Намууд 2,1 тэрбумын төсвийн дэмжлэгтэй, хүүхдүүд 20 мянгын таналттай ШУДАРГА УУ!!
2016/09/07
Улсаараа бүсээ чангалах уриалга гаргасан Ж.Эрдэнэбатын Засгийн газар төсвийн тодотголоо батлуулж авахад тун ойртлоо.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцээд татвар нэмэх, таналт хийх саналууд нь бараг бүгд дэмжигдсэн ч МАН-ын бүлэг улс төрийн шийдвэрээ өөрчилснийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат өчигдөр танилцуулав. Татвар нэмэхийн оронд зардал танана гэсэн түүний үг иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд сайн мэдээ болж очсон нь гарцаагүй.
Энэ хямралыг иргэдийнхээ нуруунд үүрүүлэхгүй гэж шийдсэн эрх баригч нам таналтыг харин хаанаас эхлэх бол. Өөрөөр хэлбэл, УИХ-д өргөн баригдчихсан төсвийн тодотголын төслийг харахад Засгийн газар танаж болох бүхнээ бичиж оруулж ирсэн үү гэсэн асуулт зүй ёсоор гарч ирлээ. Нэгэн үе ямаанд хүртэл халамжийн мөнгө хуваарилж явсан Монгол Улс хүүхдүүддээ өгдөг 20 мянган төгрөгөө танах хүртлээ хямарсан гэхээр Засгийн газар нөөцөө шавхсан юм шиг ойлгогдож байв. Гэвч бодит байдал дээр хэмнэлтийг хүүхдүүд дээр хийчихээд цацалтыг өөрсөд рүүгээ чиглүүлж байвал яах вэ. Ингэж хардах бодитой үндэслэл, хангалттай нотолгоо байна.
1, Юун түрүүнд хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг хойшлуулах тухай Засгийн газрын санал МАН-ын бүлгийн дэмжлэгтэй хэвээрээ байгааг тодотгоё . Уг нь энэ мөнгийг ирээдүйдээ хийж байгаа хөрөнгө оруулалт гээд өнгөрсөн онд төсөв тодотгох үед тухайн үеийн МАН-ын бүлэг Ч.Сайханбилэгийн Засгийн газрын шийдвэрийг тас цохиж унагаж байсан нь нууц биш. Гэтэл энэ удаад байдал эргэлээ. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаад “Хүүхдийн 20 мянган төгрөгийг 60 хувь буюу зорилтот бүлэгт нь хэвээр олгож, үлдсэн 40 хувийн мөнгийг гурван жилийн дараа бөөнд нь өгнө” гэж шийдсэн. Үүнийгээ эдийн засаг сэргэсэн хойно, төсөв мөнгө бүрдсэн үед нөхөж олгоно, тэр хүртэл түр хойшлуулав гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа юм. Энэ нь эдийн засаг хүндэрсэн үед байж болох л хувилбар. Гэвч нөгөө талд нь сөрөг хүчнээс шүүмжлэл өрнүүлэх хангалттай шалтгаан байгаа юм байна. Нэгд, хүүхдийн мөнгөний автор нь МАН биш АН. Хоёрт. 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө бэлэн мөнгө тараах боломжийг энэ шийдвэр гаргаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө нийт хүүхдийн 40 хувийн сарын 20 мянган төгрөгийн тэтгэмжийг гурван жилийн дараа хуримтлуулсан хэлбэрээр олгоход нэг хүүхдэд 720 мянган төгрөг ногдоно. УИХ-ын сонгуулийн өмнө энэ хэмжээний бэлэн мөнгийг санал татах зорилгоор сонгогчдод тараах хуулийн боломж бий болно л гэсэн үг. Гэхдээ арай ч хүүхдийн мөнгийг хойшлуулж байгаа нь улс төртэй холбоогүй гэдэгт итгэж байна. Тиймээс ч хүүхдийн мөнгийг хойшлуулах нь улс төрийн зорилгогүй, зөвхөн эдийн засгийн шийдвэр мөн л юм бол хойшлуулж болох, хасахад буруудахгүй бас нэг зардал байна. Тэр нь улс төрийн намуудын төсвөөс авах санхүүжилт юм.
2, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд суучихсан зарим нэг дэмжлэг мөнгөн дүнтэйгээ нуугдсаар үлдэж буй бололтой. Тухайлбал, УИХ-д суудалтай намуудад дэмжлэг олгохоор 2.1 тэрбум төгрөг 2016 оны төсөвт суучихсан байгаа. Энэ мөнгийг төсөвт суулгасан хууль эрх зүйн үндэслэл нь гэвэл Улс төрийн намын тухай хууль юм. Бүр тодруулбал, тус хуулийн 19.1-д “Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг мянган төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан Улсын Их Хуралд суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлнэ” гээд заачихсан байгаа. Мөн хуулийн 19.2-т “Улсын Их Хуралд суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор Улсын Их Хурлын гишүүний нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэхүү санхүүжилтийн 50 хувийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн тойрогг явуулах үйл ажиллагаанд зарцуулна” гэж заасан нь бий. Тиймээс хуулийн энэ хоёр заалтын дагуу УИХ-д суудалтай намууд төсвөөс 2.1 тэрбум төгрөг хувааж авахаар хүлээж байгаа юм.
2.1 их наяд төгрөг гэдэг 4 их наядаараа тасарч байгаа төсвийн алдагдлын хажууд бага мөнгө боловч хүүхдүүдээсээ хүртэл хэмнэлт хийж байгаа үед яах аргагүй их мөнгө. Гэтэл төсвийн зардал хэсэгт бичигдчихээд байгаа энэ мөнгийг бүсээ чангалахыг уриалж байгаа Засгийн газар ч, бүсээ чангалах ёстой гэж дэмжиж байгаа УИХ ч эргэж харахыг хүсэхгүй байх шиг. Харин ч намууд төсвийн тодотголыг УИХ батлангуут орон нутгийн сонгуулиас өмнө дансандаа орж ирэх 2.1 тэрбум төгрөгийг хэрхэн үрэх тухай бодож суугаа биз.
З. Хүүхдүүдийн мөнгийг хасахын тулд хуулиа өөрчлөх гэж байгаа шигээ УИХ яагаад Улс төрийн намын тухай хуулийг өөрчилж болохгүй гэж. Үнэхээр л эдийн засаг хундэрсэн, төсвийн орлого бүрдэхгүй байгаа бол хүүхдийн 20 мянгыг түр хойшлуулж байгаа шигээ намуудын санхүүжилтийг ч хэдэн жил тэвчиж болно шүү дээ. Бүр хас гэж байгаа юм биш. Гурван жилийн дараа эдийн засаг сэргэхээр намуудад бөөнд нь өгчихөж болох л мөнгө. Энэ бүхэн одоо ганцхан МАН-аас л хамаарна.
Парламентад үнэмлэхүй олонхи болж Засгийн газрыг дангаараа бүрдүүлж буй МАН төсвөөс авдаг санхүүжилтээ түр хойшлуулах шийдвэр гаргавал Ерөнхий сайдын хэлснээр ард түмэн ёстой жинхэнэ алга ташин хүлээж авна. АН, УИХ-д ганцхан суудалтай МАХН ч үүнийг эсэргүүцэхгүй биз. Хямралыг хүүхдүүд нь халамжаа хасуулж давах гэж байхад намууд нь төсвийн дэмжлэгээр өнгөрөөх нь шударга биш шүү дээ. Тиймээс ч энэ санаачилгыг МАН түрүүлж гаргаж улс төрийн эр зоригоо харуулах ёстой байх. УИХ-д 65 суудалтай, үнэмлэхүй олонхи болсон учраас кнопны олноор тэд л шийдэж чадна. Угаасаа намуудад олгох санхүүжилт гэгдэж байгаа 2.1 тэрбум төгрөгийн ихэнх нь өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулж УИХ-д 65 суудалтай болсон МАН-д л илүүтэй ногдоно. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг намуудын санхүүжилтэд гэж төсөвт тусгагдсан энэхүү 2.1 тэрбум төгрөгөөс бүр биш юмаа гэхэд түр татгалзаач. Яг л хүүхдүүд шиг.
Эцэст нь, төсөв хэмнэх, зардал танах тухай бүрт яригддаг ч хүүхдийн мөнгө хэмнэлтийг дандаа л тойрдог байсан. Харин энэ удаад яалт ч үгүй хасагдах нь тодорхой болж байх шиг. Үнэхээр л улсаараа бүсээ чангалж байгаа бол яах вэ гээд хүүхдийн мөнгөний тодорхой хэсгийг гурван жилийн дараа олгоно гэдгийг олон нийт ч эсэргүүцэхгүйгээр хүлээн авлаа. Энэ бол иргэд эдийн засгийн хүндрэлээс хурдан хугацаанд гарахын тулд хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм. Гэтал хүүхдүүдийг түр хугацаанд 20 мянган төгрөгөө тэвччих гэсэн УИХ-д суудалтай намууд өөрсдөө төсвөөс дэмжлэг авах гээд сууж байгаа нь шударга гэж үү.
С.Шийлэгтөмөр
/АРДЫН ЭРХ/