Энэ сарын 27-нд болсон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар 19 настай хүүг 26 удаа хутгалж хөнөөсөн гэх сэжигтэн Б-г гэм буруугүй гэж үзэн, цагаатгажээ.

Хэргийг сануулахад 2015 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр онц ноцтой хүн амины хэрэг гарсан билээ. Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр зургадугаар “Бичил” хороололд байрлах автомашины гараашийн үүдэнд 19 настай хүүгийн цогцос байгааг иргэд цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Хэргийг шалгахад 19 настай хүүг 26 удаа хутгалж амь насанд нь хүрсэн байж. Цагдаагийнхан сэжигтэн Б-г хэргийн газраас холдоогүй байхад баривчилж, хэсэг хугацаанд хорьж байсан. Тэгвэл дээрх хэргийн анхан шатны шүүх хурал уржигдар болж талийгаачийг хөнөөсөн гэх 33 настай Б-г буруугүй хэмээн цагаатгажээ. Харин талийгаач М.Пүрэвсүрэнгийн ээж шүүх хурал будлиантай болсон хэмээн шүүмжилж байна. Ингээд талийгаач хүүгийн ээж Т.Дамдинсүрэнтэй ярилцлаа.


-Хоёулаа яриагаа хэрэг болсон өдрөөс эхэлье. Та өмнө нь манай сонинд тодорхой ярилцлага өгч байсан. Гэхдээ уншигчдад нэхэн сануулсан нь дээр гэж бодож байна?

-Тэгье. 2015 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн XII хороо зургадугаар Бичил хорооллын 19 дүгээр байрны гараашны үүдэнд миний хүүг хөнөөгөөд хэргийн газраас гэмт этгээд зугтаасан байсныг цагдаагийнхан илрүүлсэн. Иргэд цагдаагийн газарт “Энд цусандаа хутгалдсан хүн байна. Амьсгалахгүй байна” гэж дуудлага өгсөн байдаг.

-Хэрэг 18:00 цагийн орчимд гарсан гэдэг. Талийгаач, сэжигтэн хоёр танилууд уу. Хоорондоо танил, танил биш гэж янз бүрээр л ярьдаг?

-Танилууд биш. Тэр гайтай өдөр л хүүтэй маань дэлгүүрт таарсан байгаа юм. Дэлгүүрийн камерт бичигдэж үлдсэн байсан. Хүү маань дэлгүүрт утсаар найз руугаа ярьж ломбарданд тавьсан утсаа эд зүйлс ломбарднаас чөлөөлдөг хүнээр авахуулъя гэж ярьсан юм билээ. Тэгсэн өнөөх залуу ирээд өдөж байгаад танилцаад “Би утсыг чинь авъя” гээд гарч “Приус” маркийн машиндаа суулгаад аваад явсан юм шиг байгаа юм. 15:40 цагт хамт гараад явах нь камерт бичигдсэн байгаа. Ингээд 17:43 цагт хүү минь нэг найз руугаа өнөөх залуугийн утсаар яриад “Ээжтэй холбогдмоор байна.

Ломбардны бичиг авах хэрэгтэй байна” гэж ярьсан байсан. Тэгж ярихдаа хоолойных нь өнгө нэг л айдастай, түгшсэн байдалтай байсан гэдгийг хэргийн дараа найз нь хэлсэн. Яг гурван минутын дараа эргээд нөгөө утас руу нь залгахад холбогдохгүй байсан гэсэн. Арваад минутын дараа нөгөө залуугийн утас холбогдож байсан. Надад цагдаагийн газраас хүү тань гудамжинд хүний гарт амиа алдсан байдалтай олдсон гэдгийг хэлж мэдэгдсэн. Буяннэмэх гэгч этгээдийг хэргийн газраас хөдлөөд холдоогүй байхад цагдаагийнхан илрүүлсэн байсан. Түүнийг харанхуйд машиныхаа гэрлийг асаалгүй явж байхад нь цагдаагийнхан илрүүлсэн. Тухайн үед цагдаа шалгах гээд машинд нь ороход хамаг хувцас хунар нь цус болчихсон хөл дор нь шар иштэй хутга байсныг цагдаа хэлсэн. Сэжигтэн ч “Намайг хүн хутгалчихлаа” гэж мэдүүлсэн байгаа юм.

-Сэжигтэнг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг. Гэвч ямар үндэслэлээр батлан даалтад гаргасан юм бэ?

