1998.10.02-ны хэргийн тухай содон ишлэлүүд
2016/09/15
Ч.ҮЛ-ОЛДОХ
Ардчиллын удирдагч С.Зориг бусдын гарт амиа алдсан хар өдрөөс хойш 17 жил өнгөрөв. Тэр үеийн байдлыг эргэн дурсвал, 1990 оноос хамт тэмцсэн нөхөд нь үзэл бодол таарахгүй болж түүнийг ганцаардуулах болсон цаг. Монголд засаглалын хямрал нүүрлэж, МҮАН-аас Ерөнхий сайдад Да.Ганболдын нэрийг долоон удаа, Г.Ганхуяг, Э.Бат-Үүл,Р.Амаржаргал нарын нэрийг нэжгээд удаа дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч Н.Багабанди буцаагаад байсан үе. Эцэст нь С.Зоригийг Ерөнхий сайдаар томилуулах яриа, хэлэлцээ өрнөж байсан / зарим нь асуудал шийдэгдчихсэн байсан ч гэдэг/ 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө алуурчид гэрт нь отон аминд нь хүрсэн байдаг.
Ээдрээт энэ хэрэг нам жим байдалд удсан бол өнгөрсөн жил эхнэр Б.Булганыг нь баривчлан хорьсноос эхлэн үйл явдал өрнөж, хамгийн сүүлд Э.Бат-Үүлийг сэжигтнээр татсан нь шуугиан тарьж байна. Хэргийн эргэн тойрон дахь содон ишлэлүүдийг тоймлон хүргэж байна.
О.Содбилэг: ААВЫГ МИНЬ ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛЖ ҮГ ХЭЛЭХГҮЙ УЧРААС С.ЗОРИГИЙН ХЭРЭГТ ХОЛБОХ ГЭЖ БАЙНА
С.Зориг агсны эхнэр Б.Булганыг баривчилж хорьсноос нэг сарын дараа, сонгууль болохоос зургаан сарын өмнө буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 11-нд УИХ-ын гишүүн О.Содбилэг өөрийн цахим хуудсаар дамжуулан ийнхүү мэдэгдэж байв. Тухайн үед АН засаг барьж байв.
Э.Бат-Үүл: НАМАЙГ С.ЗОРИГИЙН АЛЛАГЫН ХЭРГЭЭР ДАХИН ХОРИХ ГЭЖ БАЙНА
Цагдаа, Тагнуулын байгууллага хамтран Б.Булганыг баривчилж 10 сар хорьсны эцэст энэ сарын 9-нд суллав. Үүнээс хоёр өдрийн дараа Хотын дарга асан Э.Бат-Үүл ТЕГ-аас өөрийг нь С.Зориг агсны амийг хөнөөсөн аллагын хэрэгт сэжигтнээр татсаныг зарлав. Тэрээр “2000 онд намайг “Ганц худаг”-т хорьж байсан. Тэр үед баривчлах гэж байгааг мэдээгүй учир үгээ хэлж чадаагүй. Дахин ийм зүйл гарч болзошгүй тул үйл явдлын талаар мэдээлье. 1998 онд С.Зориг амиа алдсан. Хэрэг гарсан орой гэртээ байхад Нийслэлийн цагдаагийн дарга Д.Ганболд намайг хамгаалалтад авлаа гэж манайд ирсэн. Тэгээд хэргийн газарт дагуулж очсон. Тэнд Ц.Элбэгдоржийг ирэнгүүт хамт байгаад цуг явсан.Гарахдаа малгайгаа мартсан. Гэтэл 2000 оны УИХ-ын сонгуулийн өмнө малгайны асуудлаар хэрэгт холбогдуулсан. Тэр сонгуульд МАН үнэмлэхүй ялсан. 16 жилийн өмнө сэжигтнээр татсан тэр тогтоолыг нэг мөрдөн байцаагч нууцын зэрэглэлд оруулж сэжигтнээр татах нь. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байж магадгүй. Нотлох баримтаа хангалттай олчихоод дараа нь сэжигтэн, яллагдагчаар татдаг биз дээ. Гэтэл надаас цусны шинжилгээ авах зэргээр баримт бүрдүүлэх гэж байна” гэв.
Л.Жавзмаа: ХYYГ МИНЬ С.ЗОРИГИЙГ АЛСАН ГЭЭД ШОРОНД ХИЙЧИХСЭН
С.Зоригийг алсан гэж сэжиглэн гурван хүнийг хорьсон. Хүн мөчилж алаад 25 жилийн хорих ялаар шийтгүүлсэн таксины жолооч Ц.Амгаланбаатар “Би Содномдаржаа, Чимгээ хоёртой хамтарч С.Зоригийг алсан” гэж хэрэг хүлээжээ.
