Б.ЗАЯА

Шинэ Засгийн газар бүрэлдэж бараг цэгцрэх шатандаа орж явна. Өмнөх Засгуудыг бодвол Ж.Эрдэнэбатын танхим төрийн албаныхны хувьд халаа, сэлгээний “аюул” бага байна. Үүний нэг нь хууль хяналтын байгууллага, тэр тусмаа Цагдаагийн ерөнхий газар.

Ерөнхий сайд солигдох бүрт ялтай юм шиг өөрчлөгддөг энэ газрын даргаар одоогийн дарга Р.Чингисийн өмнө С.Баатаржав байсан билээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Н.Алтанхуягийн албыг үргэлжлүүлэхээр томилогдсон даруйдаа ЦЕГ-ын дарга С.Баатаржавыг чөлөөлж Р.Чингисийг томилсон. С.Баатаржавын хувьд Н.Алтанхуяг сайдын үед солигдсон хоёр дахь хүн нь. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2012 онд Засгийн газрыг тэргүүлэхдээ тус газрын даргаар Б.Билэгтийг томилсон. Хоёр жилийн дараа буюу 2014 оны наймдугаар сард түүний орны хүнээр ЦЕГ-ын дэд дарга байсан С.Баатаржавыг тавьж байлаа.

Харин энэ удаа шинэ Засаг солигдож, Ерөнхий сайдын харъяаны агентлагууд өөрчлөлт орох үед ЦЕГ-ын даргын томилгоо яригдаж эхэлсэн. Түүний оронд хурандаа Д.Мөрөн, бригадын генерал А.Дулаанжаргал нарын нэрс дуулдаж байв.

Тэгвэл Төрийн ордон, хууль хяналтынхны дундаас Р.Чингисийг чөлөөлөх тухай орон нутгийн сонгууль болтол ярихгүй гэсэн бор шувуу нисч эхэллээ. Тэгэхээр ойрын хэдэн сард цагдаагийн байгууллага хөдөлгөөнд орохгүй, Р.Чингисийн багийнхан ажлаа хэвийн үргэлжлүүлэх бололтой.

Р.Чингис бол Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас “төрсөн” хүн. Тиймдээ ч ЦЕГ-ын даргаар ирсэн даруйдаа эдийн засгийн томоохон хэргүүдийг илрүүлж чадсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой шинэ төмөр замын төсөл, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын бүтээн байгуулалтаас улсад их хэмжээний хохирол учирсан хэргийн шалгалт үргэлжилсээр буй. Мөн Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан нарын нийгмийн халамжийн сангаас, нийгмийн даатгалын ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр улсаас мөнгө шамшигдуулсан байж болзошгүй хэрэг зэрэг өндөр албан тушаалт­нууд­тай холбоотой томоо­хон хэргүүдийг илрүү­лэн шалгаж бай­гаа билээ. Ирэх арав­дугаар сард болох сум, дүүр­гийн ИТХ-ыг сонгох сон­гууль хүртэл эдгээр эдийн засгийн хэргийн шал­галтыг түргэвчлүүлэх үүргийг Р.Чингист өгсөн тухай ч мэдээлэл байна.