-Ипотекийн зээл үргэлжилж байгаа юу. Яамны зүгээс үргэлжилж байна гэж буй хэдий ч арилжааны банкууд зээлээ зогсоосон байна?

-Мөнгө байхгүй байгаагийн шинж шүү дээ. Иргэдэд хамгийн их хүрсэн, хамгийн их хэрэгцээтэй, тодорхой үр дүнд хүрсэн зээл бол ипотекийн зээл. Эргэн төлөлт нь ч өндөр хувьтай байгаа. Тиймээс аль ч Засгийн газрын үед үргэлжлээсэй гэх хүлээлт иргэдийн дунд бий. Шинэ Засгийн газрын хувьд Ерөнхий сайдын 2016 оны наймдугаар сарын 9-ний 33 дугаар захирамжаар ипотекийн зээлийн хэрэгжилт, өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд миний бие ахалж байна. Бүрэлдэхүүнд нь Монголбанк, Сангийн яам, Монголын ипотекийн корпораци багтаж байгаа. Ажлын хэсэг хуралдаад гурван зүйл дээр өөрчлөлт хийхээр тохиролцсон. Нэгдүгээрт, ипотекийн зээлийг 80 м.кв талбайтай орон сууцыг хамруулж байсан хязгаараа томсгоё. Яагаад гэвэл худалдан авах чадамжтай хэсгийн эрэлт нь том талбайтай орон сууцыг сонгож, сонирхож байна. Худалдан авах чадвартай байгаагаасаа болж ипотект хамрагдах боломж нь хаагддаг байж болохгүй шүү дээ. Найман хувийн зээлээр орон сууц авахгүй байгаа. Тиймээс энэ ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарна. Гуравдугаарт, сар бүр төлдөг эргэн төлөлтийн хэмжээг багасгах гарцыг хайж байна. Үүнд өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан тодорхой бодлого баримтлахгүй бол болохгүй байна. Бидний бодлого гэвэл ипотекийн зээлтэй иргэд сард дунджаар 460 мянган төгрөг төлж байгаа. Энэ 20 жилийн хугацааг нь 30 болгоод сунгавал сар бүр төлдөг 460 мянган төгрөг багасна. Үүний төлөө ажлын хэсэг судалж ажиллаж байна. Ажлын хэсгийн дээрх саналыг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулахад үе шаттайгаар явуулах хэрэгтэй гэсэн. Нэгдүгээрт, 80 мкв гэснийг 100 мкв болгож өөрчиллөө. Одоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Монголбанкны хамтарсан тушаалаар бусад асуудлыг шийдсэн журамд өөрчлөлт оруулна. 

-Ямар журамд өөрчлөлт оруулах юм бэ?

-Хөдөө орон нутагт ипотекийн зээлээр орон сууц худалдаж авсан бол жилийн хүү таван хувь байна. Мөн ипотекийн зээлийн хугацааг 20 биш, 30 жил болгох өөрчлөлт оруулахаар болсон. Хамгийн сайшаалтай зүйл нь өнгөрсөн долоо хоногт мөнгөний бодлогыг өргөн барихдаа ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гэдгээ Монголбанк мэдэгдсэн.

-Зээлийг үргэлжлүүлэх эх үүсвэр бий юу?

-Эх үүсвэрийн хувьд олон зүйлийг харж байна. Гэхдээ шийдэл дээр хараахан тогтоогүй байгаа. Барилга, хот байгуулалтын сайдын хувьд яаж шийдээсэй гэж харж байгаа вэ гэвэл өнгөрсөн туршлага өөрөө нэг зүйл хэлээд байгаа. Ямар нэгэн хугацаа өнгөрөхөөр үргэлжлэх үү, эх үүсвэр бий юу гэдэг асуудал л давтагдаад байна. Одоо эх үүсвэрийг шийдэхдээ хэдий хэрийн мөнгө гаргаж байж эргэн төлөлтдөө хүрэх вэ гэдгээ тодорхойлох ёстой. Ипотекийн зээл бол хамгийн сайн эргэн төлөлттэй байгаа шүү дээ. Яаж ийж байгаад орон сууцанд орсон иргэн байраа алдахгүйн тулд хариуцлага хүлээгээд эхэлдэг. Тиймээс эхний ээлжинд хэр зэрэг хөрөнгө байвал өөрөө өөрийгөө нөхөх хэмжээнд ажиллах вэ гэдгээ тодорхойлж эх үүсвэрээ шийдүүлэх ёстой. Ингэж чадвал бидэнд олон янзын шийдлийн санал байна. Даанч ингэж шийднэ гээд шуудхан хэлчихэж болохгүй байна.

