"Өдрийн сонин"-ы №199 (5464) дугаараас авч нийтлэв.

Эрүү, Зөрчлийн хуулийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах санал Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа. Тус асуудлаар АН-ын бүлгийн авсан завсарлага өчигдрөөр дууссан. Тэгвэл өчигдөр Эрүү, Зөрчлийн хуулийн талаар АН-ын бүлгийн хурал дээр Хууль зүйн сайд С.Бямбацогт болон бусад холбогдох хүмүүс мэдээлэл өгсөн юм. Ингээд АН-ын бүлгийн хуралдаан хэрхэн өрнөсөн талаар хүргэе.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:

-Эрүү, Зөрчлийн тухай хуулийг Засгаас буцааж татах гэж байгаатай холбогдуулан холбогдох хүмүүсийг байлцуулж хэлэлцүүлэг явуулахаар шийдлээ. Энд ямар нэгэн улс төрийн зорилго агуулаагүй. Эрүү, Зөрчлийн тухай хуулийг дагаж процессын хуулиуд батлагдсан байгаа. Процессын хуулиуд дээр сүүлийн найруулга сонсоогүй байсан. Хууль бол хүчин төгөлдөр батлагдсан гэж бид үзэж байгаа юм. Хууль зүйн яамны мэдээлэл танилцуулгыг эхлээд сонсоё.

Хууль зүйн сайд С.Бямбацогт:

