Оросын Элчин сайд манай Спикертэй ойлголцов уу?
2016/09/02
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлүүлэх хүсэлтийг тус нийгэмлэг болон Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас ирүүлээд байгаа.
Хэрэв манай тал уг асуудлыг зөвшөөрөхгүй бол Оросын транзит тээврийг зогсооно гэж байгааг албаны нөхдүүд хэлсэн. Хэрэв тэгээд “Улаанбаатар төмөр зам” транзит тээврийн орлогогүй болвол хэнд ашигтай вэ гэдэг асуудал тавигдахаар БНХАУ руу төмрийн хүдэр экспортлогч “Болд төмөр Ерөө гол” ХХК-д нэн тустай талаар хэлж яригсад байгаа юм. Транзит тээвэр, төмрийн хүдрийн тээвэр гэсэн хоёр эх үүсвэрээс орлого олж буй УБТЗ энэ компанийн эзний хараа хяналтанд орно гэх. Түүнчлэн УБТЗ-ын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрсэн, транзит тээврийн ирээдүйн төлөө ОХУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён К.И.Азизов УИХ-ын дарга М.Энхболдтой яаравчлан уулзсан гэх мэдээлэл байсан. Тэгвэл уулзалтын үр дүн гарч эхэлж байгаа харагдана.
Учир нь чуулганы хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд 1949 онд байгуулсан хэлэлцээр болон одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн орчны хүрээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд импортоор оруулж ирэх дизелийн түлшинд ногдуулах онцгой албан татварыг чөлөөлөх боломжгүй байгаа юм байна.
Татварын ерөнхий хуулийн 3.1-д “Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан тул тусгайлсан хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх замаар тус нийгэмлэгийн хэрэгцээнд импортоор оруулж ирэх дизелийн түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх боломжтой. Мөн Төсвийн тухай хуулийн 6.2.5-д “Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэж заасан тул дээрх хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд тусгалаа хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн байнгын хорооны гишүүдэд танилцуулав.Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан байгаа. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүндийн 25.5 хувь дээрх саналыг дэмжээгүй тул Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлээд байна.
Тэгэхээр өмнө нь байнгын хороон дээр бүдрээд байсан уг асуудал ямартаа ч ингээд хэлэлцэх эсэх нь дэмжигдлээ. Оросын элчин хийгээд манай спикер хоёр сайн ойлголцсон бололтой.
Эх сурвалж: Шуурхай.мн
Зочин · 2016/09/02
nice