Тэгвэл Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Ц.Амгаланбаатар манай нутгийн айлын хүүхэд. Сүүлд хэрэгт холбогдсон дуулдсан. Шоронгоос миний хүүд мессэж бичиж, эхлээд мөнгө, төгрөг гуйдаг байснаа сүүлдээ дарамталж, тэр байтугай чи С.Зоригийг алсан биз дээ гэхчлэн гүтгэх болсноор эцэст нь ийм үйл явдал боллоо. Хүүг минь баривчилж яваад Ш.Отгонбилэг агсны малчин гэх нэр зүүж хорьсон. Тийм зүйл хийх хүн биш. Би үүнийг сонгуулийн шоу, түүндээ хүүг минь ашиглалаа, жинхэнэ алуурчныг төөрөгдүүлэх бодлого гэж үздэг. Аймшигт хэрэг гарсаны дараа эхнэр Б.Булган нь “Алсан хоёр хүний эмэгтэй нь өндөр, эрэгтэй нь намхан гэж мэдүүлэн ам зураг хүртэл гаргасан. Гэтэл Ц..Амгаланбаатар өндөр нуруутай. Миний хүү ч өндөр, биерхүү. Хоригдож байгаа эмэгтэй намхан нуруутай. Гэрчийн мэдүүлгээс зөрж байгаа биз дээ” гэж ярьжээ.
/Эх сурвалж: Өдрийн сонин 2016.09.07/
Ц.Маруш: Т.ЧИМГЭЭ МААНЬ ТЭР ӨДӨР ХҮҮХДЭЭ ХӨХҮҮЛЭЭД ГЭРТЭЭ БАЙСАН
-Миний охин Т.Чимгээ нийтийн хоолны тогооч мэргэжилтэй, ГОК-ын гуанзанд тогооч хийдэг байсан. Ш.Отгонбилэг гэдэг хүнийг огт танихгүй атал “Ш.Отгонбилэгийн тогооч” болгочихсон, бас огт зүс үзээгүй Б.Содномдаржаа гэх залууг “Ш.Отгонбилэгийн малчин” болгочихсон байгаа юм. С.Зориг бусдын гарт амиа алдсан 1998 оны аравдугаар сарын 2-нд миний охин Чимгээ хүн алах нь бүү хэл Дорноговь аймагт өлгийтэй хүүхдээ тэврээд хөхүүлээд сууж байсан. Гарцаагүй ийм баримт байхад цагдаа, тагнуул, хуулийн байгууллагууд анхаарч үзэхгүй, ганц алуурчны үгээр жирийн хүмүүсийг жил тойрон хорьж зовоолоо. Ц.Амгаланбаатар манайхтай хамаатан садангийн холбоотой. Хэрэг гарах үед арван тав, зургаахан настай байсан. Яаж ч бодсон эгчтэйгээ хамжаад хүн алчихгүй биз дээ.
/Эх сурвалж: Хэвлэлд ярьснаас нь 2016.09.07/
Б.Булганы ээж Д.Байгалмаа: ОХИН МИНЬ ЗОЛИОС БОЛЧИХ ВИЙ
-Аймшигт хэрэг гараад 17 жил өнгөрчээ. Энэ бүх хугацаанд зовлон, шаналлыг нуруундаа үүрч яваа хүн бол миний охин. Эхлээд гэрч гэж үзэж, хамгийн сүүлд сэжигтнээр татсанд эх хүний хувьд үнэхээр их гайхаж байна. Охиноо ямар нэг хэргийн золиос болох вий гэж бодож байна. Ер нь бол шалгадаг, хянадаг байгууллагууд нь үе үе охиноос юм асууж, тайлбар авдаг шиг билээ. Тэр болгоныг надад ярьж байсангүй. Хааяа л Зоригийн асуудлаар ажлын багтай уулзаад ирлээ гэдэг. Түүнээс өөр зүйл хэлж байсангүй. Гэхдээ өнгөрсөн 17 жилийн хугацаанд энэ хэргийг сонгуулийн өмнө л гаргаж ирдэг. Бид ч үүнийг анзаарч мэдэж байдаг. Энэ удаа ч охиныг минь Төв аймгийн урьдчилан хорих төвд хориход бид сонгуулийн шоу эхэлж дээ гэж бодсон. Гэтэл хэрэг явдал сунжирч байна. Ямар нэгэн хэрэгт холбогдуулах гэсэн гаднын хүч байж магадгүй.
/Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2016.01.11/
Т.Эрдэнэбилэг /УИХ-ын гишүүн асан, Хэрэг илрүүлэх ажлын хэсгийн ахлагч байсан/: БУЛГАН ҮГЭЭ ХЭЛЧИХСЭН
-Хэрэг илрээгүй нь манай нийгэм сул дорой байдлаасаа ангижрах болоогүйг харуулж байна. Эцсийн бүлэгтээ хуулийн байгууллагын чадварыг илтгэж буй хэрэг. Булганы тухайд л гэхэд түүнд хандах хандлагаа нэг мөр тогтоож чадаагүй л байна. Нэг талаар хохирогч, нөгөө талаас сэжигтэн юм шиг байдал хэдий болтол үргэлжлэх вэ.Шалгах ёстой. Булган хоёр, гуравхан юм л ярьсан. Хэрэг гарсны маргаашаас шууд байцаагдсан. Ам зургийг нь гаргасан. Батаа, Оюунаа гэж дуудаж, хараалын үг урсгасан, зарим үгийг тогтоосноо дамжуулсан. “Эрдэнэтийн эхлэл” гэснийг нь хэлсэн. Тэрийг нь шалгахгүй одоо болтол хагас дутуу хаяад. Олон жилийн дараа тэр хүн гэнэт юмаа санаад хэлээгүйгээ хэлнэ гэдэг юу л бол. Хавтаст хэрэг дэх эд мөрийн баримтыг ДНК-ийн шинжилгээнд оруулахад хэн бэ, хэдэн настай вэ, нас хүйс гээд бүх өгөгдөл гарна. Энэ ажлаа хийсэн үү. Хийчихээд Булганаас зарим дутуу зүйлийг тодруулж байгаа бол өөр хэрэг. Төв аймагт хорьсон. Тэр онц хүнд гэмт хэрэгтнүүдийг хорьдог газар. Тэнд гадаад орчинтой харьцуулахүйн үүднээс хорьсон уу. Тийм орчинд түүнээс ямар мэдээлэл авах гэж байна гэдэг асуулт бий.
2015.12.9 /Хэвлэлд ярьснаас нь/
Б.Булган /С.Зориг агсны эхнэр/: БИ АЛЬ ХЭДИЙНЭ ЯЛЛАГДАГЧ БОЛСОН ШҮҮ ДЭЭ
-Би ийм л болчихоод байна даа. Аль хэдийнэ яллагдагч болсон. Баривчлагдаж ирсний дараа нэг сар их даарлаа. Энэ дөрвөлжин өрөөнөөс хаашаа ч гараагүй.
-Чихэрлэг юм идэх сэн. Хоол ундны хүчил шүлтний баланс алдагдсан.
-Дан давстай хоол идсээр байгаад бөөр өвдсөн. Нэг сайн юм нь бие дээр яр шарх үрэвсэлтэй юм гарахад давстай хар цайгаар шавшиж ашиглаж байна.
-Намайг битгий золиос болгооч гэдгийг улс төрчдөд хэлж өгөөрэй.
/Ц.Оюунгэрэлд хэлсэн үгээс/
Л.Эрдэнэтуул /улс төр судлаач/: ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХ СОНИРХОЛ УЛСТӨРЧДӨД АЛГА
-Ардчилсан намд С.Зоригийн аллагын хэргийг илрүүлэхгүй байх, зөв голдрилд оруулахгүй байх сонирхол мэдээж Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл тэргүүтэй оройных нь фракциудад байгаа. Сүүлийн үед буюу 1998 оноос хойш АН-д орж ирсэн шинэ хүмүүс өөр байж магадгүй. Гэхдээ л С.Зоригийн аллагын хэргийг нохойн замаар оруулах улс төрийн сонирхол бараг бүгдэд нь бий болчихсон. Төрсөн дүү С.Оюунд нь хүртэл байгаа шүү дээ. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлэх бүрэн боломж, техникийн бөгөөд шинжлэх ухааны бүх боломж бий. Хэргийг илрүүлэх улс төрийн эрмэлзэл, хүсэл зориг харамсалтай нь энэ улс төрийн хүчнүүдэд алга. Ялангуяа, АН, МАН, тэр тусмаа ИЗНН-д. Мөн хэргийг илрүүлээгүйн хор уршиг ч олон хэлбэрээр илэрч байгаа.