-Эрүү, Зөрчлийн тухай хуулиудыг 2015 оны арванхоёрдугаар сарын 3, 4-ний өдөр 2016 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан. Гэхдээ есдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөд тодорхой хүндрэл, бэрхшээл тулгарахаар байгаа. Эрүү, Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх гол нөхцөл болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны хуулийн шинэчилсэн найруулга, Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан боловч эцсийн найруулгатай танилцаж, ёсчлогдож, албан ёсоор хэвлэн нийтлээгүй байгаа. Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах боломжгүй болсон. Тухайлбал, дээрх хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 70 орчим журам заавар, аргачлал, загвар зэрэг эрхзүйн дэд актуудыг холбогдох Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор болон олон субьект дангаараа болон хамтран батлахаар заасан байдаг. Харамсалтай нь Эрүү, Зөрчлийн хуулийг дагаж гарах таван хууль маань ёсчлогдоогүй байгаатай холбогдуулан энэ журам зааврыг батлах боломж хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад гаргахгүй байгаа юм. Ийм учраас боловсруулалтын шатанд байгаа журам, зааврууд маань өнөөдөр батлагдах боломжгүй болчихоод байна. Хоёрдугаарт нь, Эрүү, Зөрчлийн хуультай хэрэгжилтийн нягт холбоо бүхий бусад хуулиудын үзэл баримтлал, агуулга, мөн чанарыг олон нийтэд сурталчлан таниулах хэрэгтэй. Ард түмэн маань энэ хуулийн агуулга, үзэл баримтлалыг мэдэж байх ёстой. Ийм бололцоо бүрдээгүй. Хуулийг хэрэгжүүлэх 40 гаруй мянган албан хаагчийн хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, захиргааны зөрчлийг шалган шийдвэрлэх шатанд тогтсон хэвшлийг өөрчлөх зорилгоор сургалт бусад арга хэмжээг хийх учиртай. Энэ сургалтууд цаг хугацаа шаардсан ажил болно. Мөн ШШГЕГ дээр 1500 орчим орон тоо шинээр бий болж энэ хууль хэрэгжих хүн хүчний бололцоо бүрдэнэ. Үүнтэй холбоотой зардал улсын төсөвт суугаагүй. Энэ бас шалтгаан болж байна. Мөн ШШГЕГ дээр хаалттай болон нээлттэй хорих ангиудыг шинээр барьж байгуулах шаардлага гарч байгаа. Үүнийг шийдвэрлэхэд 91 тэрбум төгрөг хэрэгтэй. Өнөөдөр мөн л 91 тэрбум төгрөгөөр шинээр хорих анги барих, өөрчлөн байгуулах бололцоо боломж байхгүй байгаа юм. Иймэрхүү нөхцөл байдлын улмаас Эрүү, Зөрчлийн хууль болон бусад дагалдах хуулиуд хэрэгжих бололцоогүй байгаа. Хэн нэгэн зориуд санаатай хойшлуулах гээд байгаа юм биш” гэв.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Засгийн газрын хувьд би нэг зүйлд харамсаад байгаа. Эрүүгийн хуулийн шинэчлэл бол өнгөрсөн УИХ-ын хийсэн хамгийн том шинэчлэл байсан. Энэ Засгийн газар хамгийн түрүүнд Монголын 26 жилийн ардчилсан түүхийн том ололтоос ухрах санал шууд оруулж ирж байна. Олон зуун хүн ажиллаж, улс эх орон даяараа хөдөлж, бүхий л хүний эрхийн ТББ-уудын санал, дүгнэлтүүдийг тусгаж энэ хуулийн шинэчлэлүүдийг хийсэн. Гэтэл дургүйд хүчгүй гэгчээр дөнгөж эцсийн найруулга сонсох ёстой хэдэн хуулийнхаа эцсийн найруулгыг сонссонгүй. Цаана нь олон хүний эрх зөрчигдөж байгаа нь харамсалтай байгаа юм. Яг албан ёсоор Их хуралд өргөн барьсан хуулийн төсөл дээр буцаах гурван үндэслэл байгаа юм. Олон нийтэд сурталчлаагүй, сургалтыг зохион байгуулаагүй, холбогдох дүрэм, журмыг боловсруулаагүй байна гэж байгаа. Хэрвээ энэ хуулиудыг ёсчлоод өгчихсөн бол энэ бүх сургалт, бэлтгэж байсан сурталчлан таниулах асуудлууд чинь хэрэгжээд явчих байсан. Ер нь энэ хууль шиг сайн сурталчлагдсан хууль байхгүй шүү. Худлаа үндэслэл хэлээд байна. Хууль зүйн байнгын хорооноос гаргасан ажлын хэсэгт холбогдох яамны хүмүүс байсан. Тэднээс асуухаар “Бүх журам маань бэлэн болсон. Ганцхан ёсчилчих юм бол маргааш нь ажилдаа ороход бэлэн” гээд байгаа юм. Ийм зөрүүтэй юм ярьж байна. Энэ хуулиуд бол 1990 оны ардчилсан хувьсгалтай тэнцэх, дүйх хэмжээний ололт гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа шүү. Та бүхэн үүнийг буцааж байна. Одоо бас ардчилсан хувьсгалаа үгүйсгээд Монгол Улсад эргээд дарангуйлал бий болгох уу. Эцсийн эцэст ийм л дүгнэлтэд хүрч байна. Шинэ хуулиар 1500 хорих газрын ажилтан авна гэж байна. Тийм юм байхгүй. Энэ хууль хүчин төгөлдөр болоход хүн болгон дээр өгч байгаа ял өөрчлөгдөнө. Олон шорон, хоригдол байх шаардлагагүй. Бүх насаар нь гэмт хэрэгтэн, хулгайч, дээрэмчин болгох тогтолцоо биш иргэн бүрийг алдаа хийсэн бол эргээд нийгэмдээ оруулдаг ийм л тогтолцоог бий болгох гэж хуулиудыг хийсэн. Өөрийн чинь ярьж байгаа шиг олон шинэ шорон барьж, 1500 шинэ харгалзагч авах шаардлага байхгүй. Ийм боломжгүй үндэслэлүүдээр энэ эрхзүйн шинэчлэлийг буцааж байгаа нь энэ Монголын нийт ард түмний хувьд туйлын харамсалтай байгаа юм. Би та нарт яг үзмэрч шиг хэлчихье. Эрүү, Зөрчлийн хуулийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Энэ дотор Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль байгаа. Олон олон эмэгтэйчүүд, ахмадууд, хүүхдүүдийн асуудлыг бид нийгмээрээ ярьж байж гаргасан. Энэ хуулиудыг хамт татаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд байгаа хүнд нэг өдөр ч гэсэн үнэтэй. Тэр бол амьдралын өдөр байдаг. Энэ бүгдийг хэдэн сар жилээр хойшлуулж, ажлаа хийхгүй, би дургүй гэсэн хүсэлт эрмэлзлийнхээ дор өнөөдөр Монголын нийгмийг хойш нь татсан алхам хийж байна. АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Хуулийн дагуу тав хоног өгөх ёстой. Гэтэл Хууль зүйн байнгын хорооны дарга анх удаа УИХ-д орж ирээд анхны хуралдаанаа даргалахдаа гаргасан шийдвэр нь хууль зөрчиж АН-ын бүлгийн тав хоногийн завсарлагыг нэг хоног гэж доромжилж байгаа нь байж болохгүй зүйл. Бид хууль ёсны байгууллагад нь хандаж эрхээ хамгаалах болно гэдгээ хэлье.