-Буяннэмэх өөрөө хутгалуулсан, гэмтсэн гээд Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж хэвтсэн. Тус эмнэлэгт ажилладаг Мөнхбаяр эмчийн төрөл садан байсан юм билээ. Нэлээд нэр хүндтэй эмч байсан.13 хоногийн дараа “Танай хүүг алсан алуурчин хөзөр тоглоод сууж байна лээ” гэж надад хүн хэлсэн. Анхнаасаа мөрдөн байцаагч нь надад “Сэжигтэн сэхээнд байна” гээд бие нь хүнд байгаа гэж мэдээлсэн. Би танилаасаа сонсонгуутаа эмнэлэгт очиход энгийн тасагт хэвтэж байсан. Хамт нэг тасагт хэвтэж байсан өвчтөнүүд, эмнэлгийн цагдаа нь түүнийг хүний амь хөнөөсөн ч гэж мэдээгүй байсан. Зам тээврийн осолд өртөөд ирсэн гэж ярьсан байгаа юм. Намайг очсон шөнө эмнэлгээс Буяннэмэх оргосон. Би үүнийг мэдээд шууд Баянгол дүүргийн прокурорт өргөдөл гаргасан. Улмаар түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан. Гэвч удалгүй сэжигтний биеийн байдал муу гэх шалтгаанаар батлан даалтад гаргасан юм. Үүнээс хойш хагас жил гаруйн хугацаанд сэжигтэн этгээд сул чөлөөтэй явсаар анхан шатны шүүх хурлаар гэм буруугүйд тооцогдлоо. Энэ чинь юу гэсэн үг вэ. Бараг ялаа ч алж чадахгүй хүү маань өөрийгөө алсан болж таарч байна уу. Бүр 26 удаа өөр рүүгээ хутга дүрэх юм гэж үү.

-Шүүх хурлын явцад та шүүмжлэлтэй байгаа. Ямар учраас?

-Энэ сарын 27-ны 10:00 цагт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хурал эхэлсэн. Энэ хэргийн зүйл ангийг мөрдөн байцаалтын явцад өөрчлөн хөнгөрүүлээд, гурван жилийн хорих ял төлөвлөөд байсан юм. Хурлын үеэр шүүгч илт нөгөө талд ажиллаад, гурван жилийн ялыг нь ч өгөлгүй, бүр цагаатгах шийдвэр гаргачихлаа. Шүүх хурлын үеэр А.Алтанхуяг гэдэг шүүгч манай өмгөөлөгчийг үг хэлүүлэхгүй, хэргийн явцыг ярьж байхад товч ярь гэж загнаад байсан. Тэгсэн атлаа гэмт этгээдийг “Бие чинь гайгүй юу” гэхэд өнөөх нь “Хөл өвдөөд байна” гэж байх жишээтэй. Шүүгч “Заавал босох албагүй. Сууж байгаад мэдүүлгээ өг” гэсэн. Аав, ээждээ эрхэлж байгаа юм уу. Хүний аминд хүрчихээд хэнэг ч үгүй, бардам сууж байсан шүү дээ. Бараг л инээх нь холгүй байсан. Угаасаа шүүх хурлаас өмнө шийдвэрээ гаргачихсан байсан байна. Шүүх хурал биднийг хуурах төдий л ажиллагаа боллоо гэж манай өмгөөлөгч хэлсэн. Ер нь шүүх хурлын процесс хүртэл маш хурдан явагдаж шүүх хурлыг зургадугаар сард долдугаар сарын 5-нд гээд товлочихсон байсан. Надад мэдэгдээгүй. Би Хөвсгөлд явж байсан учраас очих боломжгүй гэсэн. Ингээд энэ сарын 20-нд болж хойшлогдсон. Тэгсэн шинжээч эмч нь ирэх боломжгүй гээд дахин хойшлогдоод сая болсон хэрэг. Асуудлыг ийм хурдан шийддэг гэмт хэргийн шүүх хурлыг би лав мэдэхгүй.

-Шинжилгээгээр гэмт хэрэг үйлдэхдээ өөрийгөө хянах бүрэн чадвартай гэж байсан. Яагаад эмчийн магадлагаа өөрчлөгдчихөв.Та юу гэж бодож байна?

-Д.Буяннэмэхийг хорих 461 дүгээр ангид саатуулах хугацаанд Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмч нар үзээд өөрийгөө бүрэн хянах чадвартай гэсэн магадлагаа гаргасан.

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Уламбаяр гэдэг хүн энэ хэрэг дээр ажилласан юм. Мөрдөн байцаалт өнгөрсөн сарын сүүлээр дууссан. Уг нь мөрдөн байцаалт анх эхэлж байхад энэ хэргийг Эрүүгийн хуулийн 91.1 буюу онц хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэсэн зүйл ангиар зүйлчилсэн байсан. Энэ зүйл анги нь 20-25 жилийн хорих ялтай байдаг юм байна. Мөрдөн байцаагч ч гэсэн энэ бол яах аргагүй 91.1 мөн. Хүнийг санаатай онц хэрцгий аргаар алсан гэж хэлж байсан юм. Яагаад гэвэл хүү үхэхээсээ өмнө маш их тэмцэлдээд гар хуруу нь хүртэл тасарсан байна лээ гэж байсан. Ийм атал мөрдөн байцаалтын явцад зүйл ангийг нь өөрчлөөд 93.1 буюу цочирдон давчидсан үедээ хүн алсан гэсэн зүйл анги болгоод хорих ялыг нь гурван жил болгочихож байгаа юм. Эцэстээ гурван жил хорих нь битгий хэл бүр гэм буруугүйд тооцоод цагаатгачихаж байна.

