Амралт зугаалгын улирал дуусч цэцэрлэг, ерөнхий боловсрол их дээд сургуулийн хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор томоохон худалдааны төв, зах орчмийг тойрсон авто замын хөдөлгөөн ихсэж түгжрэл саатал бий болж иргэд олон нийтийг маш ихээр бухимдуулдаг. Авто замын хэт ачаалал, түгжрэл саатлыг арилгах, иргэд олон нийтийг ая тухтай үйлчлүүлэх, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах ажлуудыг зохион байгуулахаар боллоо.

1.Төвлөрсөн зах, томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг дүүрэг бүр нутаг дэвсгэртээ 5-аас дээш газарт төлөвлөрсөн үйлчилгээний цэгийг бий болгож байгаа тул иргэд заавал томоохон худалдааны зах, төврүү зорчихгүй байх, цаг зав, бензин шатахуунаа хэмжих, ая тух таатай үйлчлүүлэх боломжит нөхцөлийг бүрдүүлж байна.

2. Нийслэлийн засаг даргаас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хийгдэж байгаа зам засварын ажлыг чанартай түргэн шуурхай гүйцэтгэх, орон сууц, гэр хорооллын доторх замын эвдрэлийг засварлан замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн зорчих нөхцлийг бүрдүүлэн ажиллахыг Улааанбаатар хотын ерөнхий менежер, Нийслэлийн Авто замын газрын дарга, дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон .

3. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг аюулгүй тээвэрлэх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, илэрсөн зөрчил дутагдлыг арилгуулан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх, Монгол улсын “Сургуулийн автобусанд тавигдах MNS 6444:2014 стандартыг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны хооронд Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн тээврийн газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн автобусанд үзлэг шалгалтыг хамтран хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах тал дээр анхаарч ажиллах.

4. 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны хооронд Ерөнхий боловсролын сургуулийн орчимд зам тээврийн осол хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Сургууль орчмын эргүүл”-д ажиллах эцэг эхчүүд, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтанг томилох, явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулах, мэргэжлийн удирдлагаар хангаж, хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа хүүхдүүдэд тавих хяналтыг сайжруулах ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулна.

5. Авто машины түгжрэл саатал, бөөгнөрөлийг бууруулах, иргэд олон нийтийг ая тухатай таатай зорчих нөхцөл байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Засаг Даргын 2016 оны 08 дугаар сарын 17- ны өдрийн А/605 тоот захирамжаар автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 20, 27-ны Бямба гарагуудад, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 21, 28-ны Ням гарагуудад өглөөний 0800 цагаас 2000 цагийн хооронд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 225 дугаар тогтоолын дагуу зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулсан бөгөөд авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээний болон зөөврийн ус хангамжийн автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хязгаарлагдсан дугаартай автомашинтай хязгаарлалтын бүсэд зорчихгүй байх, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх, аль болох нийтийн тээврийн хэрэгслийг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, тээврийн хэрэгсэлээр тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангах, тээврийн хэрэгслээ зориулалтын талбайд байршуулан бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандан замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж соёлтой оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.