Хууль зүйн сайд С.Бямбацогт:

-Л.Болд гишүүний хувьд харамсаж байна. Шүүхэд хандаж болно та. АН-ын хийсэн хууль эрхзүйн шинэчлэлээс ухарч байна гэж хэлж байна. Ухраагүй. Ардчилсан парламент бий болсноос хойш хуулиа ёсчилж батлахгүй Их хурал нь тарчихсан нөхцөл анх удаа бий болж байгаа. Ийм нөхцөл байдлыг зохицуулсан зохицуулалт алга байна. Үүнээс чинь болоод хууль хэрэгжих боломжгүй болчихоод байна. Тодорхой үндэслэлүүдийг хэлж байхад өдөр болгон өөр тайлбар хэлж байна гэж хүнийг гүтгэж болохгүй. Эрүү, Зөрчлийн хуулийг 2015 оны арванхоёрдугаар сард баталсан. Гэхдээ зоосны хоёр тал болсон дагаж хэрэгжүүлэх Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон холбогдох бусад хуулиудыг хамтад нь батлаагүй, ёсчлоогүй. Үүнээс болоод хуулийг сурталчлах, сургалт явуулах бололцоо боломж бүрдсэнгүй. Энэ нөхцөл байдал яагаад бий болчихсон юм. Үүнийг би эргэж яримааргүй байна л даа. Хуульд хаалттай, нээлттэй шорон барих, ШШГЕГ-т 1500 орон тоо шинээр бий болгоно гэчихсэн байна. 2016 оны төсөвтөө суулгаад бэлэн болгочихгүй яасан юм. Зуун задгай жаран хагархай явж ирчихээд хэтэрхий улс төржиж байна гэдэг байдлаар матрын нулимс унагаад байх хэрэггүй.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:

-Гишүүд болон оролцож байгаа хүмүүс Эрүү, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих эсэх тал дээр ярилцъя. Хуулийн нарийн зохицуулалт заалт руу орох шаардлагагүй. Гол зарчим энэ хууль цаашаа хэрэгжих юм уу, үгүй юу.

Хууль зүйн сайд С.Бямбацогт:

-Цаашаа хаалттай, бүлгийнхээ дотор ярья л даа. Ингээд олон нийтэд яриад байх хэрэггүй байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Эрүү, Зөрчлийн тухай хуулиуд батлагдсанаас хойш нийтдээ есөн сар гаруйн хугацаа өнгөрч байгаа. Энэ хуулийг Засгийн газраас татаж авахдаа ард иргэдэд тайлбарлаагүй. Хуулийн байгууллагуудад сургалт явуулаагүй гэх шалтгаан хэлж байгаа. Ер нь бол энэ буруу жишиг тогтоох гэж байна. Хууль батлагдаж гарсан даруй хэрэгжих ёстой. Гэтэл хэрэгжүүлэх байгууллага нь бид энэ сургалтыг хийгээгүй. Тийм учраас Засгийн газар татаж ав гэдэг шаардлага тавьж байна гэдэг ерөөсөө институци хоорондын зөрчлийг гаргах үндэс болж байна. Жишээ нь, төсвийн тодотголын хуулиар татвар нэмж байгаа. Гэтэл Хан-Уул дүүргийн татварын албаныхан "бид ард нийтэд танилцуулаагүй, журмаа гаргаагүй" гээд УИХ-аас гаргасан татвар нэмэх заалтыг хэрэгжүүлэхгүй хойшлуулж өг гэвэл яах вэ. Дурын байгууллагууд хууль, журам хэрэгжүүлэхгүй байх боломж олгож байна. Тэгэхээр энэ үндэслэлгүй байгаа юм. Энэ хуулийг улс төрийн шалтгаантай буцааж байгаа нь нэгэнт ил болсон. Нэгдүгээрт, Ардын нам хүний эрх, эрх чөлөөний талаар амнаасаа ганхийж дуугардаггүй нам. Тийм учраас хуулийг буцааж тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж буцаагаад эрүүгийн нөхцөл байдлаа хэвээр нь үлдээх бодлоготой байна. Хоёрдугаарт нь, Ерөнхийлөгчийн сонгуульд хандсан улс төр явж байна.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:

-Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт байвал тавья. Дараа нь саналаа тавья.

Хууль зүйн сайд С.Бямбацогт:

-Хаалттай хуралдсан тохиолдолд би тодорхой мэдээлэл тоо баримт ярина. Нээлттэй яриад байх шаардлагагүй.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:

-Нууцын зэрэглэлтэй юм байхгүй шүү дээ.