-Эмч нар зориуд Д.Буяннэмэхийн талд үйлчилсэн гэх гээд байна уу?

-Тэгэлгүй яахав. Би бол Д.Буяннэмэхийг яллагдагч гэнэ. Тэр хүн алчихаад гадуур зугаалаад явж байна шүү дээ. Түүнийг 2016 оны нэгдүгээр сарын 28-нд суллачихсан. Нэг ёсондоо эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргачихсан. Д.Буяннэмэх суллагдсанаасаа хойш эмч, цагдаа, прокурор гээд энэ хэрэгт холбогдох бүхий л байгууллагын гаргасан шийдвэрийг өөрчилж эхэлсэн.

Би яагаад зүйл ангийг нь өөрчилсөн юм бол гэж асуусан. "Шар хад"-ны эмнэлгийн эмч “Энэ хүн цочирдсон байсан учраас хүн алсан” гэсэн дүгнэлт гаргаад өгчихөж. Өмнө нь хэрэг болсны дараахан яг тэр эмнэлгийн гурвын гурван эмчийн дүгнэлтээр “Энэ хүн хэрэг гарах үед өөрийгөө жолоодох чадвартай байсан, хэрэг үүрэх чадвартай” гэсэн дүгнэлт гараад хавтаст хэрэгт нь хавсаргаад явж байсан юм шүү дээ. Гэтэл мөрдөн байцаалтын явцад бүх зүйлийг ингээд эргүүлчихэж байгаа юм.

-Та үүнд мөрдөн байцаагч холбоотой байж магадгүй гээд байгаа?

-Тийм ээ. Хэрэг гараад сар ч болоогүй байхад манай мөрдөгч Уламбаяр өөрөө надад “Энэ бол гарцаагүй онц ноцтой, санаатайгаар хүний амь хөнөөсөн хэрэг” гэж хэлж байсан. Гэтэл одоо мөрдөгч хүртэл зөвхөн нөгөө талд ажиллаж байна. Зүйл ангийг өөрчилсний дараа Эрдэнэцогт гээд дарга дээр нь ороод мөрдөгчөө өөрчилмөөр байна гэхэд хэргийг анхнаасаа мөрдсөн хүнийг одоо өөрчлөхгүй гэсэн. Д.Буяннэмэх гэдэг хүн бүгдийг мөнгөөр худалдан авч байна. Харамсалтай байна. Би хүү, охин хоёртой.

Гэтэл ганц хүүгээ алдаад шар махтайгаа хатаж байхад хүүг минь хөнөөсөн этгээд гэм буруугүй гээд зугаалаад явж байна.

-Та хүүг тань хөнөөсөн гэх Д.Буяннэмэхтэй биечилж уулзсан уу?

-Үгүй. Хоёр удаа барааг нь л харсан. Ах, эгч гэх хоёр хүнтэй нь харин уулзсан.

-Тэд тантай уулзаад юу гэх юм?

-Хүүгийн буяны ажилд зарцуулагдсан мөнгийг өгсөн.

-Хичнээн төгрөг өгсөн бэ?

-Есөн сая төгрөгийг бараг арав хувааж увуулан, цувуулан өгсөн. Энэ мөнгө буяны ажилд зарцуулагдсан. Тэгсэн хэрнээ намайг гомдолгүй гээд өргөдлөө буцаагаад авбал буяны ажилд зарцуулагдах мөнгийг нь өгье гэж шантаажилсан. Энэ мөнгөөр миний хүү босоод ирэх юм уу. Яасан хүний үнэргүй хүмүүс вэ. Би үнэн мөнийг тогтоож буруутай этгээдийг зохих хариуцлагаа хүлээгээсэй гэж хүсч яваа эх хүн. Магадгүй дахиад хэдэн ч хүний аминд хүрэх юм билээ. Хэн ч мэдэхгүй шүү дээ.

-Та давж заалдах шатны шүүхэд хандана гэсэн?

-Хандана. Хууль зүй, дотоод хэргийн яам гээд хандаж болох ямар л газар байна бүгдэд нь хандана. Хүүгээ алдсан эх хүний шаналангаар энэ хүмүүс тохуурхаж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ч хандана гэж бодож байгаа. Гэхдээ би айдастай байна. Энэ алуурчин мөнгөтэй юм байна. Танил талтай хүн байна. Хүүг минь хорин хэд хутгалж хөнөөчихөөд "Би алаагүй ээ, намайг л хутгалсан, тэр хүү өөрийгөө хутгалсан" гэж хэлээд та бидний дунд чөлөөтэй сэлгүүцээд амьдарч байна. Намайг ирээд алахыг хэн байг гэх юм бэ. Хамгаалдаг газар байна уу. Би энэ хэргийг яаж шударга үнэнээр шийдүүлэх вэ. Хэргийг илтэд буруу шүүж байгаа энэ шүүгчийг хэн томилсон юм бэ. Би хаана хандах ёстой вэ. Бид ардчилсан оронд амьдарч байгаа юм бол үнэн хэзээд ялах ёстой.