Шинэхэн сайд Ц.Дашдорж та “Оюутолгой”-нхны үгэнд 100 хувь итгэх үү?
2016/08/10
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Оюу толгой” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж Оюутолгойн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын тухай сонссон гэх албан мэдээ байгаа юм.
Шинэхэн сайд нөхцөл байдлын талаар сонсоо л биз. Гэхдээ өнгөрсөн хугацаанд тодорхой баримтууд дээр үндэслэгдэн яригдаж ирсэн асуудлуудын талаар анхаарч байгаа эсэх нь сонин байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа жил гаруйн өмнө чимээгүйхэн Дубайд газардчихсан байж билээ. Тэгээд тэр “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталж гарын үсэг зурах ёслол”-д оролцож, Монгол Улсын Засгийн газар, “Rio Tinto”, “Turquoise Hill Resources” гэсэн гурван тал Далд уурхайн төлөвлөгөөг албан ёсоор баталснаар, 1 жил 8 сарын хугацаанд хүлээлгийн өрөөнд байсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх нь тодорхой болж байв. Улсын эдийн засгийг идэвхжүүлж, улмаар олны амьдралд эерэг нөлөөллийг дагуулна гэсэн хүлээлтийг багагүй хугацаанд тээж ирсний хувьд Оюутолгой төсөл урагшлана гэдэг чимэгтэй мэдээ л дээ. Гэхдээ Дубайд хийсэн тохиролцоо өнгөрсөн хугацаанд чамгүй асуудал дагуулсныг хэлэх хэрэгтэй. Нэр бүхий нөхдүүдийн зүгээс Монгол Улсад ашиггүй тохироо хийгдсэн гэсэн байр суурийг илэрхийлдэг. Түүний Дубайд очиж хийсэн гэрээ нь Ерөнхий сайдаар ажиллах эрхгүй гэдгийг нь баталгаажуулж байгааг Г.Уянга нарын нөхдүүд хэлж ярьж ирсэн. Тэгвэл өнгөрсөн тавдугаар сард Ерөнхий сайд Өмнөговь руу нисээд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийг эцэслэн батлалцаад ирсэн билээ. Тодруулбал, “Оюутолгой″ компанийн мэдэлд гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрөл очсон. Бүр тодотгож хэлбэл, Дубайн тохиролцоо амь орсон.
“Turquoise Hill Resources”-ийн зүгээс өнгөрсөн онд мэдэгдэхдээ далд уурхайд нэмэлт 4.9 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж байсан бол, хэрэг дээрээ 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон.
Дубайд талуудын тохиролцсон асуудлуудыг эргэн сануулахад, ТЭЗҮ-ийг дахин хянах, батлуулах,төслийн санхүүжилтийг эцэслэх, шаардлагатай бүх зөвшөөрлийг авах гэхчлэн асуудлуудаас гадна “Оюу Толгой” компанийн 30 сая ам.долларын татварын актыг төлүүлэхээр тохиролцсон байдаг. Мөн Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ болон “Таван толгой” цахилгаан станцаас эрчим хүч авах асуудлыг эцэслэн тохиролцсон гэх мэдээллүүд байдаг. Харин яг Монгол Улсад үлдэх үр ашгийн тухайд эргэлзээтэй байр сууриудыг талууд илэрхийлдэг юм.
