Эль-нино ба Монголд болж буй байгалийн гамшиг
2016/08/04
Б.ЗАЯА
Энд тэнд үер усны аюул дэлдэж, эрдэнэт хүний амь эрсэдсэн мэдээгээр өглөө бүрийг угтсаар зуны улирал шувтарлаа. Энэ зуны цаг уурын нөхцөл байдал, түүнийг дагасан байгалийн ааш, аяг нэг л ёозгүй. Үерлэсэн томоохон гол мөрөнд хөл алдаж, эсвэл санамсаргүйгээс усанд живж нас барсан хүмүүсийн тоо 75-д хүрэв. Эхний долоон сарын энэ үзүүлэлт өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд тохиолдсон усны ослын 90 орчим хувийг эзэлж байгаа нь усны осол өнгөрсөн жилүүдээс огцом нэмэгдэж байгааг харуулсан явдал байлаа.
Одоогоос 20 орчим хоногийн өмнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын таван багийг хамарсан газар нутаг дээр үер бууж 160 айлын 700 орчим хүн нэрвэгдэж, 105 байшин нураад буй. Энэ гамшигт үзэгдлийн хохирлыг барагдуулж дуусаагүй байтал нийслэл Улаанбаатар хотод аюулын харанга дэлдсэн явдал өнгөрсөн пүрэв гаригт болсон юм. Ширүүн бороо хагас цагийн дотор л нийслэлийн төв, зүүн хэсгийг бүрхэж нүд хальтрам дүр зураг бий болгосон. Нийслэлийн захирагчийн ажлын албаныхны өгсөн мэдээллээр бол 26289 хэрэглэгч гурван цагийн турш цахилгаангүй болж, хэд хэдэн ус дулаан дамжуулах төв, дөрвөн дэд өртөө үерийн усанд автсан судалгааг гаргаад байна. Үерийн нөхцөл байдал тэр даруй 15 уулзварын гэрлэн дохиог ажиллагаагүй болгоод амжив. Энэ айхтар үерийн маргаашаас л аагим халуун өдрүүд үргэлжилсээр хөрсөн дээрээ 40 хэм хол даван шатаж байна. Энэ бол сүүлийн жилүүдэд тохиолдоогүй байгалийн онц аюултай үзэгдэл яахын аргагүй мөн.
ЭЛЬ-НИНОГИЙН ДОХИО: НЭГ ХЭСЭГТ НЭН ХУУРАЙ ГАНТАЙ БАЙХАД НӨГӨӨ ХЭСЭГТ ҮЕР БУУНА
Үүнийг байгалийн хэлээр эль-нино үзэгдэл гэдэг. Энэ онд эль-нино үзэгдэл тохиож ган гачиг болох эрсдэлтэй 10 орны тоонд Монгол орсныг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас өнгөрсөн тавдугаар сард мэдэгдэж байсан нь анхаарал татаж байгаа юм.
“Энсо” буюу “Enso” нь далай-агаар мандлыг хамарсан цаг уурын үзэгдэл. Энсо нь далайн гадаргуугийн усны хэм хэлбэлзэх үзэгдэл бөгөөд үүнийг эль-нино болон ла-нина гэж нэрлэнэ. Эль Нино нь бөмбөрцөгийн өмнөд хагасын цаг уурт үлэмж нөлөөтэй. Энэ үзэгдлүүдийг анх 1923 онд Гильберт Валкер тодорхойлж Southern Oscillation буюу Өмнөдийн хэлбэлзэл гэж нэрлэсэн нь уг үзэгдэл сар эсвэл улирал бүрт давтагддагаас үүдэлтэй ажээ. Өөрөөр хэлбэл, эль-нино бол далайн гадаргуугийн усны температур 0.5 °C-аас илүү хэмжээгээр халах хэвийн бус нөхцлийг хэлдэг байна. Бүр энгийнээр бол эль-нино, түүнтэй уялдсан цаг агаарын нөхцөл байдал нь гандуу эсвэл бороорхуу жил гэх мэт нэг чиглэлийн байдаггүй, эрс тэс үзэгдэл үүсгэдэг. Нутгийн нэг хэсэгт нэн хуурай гантай байхад нөгөө хэсэгт үер бууж байх, эсвэл нэг хэсэг аймгийн нутагт өвөл, хаврын улиралд ер бусын дулаан байснаа гэнэт их цас орж эрс хүйтрэх гэх мэт онцлогтой.
Байгалийн сонин “ааштай” энэ үзэгдэл яг л энэ үед Монголд, тэр дундаа Улаанбаатарт хүчтэй илэрч байна. Нохой гаслам ийм аагим халуун сүүлийн жилүүдэд бараг тохиогоогүй. Гэнэтийн халуун дундуур их хэмжээний бороо цутгаж үер буусан нь яах аргагүй НҮБ-ын сануулга биеллээ олж буй явдал. Монгол орны цаг агаарын нөхцөлд шууд болон дам байдлаар нөлөөлдөг гадаад хүчин зүйлүүдийн нэг болсон эль-нино 2015-2016 оны хооронд урьд өмнө байгаагүй хэмжээнд нэн хүчтэй илэрснийг дэлхийн цаг уур судлаачид дүгнэсэн байна. Дэлхийн дулааралд хүч нэмсэн эль-ниногоос үүдэж өнгөрсөн жилийн зун Европт агаарын хэм 40 градус, Ойрхи Дорнодод 50 градус давсан аагим халуун өдрүүд үргэлжилжээ.
