Т.Пүрэвхатан, Т.Мөнхбаатар, С.Бямбадорж нар ямар сэжмээр холбогдож хам хэрэгтэн болчихов оо-

Манай сонин өнгөрсөн сарын 21-ний өдрийн дугаартаа “Өмч, газрын харилцааныхан сандралдахын учир юу вэ” гэх нийтлэлийг хүргэж байсан. Тэгвэл тус газрын “хурган” дарга нар хийгээд Эрчим хүчний яамны нэр бүхий дарга нарыг бусдад хуурамч захирамж гаргаж өгч, авлига авсан хэргээр АТГ-ынхан баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна.
Болсон явдлыг сийрүүлбэл, Аж үйлдвэрийн яамны хэлтсийн дарга Т.Пүрэвхатан, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадорж, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар нар СБД-ийн 20 дугаар хороо, Бэлх зуслангийн Хадатын аманд байрлалтай “Хадат Вилла” хотхоныг барьж буй компанид 40 айлын газрын бичиг баримтыг хуурамчаар үйлдэн өгч, оронд нь олон тэрбум төгрөг авсан авлигын хэрэгт холбогдон, өнгөрсөн сарын 29-ний өдөр таслан сэргийлэх арга хэмжээ авахуулжээ.

Товчхондоо бол нэр бүхий этгээдүүд газар эзэмших захирамжийг хуурамчаар үйлдээд зогсохгүй бусдаас их хэмжээний авлига авч эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үг.
Тиймээс л Өмч, газрын харилцааныхан энэ мэт хууль бус үйлдлүүд нь олноор илэрнэ хэмээн эмээсэн учраас дотооддоо айдас хүйдэстэй өдөр, хоногийг өнгөрөөж буй юм. Ямартай ч одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх БНХАУ-ын иргэн Ли овогтоос газрын урьдчилгаа хэмээн 200 гаруй сая төгрөг авч байгаад үйлдэл дээрээ баригдаж өдгөө цагдан хоригдож буй. Түүний араас энэ хэрэгт сэжиглэгдэж буй хэд, хэдэн албан тушаалтан бий гэдгийг эх сурвалж мэдээлж байсан юм.

Албан тушаал эрх мэдлээ
хэтрүүлсэн дарга нар хэн бэ?


Ингээд албан тушаалаа ашиглан бусдаас их хэмжээний мөнгө авахыг завдсан нэр бүхий гурван этгээдийн талаар товч дурдъя. Аж үйлдвэрийн яамны хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Пүрэвхатан нь 2010 онд Баянзүрх дүүргийн газар зохион байгуулагчаар ажиллаж байгаад ажлаасаа халагдаж, АН-ыг мандаж явах үед Ашигт малтмалын газрын Тамгын газрын даргаар ажиллаж байсан нэгэн гэдэг. Түүнчлэн эл эмэгтэй БЗД-т ажиллаж байхдаа хувийн кадастрын компанитай болсон аж. Мөн түүний ах нь БГД-ийн шүүхэд шүүгчээр ажилладаг Ж гэгч байдаг аж. Харин СБД-ийн газрын албаны даргаар ажиллаж байсан Т.Мөнхбаатар төрийн албанд орохоосоо өмнө хувийн геодези зургийн компанид ажиллаж байгаад 2008 онд СХД-ийн газрын албанд төлбөрийн байцаагчаар ажилд орж, 2012 онд тус дүүргийн газрын албаны даргаар томилогдож байжээ. Түүнийг тус албан тушаалд очиход нь үеэл ах нь болох СХД-ийн газрын албаны дарга Г.Баярсайхан нөлөөлж байжээ. Дараагийнх нь болох БГД-ийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадорж нь өмнө нь төрд ажиллаж байсан гэх мэдээлэл байхгүй бөгөөд 2012 онд АН-ыг төр барих үед ийнхүү тус газрын даргаар томилогдож байсан нэгэн аж.
Юутай ч нам дагаж яваад ам тосдсон садан төрлийн хэлхээгээр төрлийн албанд ажилд орсон нөхөд иргэдэд олгогдох ёстой 0.05 га газрыг нь дээрэмдэн авч, газрын захирамжийг хуурамчаар үйлдэж бусдаас их хэмжээний авлига авсан гэх хэрэгт холбогдчихлоо.

