөмөр нь 1959 оны төржээ.

 

Баримт 14. Тэрбээр удирдахуйн ухааны доктор (Ph.D) бөгөөд Хүний их эмч, Улс төр судлаач, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй нэгэн юм.

 

Баримт 15. Г.Гантөмөр нь 1999-2004 онд Удирдлагын академи, 1997-1999 онд ТЗУХ институт, 1991-1993 онд Улс төрийн их сургууль, 1977-1982 онд Анагаах ухааны дээд сургууль, 2001 онд МУИС- ХЗСургуулийг тус тус дүүргэжээ.

 

Баримт 16. Тэрбээр 1982 онд Сүхбаатар аймгийн Хийлийн цэргийн 0146-р ангид Хүний их эмчээр ажлын гараагаа эхэлж байжээ.

 

Баримт 17. Т.Гантөмөр нь 1992-2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдон ажилласан нэгэн юм.

 

Баримт 18. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нь энэхүү албанд түр томилогдоод байгаа бөгөөд жинхлэх эсэх нь удахгүй тодорхой болох юм.

 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар М.Буяндэлгэрийг түр томилов

 

Баримт 19. НИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 29-нд болсон ээлжилт хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан Бөхчулууны Энхболдыг чөлөөлж түүний оронд Мягмарсүрэн овогтой Буяндэлгэрийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргав.

 

Баримт 20. М.Буяндэлгэр нь 1980 онд төрсөн. Эхнэр 3 хүүхэдтэй.

 

Баримт 21. Тэрбээр 1997 онд 10 жилийн сургуулиа дүүргэсэн бол хөдөө Аж Ахуйн Их Сургуулийг Газар Зохион байгуулагч мэргэжлээр төгсч улмаар магистр хамгаалсан байна.

 

Баримт 22. Мөн М.Буяндэлгэр нь Удирдлагын Академийг Төрийн удирдлагын менежер, Санхүү, эдийн засгийн Дээд Сургуулийг санхүүгийн шинжээч, Швед улсын Явле Их Сургуульд, магистр хамгаалжээ. Түүнчлэн Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд Газар зүйн ухааны доктор хамгаалсан байна.

 

Баримт 23. Харин 2001-2003 онд Баянзүрх дүүргийн Газрын албанд Бичиг хэрэг-Төлбөрийн байцаагч, Нийслэлийн Хот байгуулалт газрын харилцааны газарт-Кадастрын мэргэжилтэн, Хэлтсийн дарга, Газрын харилцаа геодези зураг зүйн газар-Хэлтсийн дарга, Нийслэлийн Газрын албанд Дэд дарга, дарга, Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд багш, Улаанбаатар капитал ХХК-д Санхүүгийн шинжээчээр ажиллаж байсан байна.

 

Баримт 24. Тэрбээр өнөөдрөөс эхлэн ажилдаа орж байгаа бөгөөд мөн л түүнийг жинхлэх эсэх нь удахгүй тодорхой болох юм.

 

 

Эх сурвалж: www.24tsag.mn