Д.ГЭРЭЛ

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр өргөтгөсөн хуралдаан хийж, ирэх оны төсөв болон орон нутгийн сонгуулийн талаар хэлэлцэв. Хуралд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс гадна орон тооны бус зөвлөхийн гишүүд болох УИХ-ын дарга асан З.Энхболд, Сангийн сайд асан Б.Болор, Эрүүл мэнд, спортын сайд асан С.Ламбаа нар оролцсон. Бүлэг хаалттай хуралдаж, дараа нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.

Мэдээллийн эхэнд АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ ирэх оны төсөвт ямар байр суурьтай ажиллахаа онцолсон юм. Тодруулбал, Төсөв дээр АН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулж, Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахлан ажиллахаар болсон байна. Мөн орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх, хасах зэрэг зөрчил их гарч байгааг шүүмжлэв. Сонгуулийн хороо 3:6 харьцаагаар байгуулагдсан нь сонгуулийг луйвардах, хүч түрэн шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж буйд шүүмжлэлтэй хандлаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, УИХ дахь Зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа ирэх жилүүдийн төсөвтэй холбоотой мэдээллийг өгсөн юм. Тэрээр “2017 оны төсвийн хууль, дагалдаж байгаа төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл бол ирэх гурван жилд улс орны эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас гаргах гол бодлогын баримт бичиг байх ёстой. Гэтэл бодлогын хэмжээнд шинэчлэл хийж байгаа зүйл харагдахгүй байна. Алдагдал ДНБ-ий 9.9 хувьтай буюу нийт 2.6 их наяд төгрөг байхаар орж ирсэн байна. Энэ оны тодотголыг хийхдээ оны эцсээр 1.7 их наядын алдагдал байхаар байна гэж төсөөлж байсан. Өнөөдөр алдагдал 2.6 их наяд байхаар нэмэгдэж орж ирсэн. Энэ алдагдал нэмэгдсэн шалтгаанаа уул уурхайн үнийн өсөлт явагдахгүй гэсэн төсөөллөөр тооцож. Алдагдал ирэх гурван жилд дорвитой буурахгүй юм байна. Мөн өр, зээлийн хэмжээ буурахгүй нэмэгдэхээр орж ирж байна. 2017 оны төсвийн хууль дээр нийт Засгийн газрын өр, баталгааны хэмжээ 2.8 их наядаар орж ирсэн байна. Энэ нь 2.6 их наядын алдагдал дээрээ нэмээд 2.8 их наядын өр тавихаар оруулж ирсэн. Энэ өрийг юунд зарцуулах гэж байгаа нь тодорхойгүй байна. 2016 оны төсвийн тодотголоор бодит гарахаар хүлээгдэж байгаа зарлага нь 8.5 их наяд төгрөг гэж баталсан. Гэтэл өнөөдөр бодит гүйцэтгэл нь 6.9 их наяд байна. Ийм зөрүүтэй тоонуудыг оруулж ирээд байна. Энэ Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ эдийн засгийг хямралаас гаргаж чадахаар байна уу гэдэгт АН-ын бүлгийн ажлын хэсэг дүгнэлт гаргана” гэлээ.

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийсний дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-2017 оны төсөвт зардлаа хэмнэх бодлогыг баримталж, боловсруулсан гэсэн. Хуулийн төсөлтэйтанилцахад үнэхээр хэмнэлттэй байж чадаж байна уу?

З.Нарантуяа:

-Төсвийн зардлыг бууруулах тал дээр нэлээд судалсан зүйлүүдийг оруулж ирэх байх гэж найдаж байсан. Харамсалтай нь оруулж ирсэнгүй. Зардлыг танахдаа дарга нарын өрөөний засвар, төрийн албаны зохистой шинэчлэл зэргийг хийсэнгүй. Хамгийн хялбархан аргаар буюу төсвийн зарлагыг бууруулна гэж оруулж ирж байна. Тухайлбал, 152 тэрбум төгрөгөөс төсвийн урсгал зардыг бууруулна гэсэн. Түүн дотор хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгосноос 61 тэрбум төгрөг хэмнэнэ гэж байна. Хүүхдээ ялгаварлаж төсвөө хэмнэх гэж байна. Их, дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг өгдөг байсныг болиулж 52 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж байна. Энэ бол Монгол Улсын ирээдүй болсон оюутнуудаа дэмжих төрийн бодлогын ухралт. Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн үйлчлэлийг 2021 он болгож хойшлуулснаар 2017 онд 5.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж байна. 5.6-хан тэрбум төгрөгийг хэмнэхийн тулд 1200 орчим хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байсан иргэд болон 6700 орчим хүүхдийг хохироож байна.

-Ирэх оны төсвийн төслөөр зээлийн эргэн төлөлтөд 6.6 их наяд буюу төсвөөсөө давсан өр төлөхөөр оруулжирсэн. Өрөө дарахын тулд дахин зээл авах тухай эрх баригчид ярьж байгаа. Энэ нь хэр оновчтой юм бол?

С.Эрдэнэ:

-“Чингис” бондыг төлөх хугацаа болоогүй байгаа. Өнөөдөр энэ бондыг төлөх хугацаа тулаад ирсэн юм шиг яриад байна. 2017 оны төсвийн төсөлд АН-ын үед авсан ямар ч зээл, бондын өр төлөгдөхгүй. Өмнөх С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрын үеийн бий болгосон өрийг төлнө. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр Австралийн нэг тонн коксжих нүүрсний үнэ 220 ам.долларт хүрсэн. Гэтэл манайх өнөөдөр 30 орчим ам.доллараар гадагшаа гаргаж байна. Үүний эх сурвалжийг судлахаар Чалко-гоос 2011 онд 350 сая ам.долларын зээл аваад нийгмийн халамжид зарцуулсан. Энэ нь эргэж төлөгдөх эх үүсвэр байхгүй. Одоо энэ зээлийн үлдэгдэл нь 100 орчим сая ам.доллар байна. Анх байгуулахдаа нэг тонн нүүрсний үнэ тарифыг Хятадын зах зээлийн үнэ ханштай уялдуулж тогтоосон. Зээлээ төлж дуусах хүртэл хугацаанд уг дүнгээрээ явах юм