Хууль зүйн сайд С.Бямбацогт:

-Асуултад нээлттэй хариулах боломжгүй. Журмаа барь.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:

-Таныг нууцын зэрэглэлтэй асуултад хариулт өг гэж хэлээгүй. Бид хаалттай журам зарлаагүй. Засгийн газрын сайдын хувьд та бүлэг дээр мэдээлэл өгөх үүрэгтэй. УИХ-ын гишүүн гэдэг утгаар биш Хууль зүйн сайдын хувьд та энд тайлбар өгөх ёстой шүү. Хуульзүйн байнгын хороо нээлттэй хуралдаж байсан учраас нуух юм байхгүй.

(Хууль зүйн сайд С.Бямбацогт хаалттай хэлэлцэхгүй бол тайлбар өгөхгүй гэсээр шууд гараад явлаа. Түүний дараахан тус яамны холбогдох хүмүүс гарсан юм)

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл:

-Энэ хуулиудыг хэлэлцэж байхад Хууль зүйн байнгын хороонд байсны хувьд тайлбар өгөхөөр ирсэн юм. Хууль зүйн сайд С.Бямбацогт ард түмэнд сурталчлагдаагүй учраас хойшлуулах гэж байна гэж хэлж байна. Энэ бол дээд зэргийн үндэслэлгүй тайлбар. Би сурталчилсан гэдгээ батлахын тулд шаргал хувцас өмсч ирлээ. УИХ-ын түрүүчийн парламентад байсан эмэгтэй гишүүд эдгээр долоон хуулийг баталсны дараа бүгдээрээ шаргал цамцтай ирээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цогц бодлоготой боллоо гэж өргөн сурталчилгаа явуулсан. Яг гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн эрх ашиг есдүгээр сарын 1-нээс эхлээд дээд зэргээр зөрчигдөх гээд байна. Иргэн бүр хүүхдийн хүчирхийллийг мэдээлэх үүрэгтэй болох байлаа. Гэр бүлийн хүчирхийлэлд амь нас, эрүүл мэнд аюултай байдалд орсон үед цагдаагийн албан хаагч шууд эхний дуудлага болж очих үүрэгтэй болж байсан. Хүчин төгөлдөр болчихсон таван хуулийг ёсчлоход ердөө нэгхэн өдөр хэрэгтэй. Тэгэхэд шинэ чуулган нээлтээ хийснээс хойш 43 хоног өнгөрчихсөн байгаа. Маш олон харгалзагч хэрэг болно гэдэг үндэслэлгүй. Энэ Эрүүгийн хуулиар бид хорихоос өөр төрлийн дөрвөн ял оруулж өгсөн шүү дээ. Гэтэл бидэнд илүү шорон, харгалзагч хэрэгтэй байна гээд байгаа нь магадгүй Эрүүгийн хуулиа Хууль зүйн сайд уншиж амжаагүй байгаатай холбоотой болов уу гэж бодож байна. Өнгөрсөн хавар, зуны турш хуульчид сургалтад хамрагдсан. Маш олон хуульчид хамрагдсан шүү. Тэр хуульчдыг бүгдийг нь халаад хаячихаагүй юм бол маш олон байгаа. Сургалтад хамрагдсан хуульчдаа халах жагсаалтад оруулчихсан учраас ийм буруу юм яриад байгаа байж магадгүй. Бид 20 гаруй жил хүсэн хүлээсэн эрүүгийн тогтолцоогоо хийсэн. Үүнээс Монгол Улс ухарч болохгүй. Ухарвал хүүхдийн амь нас, эрүүл мэнд, өдөр тутам учирч байгаа хохирогчдын зовлонгоор төлөгдөнө. Муухай үгээр хэлмээргүй байна. Гэхдээ хуулийг ухрааж байгаагаас зовлон, чарлаан, тарчлаан үнэртэж байна. Хаалттай хаалганы ард байдаг зовлонг дуусаасай л гэж бид энэ хуулийг гаргасан шүү дээ.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:

-Хариулт өгөх Хууль зүйн сайд маань хаалттай горим шаардаад гараад явсан. Тэгэхээр одоо зөвхөн санал хэлье. Дүгнэж хэлэхэд Хууль зүйн яамнаас сая эдийн засгийн тооцоо судалгаа багатай, үндэслэлгүй тайлан мэдээлэл өгч байгаад хуралдаан даргалж байгаагийн хувьд харамсал илэрхийлж байна. Монголд өнөөдөр юу л байна, шорон байгаа. Нэмж шорон барих шаардлага ерөөсөө байхгүй. Бидний шинээр гаргаж байгаа хууль дүрмээр хоригдож байгаа хүн буурна уу гэхээс нэмэгдэхгүй. Хоригдлын тоог аль болох бууруулах, хүний эрхийг дээрдүүлэх энэ чиглэлийн хуулиудыг санаачилж оруулсан. Хорихоос бусад хэлбэр загварыг оруулсан хууль байсныг цохож хэлмээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын одоо ажиллаж байгаа орон тоотой тэнцэх орон тоог ч нэмэх шаардлага байхгүй. Тийм судалгаа тооцоо ч байхгүй.