-Яагаад тэр билээ?

Барилга, хот байгуулалтын яам бол санхүүгийн эх үүсвэрийг олдог, механизмыг зохион байгуулдаг газар биш. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эх үүсвэрийг олох ажлыг Сангийн яам хийх хэрэгтэй. Бидний хувьд журмыг иргэдэд ойрхон байлгах үүднээс өөрчилье гэсэн байр суурьтай байна. Иргэдэд маш ойлгомжгүй журам байгаа шүү дээ. Орон сууц худалдан авах гэж буй иргэн банкин дээр очоод 30 хувийн урьдчилгаагаа төлье гэхээр байцаалт явуулчихдаг. Энэ мөнгийг ямар аргаар, хаанаас олсон бэ гэдэг. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Банкинд тийм эрх байдаг юм уу.

-Банкныхан 30 хувийг бүрдүүлэхдээ зээлсэн байж магадгүй гэж үздэг юм билээ? 


-Тэгвэл зээлтэй эсэхийг өөр талаас нь судалж болно шүү дээ. Угаасаа энэ журам Монгол Улсын иргэн орон сууцны зориулалтаар анх удаа зээл авахад үйлчилнэ. Гэтэл банкныхан илүү зүйл шаардаад байна. Тухайн иргэн өөр банкнаас зээлтэй эсэхийг банкныхаа журмаар шалга л даа. Түүнээс биш чи энэ мөнгийг хаанаас бүрдүүлсэн бэ гэдэг илүү асуулт. Яах гэж иргэнээс ийм зүйл асуудаг юм бэ. Үүнээс эхлээд журамд өөрчлөлт оруулах зайлшгүй шалтгаан байна. Тиймээс бид Монголбанкаар дамжуулан чиглэл өгөх бололцоотой. Ер нь ипотекийн зээлийг ойлгомжтой байдлаар олон улсын жишгийн дагуу явуулах хэрэгтэй. Арилжааны банкууд өөрсдөө давхар үүрэг хүлээсэн байдаг. Ипотекийн зээлийг өөрсдийн дотоод эх үүсвэрээсээ шийдэх ёстой гэж. Гэтэл өнөөдөр арилжааны банкууд дотоод эх үүсвэрээсээ хэдэн төгрөг гаргасан юм бэ. Өнөөг хүртэл дотоод эх үүсвэрээсээ ипотекийн зээлд зориулж хөрөнгө гаргаагүй байгаа. Тэгсэн мөртлөө орон сууц худалдаж авах гэж буй иргэнээ дарамтлаад байна.

-Арилжааны банкууд ипотекийн зээлийг олгохын тулд дотоод эх үүсвэрээ ашиглана гэдэг журам байгаа юм уу?

-Засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдъя гэсэн хүсэлтээ арилжааны банкууд гаргасан. Монголбанкны хуваарилсан эх үүсвэрийг банкин дээрээ байршуулж зээл олгож байгаа банкнаас дотоод эх үүсвэрээсээ хэдэн тэрбум төгрөг гаргасан бэ гэдэг асуудлыг өнөөдөр хэн ч сөхөж ярихгүй байна. Тэгэхээр арилжааны банкууд үүргээ биелүүлж дотоод эх үүсвэрээсээ хөрөнгө гаргахгүйн тулд ипотекийн зээлд аль болохоор бага хүн хамрагдаасай гэсэн хандлагаар явж байгаа нь нууц биш. Арилжааны банкууд ипотекийн зээлд зориулж дотоод эх үүсвэрээ гаргах цаг болсон.

-Одоо тэгвэл яамны зүгээс ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд дотоод эх үүсвэрээсээ гарга гэж шахаж болохгүй юу?

-Би сүүлийн үед дандаа тэгж дуугарч байгаа.

-Шийдэгдэх боломж хэр байгаа вэ?