/2015.10.2 хэвлэлд ярьснаас нь/
Ц.Оюунгэрэл /УИХ-ын гишүүн асан/: БУЛГАНЫГ ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛЖ БАЙНА
- Булганы хоригдож буй баруун жигүүрт дандаа эрчүүд байна. Бие засах булан нь бүх эрчүүдийн нүдэн дээр. Үзэг цаас байхгүй, өмгөөлөгчтэйгөө чөлөөтэй уулзаж чадахгүй 24 цагийн турш гэрэл асаалттай. Бусдын адил чөлөөтэй унтаж өөрийгөө далдлаад тухтайхан бие засч чадахгүй тийм орчинд байна гэдэг залхаан цээрлүүлэлтийн хэлбэр гэхээс өөр юу гэхэв.
Тэр хүн гэмтэй ч, гэмгүй ч эрхээ эдэлж байгаад л гэм буруу нь тогтоогдоно биз дээ. Эрхийг нь эдлүүлэхгүй тогтоох гээд байна гэдэг чинь хүчээр л тогтоолгох гээд байна. Тийм сэжиг төрж байна.
/2016.4.19 Хэвлэлд ярьснаас /
Р.Нарангэрэл /УИХ-ын гишүүн асан/: С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХҮМҮҮС АМЬД БИШ УЧРААС ХЭРЭГ ИЛРЭХГҮЙ БАЙГАА БАЙХ
-С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг энэ олон жил болоход илрээгүй нь хэргийг гүйцэтгэсэн хүмүүс нь амьд биш байх гэж боддог. Сая Б.Булганыг баривчлахаас өмнө хоёр хүнийг баривчилсан гэж хэвлэлд мэдээлсэн байсан. Тэднийг ямар нотлох баримтаар тогтоож байна вэ гэдэг сонирхолтой байна. Нөгөө талаас би С.Зоригтой хамтран ажиллаж байсан, Б.Булганыг найзын эхнэр гэж мэддэг, ханддаг учраас үнэн бодитой зүйл дээр хуулийнхан хөдөлсөн байгаасай л гэж бодож байна. Түүнээс С.Зоригийн хэргийг илрүүлж байна гээд буруугүй хүнийг хэлмэгдүүлж байгаа юм биш биз гэж бас эмзэглэж, айж байна. Манай Монгол Улс чинь хууль, эрх зүйт ардчилсан орон. Хүний эрхийг дээдэлдэг. Гэмт хэрэгт холбогдолгүй, буруугүй хүнийг шийтгэж алдаа гаргах эрхгүй. Тийм учраас энэ хэрэгт яагаад Б.Булганыг дахин холбогдуулан хорив. Энэ хэргийг илрүүлэхээр ямар хүмүүс ажиллаж байгаа юм бол. Тэр хүмүүс нь бүх зүйлийг хууль дүрмийн дагуу, бодитой нотлогдсон баримттай шалгаасай, бусдыг битгий хохироогоосой гэж бодож байгаа.
/Эх сурвалж: Өдрийн сонин 2016.12.2/
С.Оюун: ХАМГИЙН ИХ ШАЛГАГДСАН ХҮН БОЛ БУЛГАН ШҮҮ ДЭЭ
-Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсноосоо хойш жилийн дараа л сая нэг юм ахын маань хэрэгт анхаарал хандуулж Олон улсын парламентын холбоонд хандан туслалцаа хүслээ. Тэр хvн ахтай маань нэг кабинетэд /тухайн үеийн Засгийн газар/ цуг ажиллаж байсан хvний хувьд энэ хэрэгт хожуу анхаарал хандуулж байна. Гэхдээ Ерөнхий сайд санхүүгийн туслалцаа хүссэн байна лээ. ОУПХ санхүүгийн асуудлыг шийдэхгүй л дээ... Ахын маань хэрэгт холбогдуулан хамгийн их шалгагдсан хүн бол Булган шүү дээ. Харин шалгавал зохих бусад хүмүүсийг шалгаагүй байх
/“Өдрийн сонин” 2015.10.03/
С.Оюун /С.Зориг агсны төрсөн дүү, УИХ-ын гишүүн асан/: БУЛГАНТАЙ ОЙРЫН ХЭДЭН ЖИЛ ХОЛБОГДООГҮЙ
- Хэрэг илрээсэй гэж 17 жил залбирч, хүлээж байна. Ний нуугүй хэлэхэд энэ хэрэг нь нууцлалын зэрэгтэй шалгагддаг юм билээ. Энгийн хэрэг шиг хохирогчийн гэр бүлийнхэнд нь мэдээлэл өгөөд байдаггүй. Үнэнийг хэлэхэд мэдээлэл хомс байна. Нэлээд хэдэн жил Б.Булгантай холбоогүй байсан. Холбогдож амжаагүй явна. Ээжийнх нь ярилцлагыг “Өдрийн сонин”-оос анхааралтай уншсан. Үнэхээр хэргийг илрүүлэх гэж байгаа бол зөв яваасай л гэж Баяр ах бид хоёр хүсч байгаа.