ТЭГВЭЛ ЭЛЬ-НИНО ЯМАР ҮР ДАГАВАРТАЙ ВЭ?
Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид дурдсанаар бол эль-нино байгалийн хүчин зүйлээс үүдсэн хохирлоос гадна тухайн бүс нутагт байдаг нутагшмал өвчин идэвхжиж хүрээгээ тэлэх, зарим халдварт өвчин шинээр гарч болзошгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулжээ. Бас нийгмийн үр дагаврын талаар судлаачид бас анхаарч өнгөрсөн түүхэн хугацаанд зарим бүс нутаг, улс оронд ган гачигийн улмаас хүнс тэжээлийн хомсдол үүсч өлсгөлөнд нэрвэгдэж улс дотроо болон улс дамнасан үймээн самуунд өртөх, татагдан орох явдал гарч байсныг мөн тэмдэглэж байна. Үүнээс үүдэж 1999-2002 оны ган, зудын нөхцөл байдал дахин бий болохыг үгүйсгэхгүй.
ЛА НИНА-ААР ҮРГЭЛЖИЛНЭ ГЭВ ҮҮ
Дэлхийн цаг агаар, уур амьсгалын судалгааны тэргүүлэх төвүүдийн мэдээлэлд үндэслэн НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн цаг уурын байгууллага гаргаж буй тоймоос үзвэл 2015-2016 оны энэхүү эль-нино аажмаар суларч цааш нь ла-нина болох магадлалтай байна гэжээ.
Манай орны хувьд анхаарал татах ёстой зүйл бол энэхүү Эль-Нино цаашлаад Ла-Нина болж шилжих явц нь 1997-1998 оны Эль-Нино аажмаар суларч улмаар Ла-Нина болсон явцтай нилээд төсөөтэй байна гэсэн урьдчилсан дүгнэлт юм. Монгол Улсын олон аймаг сумын нутагт 1999 оноос 2003 он хүртэл үргэлжлэн жил дараалан ган зудын нөхцөл байдал үүсч нийт 13 сая гаруй мал хорогдож олон тооны өрх айл орлогын эх үүсвэргүй болж ядуурлын тоо хэмжээ хоёр дахин өссөн. Үүнээс харахад энэ жил Монгол Улсад ган гачиг болж үргэлжлээд хүндхэн өвөл залгаж болзошгүйг анхааруулсан хэрэг.
Содон, аюултай “ааштай” энэ үзэгдлээс үүдэж болзошгүй цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж улс орны нийгэм, эдийн засаг, мал аж ахуй газар тариалангийн салбарт учруулж болзошгүй эрсдлээс урьдчилсан сэргийлэх ажилд анхаарахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл одоогоос гурван сар орчмын өмнө анхааруулга зөвлөмж гаргаж байлаа.
СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ ХААНА БАЙНА ВЭ?
Тодруулбал, “Энэ жилийн эль-нино зэрэг байгалийн хүчин зүйлийн идэвхжилтэй уялдан нэлээд онцлогтой байх магадлалтай байна. Өөрөөр хэлбэл, байгаль, нийгмийн хавсарсан хүчин зүйлийн улмаас Монгол орны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, хүн амын амьжиргаа, зарим талаар эрүүл мэндэд эерэг, сөрөг аль ч байдлаар нөлөөлж болзошгүй юм. Ийм учраас эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд энэ чиглэлээр нарийвчилсан дүгнэлт гаргаж төр, засгийн байгууллагуудад зөвлөмж болгохын хамт олон нийтэд шинжлэх ухааны үндэстэй зөв мэдээлэл цаг алдалгүй хүргэх шаардлагатай” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Онцгой байдлын ерөнхий газарт анхааруулжээ.
Байдал нэгэнт ийм болж, байгалийн онц сонин үзэгдлүүд гараад гамшгийн нөхцлийг дагуулаад байхад зөвхөн үер ус, халуунаас хамгаалах сэрэмжлүүлэг мэдээллээс хэтрэхгүй байгаа нь урагшгүй байна. Хаана байна, тэр эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагын судалгаа, шинжилгээ, зөвлөмжүүд. Хаана байна тэр урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд...
Зочин · 2016/08/05
MANAID SUDALGAAA HIIDEG TIIIM GAZAR BHGUI EEEEEE SHINJLEH UHAAAN MAANI BUUR BHGUI BOLSIIISHDEEE MONGOLD.
Зочин · 2016/08/04
nice