Тухайлбал, С.Ганбаатар хэлэхдээ Дубайд хийсэн тохиролцооны уршгаар Монгол Улс 2048 он хүртэл Оюутолгойгоос татвар авахгүй, харин бидний төлөх өр нэмэгдэнэ, төлөвлөгөө гэх тодотголтой гэрээ батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, Оюутолгойгоос авах Монголын талын ногдол ашиг 2048 он хүртэл 0 болно. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын барьцаанд Монголын ашигт малтмалын орд тавигдах нөхцөл байдал үүсээд байна гэхчлэн байр сууриа илэрхийлсэн. За харин “Rio Tinto” группийн Зэс, нүүрсний группийн Гүйцэтгэх захирал Жан-Себастиан Жак мэдээлэл хийхдээ Дубай дахь хэлэлцээ Монгол Улсын Засгийн газарт илүү ашигтай болсон байна гэсэн юм. Нийт төслийн үнэ цэнийн хоёр орчим хувь нь хөрөнгө оруулагчийн талаас Монголын Засгийн газарт шилжсэн гэж тэр хэлсэн байгаа юм. Сүүлийн 10 сарын роялтигийн нөхөн төлбөр, 30 сая ам.долларын татварын акт зэрэг нийт 148 сая ам.долларын бодит ашиг Монгол Улсын Засгийн газрын талд гарсан гэх зүйлийг тус компанийн зүгээс мэдэгдэж байв.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Улаан хэлэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ бүх гэрээг нэг бүрчлэн уншиж танилцсан байх ёстой. Шүлэг цээжилж байгаа юм шиг уншаад өнгөрөх биш цаад утга учир нь юу вэ гэдгийг ойлгож харсан байх ёстой. Нэр дурдсан бүх зөрчлийг илрүүлсэн санхүүгийн тайланг ажлын хэсэг 2014 оны зургадугаар сард Засгийн газарт танилцуулсан. Тэр үед өнөөдрийн Ерөнхий сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан шүү дээ. Үнэндээ өнөөдөр ийм гэрээнд гарын үсэг зурж байгаа хүмүүст Монголоо гэсэн сэтгэл байхгүй. Гадныхны нүдээр хөдөлж байна гэхээс өөр хэлэх үг алга. Тэр бүү хэл Дубайн гэрээнд гарын зурсан нөхдүүд өмнөх Засгийн газрын үед хийсэн шалгалтын дүнг үгүйсгэж, “Хэл усгүй хүмүүс шал дэмий юм хийсэн байна” гэж нөгөө талдаа ойлгуулсан гэнэ лээ. “Энэ хүмүүстэйгээ хариуцлага тооц. Асуудалд ингэж хандаж яаж болдог юм. Дэндэнэ гэхэд арай байж болохгүй” гэдгийг Ерөнхий сайдад ч хэлсэн хэмээн хэвлэлд байр сууриа илэрхийлсэн байдаг.
Сүүлд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдын суудал дээр нь авч үлдэлцсэн “Шударга ёс” эвсэл ч Дубайн тохиролцоог хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж л байсан юм. Тодруулбал, Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн, Монголын талын эрх ашгийг эдийн засаг, санхүүгийн хувьд илт хохироосон, Оюу толгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг эрс бууруулсан үр дагавартай 4.3. (a), (b), 4.4, 4.5 (а) болон 5.6 дугаар зүйл, заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж нэн даруй хүчингүй болгох шаардлагатай байна. “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй “Гэрээ”-нд зохих засвар, өөрчлөлт оруулж тохиролцох ажлыг 14 хоногт багтаан хийж гүйцэтгэн дүнг УИХ-д илтгэхийг Засгийн газраас шаардаж байна. УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлэг Оюу толгой төслийг Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд, хамтран ажиллах талуудад харилцан ашигтай, монголчуудад өгөөжтэй байх нөхцөлөөр хэрэгжүүлэх байр суурин дээрээ хатуу зогсох болно гэдгээ мэдэгдэж байна” хэмээцгээж байсан.
Тэгэхээр шинэ засгийн шинэ сайд Ц.Дашдорж та Оюутолгойтой холбоотой анхаарал татсан асуудлуудыг чихнийхээ хажуугаар зүгээр өнгөрөөх нь зохисгүй л болов уу.
“Оюу толгой” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх, Гүйцэтгэх захирал асан Эндрью Вүдлэй, “Рио Тинто”-гийн Монгол Улсыг хариуцсан захирал С.Мөнхсүх тэргүүтэй төлөөлөгчид салбарын сайдтай уулзахдаа бол осол аюулгүй бөгөөд тогтвортой ажиллах дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлж, дэмжихэд чиглэсэн үндэсний худалдан авалтын бодлогыг мөрдөн ажиллаж байгаагаа танилцуулаад энэ оны 2 дугаар улирлын эцсээр нийт ажиллах хүчний 93 хувийг монголчууд бүрдүүлж байгаа гэжээ. Мөн Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд эзэмшлийн 50-иас дээш хувийг Монголын иргэн эзэмшдэг ханган нийлүүлэгчтэй түншилж ажиллахыг зорьж, ялангуяа гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын хөрөнгө оруулалтын нэлээд хувийг Монголд үлдээхийг чухалчилж байгаа гэх мэдээллийг өгчээ.
Чухам тэгээд шинэхэн сайд маань Оюутолгойнхны үгэнд 100 хувь итгэх үү, судлаачдын байр сууриудад бас анхаарах уу гэдгээ бодно биз ээ.
Эх сурвалж:Шуурхай.мн
Э.Болор
Зочин · 2016/08/10
nice