/Хэвлэлд ярьснаас нь 2016.3.10/
ЕТГ-ын дарга С.Баяр: БИ ЗОРИГТОЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
-1998 оны есдүгээр сарын 30-нд С.Зориг агсантай би хоёр удаа уулзсан. Тэрээр Ерөнхий сайдад түүний нэрийг дэвшүүлэх талаар “Ардчилсан холбоо” эвсэлд багтдаг намуудын зарим хүмүүстэй санал солилцож байгаа тухай яриад хэрэв нэр нь дэвшвэл Ерөнхийлөгч түүнийг дэмжих байр суурь хэвээр байгаа эсэх талаар надаас асуусан. Би ч хариуд нь дэмжлэг хэвээр байгааг нь дуулгасан юм.
/“Үнэн” сонин 1999.09.24/
ЦЕГ-ын дарга, хурандаа Д.Мөрөн: С.ЗОРИГИЙН АЛЛАГЫН ТАЛААРХ ТОДОРХОЙ НУУЦ МЭДЭЭЛЭЛ НАДАД БИЙ
-...С.Зоригийн хэргийг илрүүлэх явц хумигдаж байна. Бид задгай тал дээр хайх хэмжээнд хэргийг шалгаж байсан бол одоо шалгалт тодорхой хүрээнд орсон.
/“Өдрийн сонин”. 1999.09.20/
Цагдаагийн байгууллагад мэдээлэл ирэхээс өмнө хэргийн газарт олон хүмүүс орчихсон байсан. Цагдаагийнхан очсоны дараа хэргийн газрыг хамгаалалтад авах үеэр 70-80 хvн хамаагүй орчихсон тухай яригддаг. Гэхдээ цагдаа нар хэргийн газраас авах ёстой хэргийн баримтуудаа авчихсан шүү дээ. С.Зоригийн аллагын талаарх тодорхой нууц мэдээлэл надад бий.
/“Монголын мэдээ” сонин. 2001.05.11/
Ц.Элбэгдорж:
-Э.Бат-Үүл бид хоёр хэн нэгний албан тушаалыг булааж авсан зүйл хэзээ ч байгаагүй. С.Зоригийн хэргийн хувьд эхнээсээ улс төрийн зорилго агуулсан байсан.
/“Шар сонин” 2000 он №32/
Ц.Элбэгдорж: ХЭРГИЙГ ШАЛГАХАД АХИЦ ГАРНА
-Би энэ хэргийн эзэн холбогдогчийг илрүүлэх ёстой гэсэн байр суурь байнга баримталдаг. Жилийн өмнө ҮАБЗ-ийн хурлаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлыг сонссон. Ерөнхийлөгч болсноос хойш үүнд анхаарч, ажиглалаа. ҮАБЗ-өөс маш тодорхой асуудлаар шаардлагатай хамгийн дээд шийдвэр гаргасан. Тиймээс хэргийг шалгах ажилд ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна.
/С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх үеэр хэлсэн үг 2012.10.2/
Э.Бат-Үүл:
-Талийгаач С.Зоригийн хэрэгт би ямар ч хамаагүй. Энэ хэргийг илрээсэй гэж өдөр бүр тэнгэрээс гуйж байна.
/”Зууны мэдээ” 2000.12.22/
Э.Бат-Үүл: ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХГҮЙ БАЙГААД ХАРАМСДАГ
С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн энэ аймшигт хэрэг Монголын нийгмийг маш их цочроосон. Өнөө болтол энэ хэргийг үйлдсэн хүмүүс олдоогүй. Хэрэг илрүүлэх чиглэлээр тодорхой зүйл хийгээгүй явж ирсэн нь харамсалтай. С.Зоригтой хамт тэмцэж явсан бидний хувьд ч гэсэн хамгийн их хатуу нэхэл дагалтай явдаг. Хууль хяналтын байгууллага хэргийг мөрдөн шалгаж байгаа. Гэвч ахиц гарахгүй байгаад нь харамсдаг.
/С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх үеэр хэлсэн үг 2012.10.02/
Зочин · 2016/09/15
okay
Зочин · 2016/09/15
18 жил