Т.Пүрэвхатан, Т.Мөнхбаатар, С.Бямбадорж нар ямар сэжмээр холбогдож хам хэрэгтэн болчихов оо

Яг үнэндээ олон нийт хаа байсан Аж үйлдвэрийн яаманд ажиллаж байсан Т.Пүрэвхатан яагаад дээрх хэрэгт холбогдох болов оо гэж гайхаж байгаа. Тэгвэл эл эмэгтэй өмнө нь Өмч, газрын харилцаанд ажиллаж байсан учраас түүний танил талын хүрээ нэлээн өргөжсөн учраас л дээрх хэрэгт холбогджээ хэмээн харагдаж буй юм. Түүнчлэн дүүргийн хоёр албаны дарга нь 40 айлын газрын захирамжийг хуурамчаар үйлдэж бусдад их хэмжээний газар өгч авлига авсан хэрэгт холбогдчихоод байхад Өмч, газрын харилцааны дарга Ш.Төмөрбаатар мэдэхгүй байна гэж баймааргүй юм. Бид хэрэгт холбогдсон гэх этгээдүүдийн талаар тус газрын холбогдох албаны хүмүүстэй уулзаж мэдээлэл авахыг хүссэн ч нүд амаа далдьдчин “Мэдэхгүй байна” гэх хоёрхон үгийг хэлж салхи шиг зөрөн өнгөрснийг хэлэх хэрэгтэй байх.
Харин хууль хяналтынхан Т.Пүрэвхатан, С.Бямбадорж, Т. Мөнхбаатар нарыг Цагдан хорих 461 дүгээр саатуулсан талаарх мэдээллийг ихэд нууцалж буй юм. Ямартай ч бидний олж эрэн сурвалжилснаар одоогоор илэрчихээд буй хэрэг нь 40 айлын газрын захирамжийг хуурамчаар үйлдсэн, мөн бусдаас авлига авсан гэх хэрэг байгаа ч өөр маш олон ноцтой зүйл анги бий гэдгийг олж мэдсэн юм. Угтаа бол ажил хэргийн шугамаар найзууд болсон дээрх гурав ийнхүү хам хэрэгтэн болж зөв буруугаа дэнслүүлэхээр болчихлоо.
Товчхондоо бол АН-ын үед газрыг дуудлага худалдаа нэртэйгээр шоу хийж байсан ч энэ мэтээр дарга нар нь “хурган” дарга нартайгаа нийлж энгийн иргэдийн газрыг хууль бусаар хумслан авч байгаа нь эмгэнэлтэй. Яг үнэндээ дарга нарыг ханцуй дотроо өөрсдийнх нь газрыг өөрсдийнх нь бичиг баримтыг ашиглан бусдад өндөр үнээр дамлан зарж байхад иргэд Өмч, газрын харилцааны албаны үүдэнд үүрийн харанхуйгаас үдшийн бүрий хүртэл хэдэн өдөр дугаарлаж, эцэст нь сугалаагаар азаа үзэн цөөн тооны хүн арай хийж уулын мухар, хогийн цэгийн хажууд 0.05 га газартай болж байсан.
Юутай ч АН-ын үед төрөөс төрсөн тэрбумтнуудын тоог олноор нь нэмсэн Өмч, газрын харилцааныхан ээлж дараалан хууль хяналтын байгууллагад дуудагдан шалгагдаж хэчнээн хүн бусдын газрыг үнэ хүргэн зарсан бэ гэдгийг бид хүргэх болно. Эцэст нь хэлэхэд тус газрын дарга, даамлууд энэ мэтчилэн маш олон аргаар газрын луйврыг далд хэлбэрээр явуулдаг учраас хууль хяналтын байгууллагынхан Өмч газрын харилцаанд томоохон шалгалт оруулж иргэдэд олгогдох ёстой 0.05 га газар очих ёстой эзэндээ очсон уу, гадны хэн гэгч иргэд манай улсад газар эзмших гэрчилгээг хэдээс хэдэн онд авч байсан гэх зэргийг шалгаснаар дээрх хэрэг илэрсэн гэсэн үг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд БЗД-ийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх байсан бол энэ удаа Аж үйлдвэрийн яамны хэлтсийн дарга Т.Пүрэвхатан, БГД-ийн С.Бямбадорж, СБД-ийн Т.Мөнхбаатар нарын хүмүүсийн хууль бус үйлдэл илэрчихлээ.
Тэгвэл эдний араас дараагийнх нь хэн бол Өмч, газрын харилцааныхаан гэж асуумаар байна.