Ийм үндэслэлгүй толгой тархийг угаасан ядмаг тайлбараар Эрүү, Зөрчлийн тухай хуулийг буцаах гэж байгаа нь харамсалтай байна. Нэгэнт хүчин төгөлдөр болсон батлагдсан Эрүү, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулна гэдэг хэрэгсэхгүй болгох эхний алхам гэж АН-ын бүлэг харж байгаа. Ёсчлогдоогүй таван хууль байгаа. Энэ таван хуулийг татах эрх Засгийн газарт байхгүй. Хуульд Засгийн газар өргөн барьсан хуулийг хэлэлцүүлгийн аль ч шатанд татаж авч болно гэж байгаа. Гэтэл ёсчлох асуудал нь өөрөө хэлэлцүүлгийн аль нэг шатанд байдаггүй юм. Хууль алх цохисноор хүчин төгөлдөр болсон. Энэ байхгүй эрхийг эдэлж хуулийг татах саналыг оруулж ирж хуульд заасан эрхээс давсан үйлдлийг Засгийн газар хийх гэж байна гэж харж байна. Хуульчид үүнийг маш сайн ойлгож байгаа байх.

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:

-Хууль зүйн сайдын хэлсэн үгийг бүгдээрээ сонслоо. Эд нар 65 гишүүнээрээ дулдуйдаж хүч түрэх бодлого барьж байна. Ганцхан хүний эрхийн асуудал биш. Энэ Засгийн газрын хэлэлцэж байгаа мөрийн хөтөлбөр нь ерөнхийлсөн, тоо баримт байхгүй, эзэнгүйдүүлсэн ийм л юм болж байгаа. Тэр 40 гаруй мянган хүнийг давтан сургах асуудал байна. Маш олон сургалт хийсэн. Х.Тэмүүжингийн үеэс эхлээд Д.Дорлигжав сайдын үед олон сургалт хийсэн. Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгждэг. Хууль батлагдсаны маргаашаас хэрэгжүүлээд зохион байгуулаад явчихдаг хүмүүсийг басамжилсан үг хэлж байна. Есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхэд 40 гаруй мянган хуульчийг бэлэн байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Хаалттай нээлттэй шорон барина гээд яриад байх юм. Бид шоронгоос хүн чөлөөлөх гээд байгаа юм шүү дээ. Дүрэм журмыг өнгөрсөн хугацаанд хийгээд явж байсан яамныхныг ч Төрийн нарийн бичгийн даргаас доош бүгдийг нь халах юм байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Төсөв зардалтай холбоотой асуудлаар хүний эрхэнд, баялаг бүтээгчдийн эрхэнд халдаж болохгүй. Төрийн албан хаагчдын эрхэнд халдаж болохгүй. Төсөв зардалтай холбоотой асуудлаар 80 мянган иргэний орон сууц өмчлөх эрхэнд халдаж болохгүй л дээ. Харамсалтай нь өнөөдөр зөвхөн төсөв, зардал гэж байгаа. Энэ хүрээндээ АН-ын хийсэн бүхнийг үгүйсгэлээ. Хууль эрхзүйн ололтууд байхгүй болж байна. Би бүлгийн даргад байр сууриа хатуу илэрхийлье. Эрүү, Зөрчлийн хууль болон түүнд холбогдох таван хууль бол Монгол Улсын өмнөх парламентаар батлагдсан хууль гэдэг дээр АН хатуу байр суурь барих ёстой. Хэрвээ үүнийг зөрчөөд Засгийн газар асуудал оруулж ирэх юм бол Засгийн газрыг огцруулах саналыг АН гаргах ёстой. Зардал, төсөвтэй холбоотой асуудал байж болно. Харин хүний эрхтэй холбоотой асуудлаар ийм хууль зөрчсөн үйлдэл гаргаж байвал Засгийн газрыг огцруулах асуудлыг АН маргаашаас эхлээд тавих ёстой. Бид яагаад ийм хүлцэнгүй байх ёстой юм бэ. Тэр 65 гишүүн бүгдээрээ эрээ цээрээ алдсан, нэг кнопонд орчихсон гэж бодохгүй байгаа. Хүний эрхийг хамгаалах хүмүүс байгаа байх. Ийм саналыг та бүхэндээ тавьж байна” гэснээр АН-ын бүлгийн хуралдаан үргэлжлэн хаалттай горимд шилжсэн юм.

Ж.БАЯРСАЙХАН