УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2016 оны төсвийн тодотголыг хийж хэлэлцэв. Төсвийн тодотгол хийх болсон шалтгааныг гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхжилт суларч, 2016 оны макро эдийн засгийн төсөөлөл буурахаар байна. Монгол Улсын 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1,669.6 тэрбум төгрөгөөр буурахаар байгаа бөгөөд 2016 оны төсөв батлагдсанаас хойших хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан хууль эрх зүйн орчны өөрчлөлт, мөн Засгийн газраас гаргасан шийдвэр болон бусад гадаад болон дотоод хүчин зүйлийн улмаас төсвийн зарлага нийт дүнгээр 2,372,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ий -20.6 хувьд хүрэхээр байгаа нь 2016 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй нөхцөлийг бий болгоод байна гэж тайлбарласан. Өчигдөр чуулганаар төвсийн тодотголын хоёр, гурав болон эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төвсийн тодотголын талаар УИХ дахь АН-ын бүлэг дараах санал дүгнэлт хийсэн.

 

Харин УИХ дахь МАН-ын бүлэг төвсийн тодотголын талаар дараах санал дүгнэлтийг хэлсэн юм.

 

Төсвийн тодотголыг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм. Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын бүх байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд хэлэлцээд, санал дүгнэлтээ Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25.9.2-т заасны дагуу Төсвийн байнгын хороонд ирүүлсэн. Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж Улсын Их Хурлын бүх байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос гаргасан санал, дүгнэлтийг судлан үзэж, санал боловсруулан Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн. Тус ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг үндэслэн улсын төсвийн орлогыг 3.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын зардлыг 65.0 тэрбум төгрөгөөр бууруулах, төрийн өндөр болон улс төрийн, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалин, бүх шатны шүүхийн шүүгчийн, цалин, нийгмийн баталгааг хангахтай холбоотой зардлыг одоогийн түвшнээс бууруулахгүй байх, арьс ширний урамшуулал, Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийг 2016 онд үргэлжлүүлэх болсонтой холбоотойгоор урсгал зардлыг 61.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналуудыг байнгын хороо дэмжсэн.

Мөн нийгмийн даатгалын сангийн орлогыг 530.4 сая төгрөгөөр, тус сангийн зарлагыг 28.2 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн, Нийгмийн даатгалын сангаас санхүүжих хөрөнгө оруулалтын зардлыг 22.7 тэрбум төгрөгөөр бууруулснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдлыг 51.0 тэрбум төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэснийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн. Түүнчлэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5-д зааснаар 2017 оноос эхлэн Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар шийдвэрлэн тус Байнгын хорооноос Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулж, хэлэлцүүлсэн гэдгийг байнгын хорооны дарга танилцуулгадаа дурдав.

Ингээд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангуудын 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дуусгаж, дөрөв дэх хэлэлцүүлгийг эхлүүлэв. Хэлэлцүүлгийн энэ шатанд хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг зүйл, заалт бүрээр нь уншиж танилцуулан батлуулав.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.4 хувь нь дэмжсэн бол Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 90.7 хувийн, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 94.4 хувийн саналаар тус тус баталлаа.