-Бололцоотой. Арилжааны банкууд одоо зээл олгохгүй байгаа. Ялангуяа барилгын салбартай холбогдолтой зээл бүгд зогссон. Арилжааны банкууд дотоод эх үүсвэр бий гэж үзээд Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамрагдсан болохоор одоо үүргээ биелүүлэх хэрэгтэй.

-Таван хувийн бүсчлэлийг тэлэх боломж бий юу?

-Түүнийг Монголбанкнаас асуух хэрэгтэй. Монголбанк таван хувийн зээл хэрэгжих боломжгүй. Жилийн найман хувийн хүүтэй байх нь зөв гэдэг. Харин таван хувийн хүүтэй зээл хөдөө орон нутагт хэрэгжвэл зохимжтой. Бод л доо, Улиастай хотод найман хувийн зээлээр орон сууцтай болох, Улаанбаатар хотод байртай болохын алийг нь сонгох вэ. Ямар ч хүн мэдээж хэрэг нийслэл хотоо л бараадна. Хүү, хугацаа, сард төлөх төлбөр нь адилхан байхад нийслэлд орон сууцтай болохыг хичээнэ. Энэ бүхнийг юугаар журамладаг вэ гэхээр ерөөсөө л эдийн засгийн хөшүүрэг. Аймагт нийслэлээс хямд өртөгтэй орон сууц барьж байж, сард төлөх хугацаа бага байж гэмээнэ хөдөө орон нутаг дахь барилга эрэлттэй болно. Иргэд ч хот руу зүтгээд байх шаардлагагүй болно.

-Сарын төлөлтийг багасгахын тулд зээлийн хугацааг уртасгаж 30 жил болгоно гэж байна. Гэтэл 30 настай залуус орон сууцны зээлээ 30 жилээр авъя гэхээр таны зээл дуусахаас өмнө та тэтгэвэрт гарчих юм байна гэдэг. Үүнийг хэрхэн зохицуулах юм бэ?

-Заавал тэтгэврийн настай холбох хэрэггүй. Тэтгэвэрт гарсан мөртлөө хуримтлал үүсгэсэн хүн олон. Банкны заалтыг журамлаж болох байх. Сангийн болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хамтарч гаргасан журамд дээрх өөрчлөлтүүдийг тусгах юм.

-Арилжааны банкууд дотоод эх үүсвэрээ гаргалгүйгээр ипотекийн зээлийг зогсонги байдалд оруулж буй ийм үед гадны банк орж ирээд зээл олгоод эхэлбэл яах вэ?

-Буруу зүйл байхгүй. Олон улсын жишиг нь тийм байдаг бололтой байна. Томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд олон улсын зах зээлээс санхүүжилт олдог. Санхүүжилтийг нь нээлттэй болгочихоор биржээр дамжуулаад эх үүсвэр нь ороод ирдэг. Үүний төлөө Засгийн газар эрсдэл хүлээхгүй. Иргэд л зээлд хамрагдана шүү дээ. Хэрэв зээлээ төлж чадахгүй бол тухайн иргэн л хариуцлага хүлээнэ. Түүнээс биш Засгийн газарт ямар нэгэн хүндрэл учрахгүй.

-Өнгөрсөн амралтын өдөр Хятадын улс төрийн товчооны гишүүн манай улсад айлчилсан. УИХ-ын дарга М.Энхболд түүнээс ипотекийн зээлийг үргэлжлүүлэх дэмжлэг хүссэн байна лээ. Хэр үр дүнтэй байх бол?

-Зээлийн эх үүсвэрийн дэмжлэг үзүүлээч гэсэн. Бүтвэл сайн л байна. Одоо бидэнд мөнгө алга. Дахин мөнгө хэвлэх бус санхүүжилтийн эх үүсвэрийг өөр шугамаар, бодитоор олох хэрэгтэй.

-Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрхэн хэрэгжих вэ. Өнгөрсөн жил уг хөтөлбөрийг эхлүүлэхэд маш олон иргэн түрээсийн байранд орохоор хүсэлтээ гаргаж байсан?

-Түрээсийн орон сууцанд таван жил амьдарсан бол суллаж өгөх журамтай байсан. Үүнийг өөрчилнө. Хугацаагүй болгох ёстой. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэ тухай асуудлыг хэлэлцэх юм. Ямартай ч хугацаа заадаг байсныг болиулах хэрэгтэй. Үүнд санал нэгдэх байх гэж бодож байна. Ер нь хугацаа заагаад өгчихөөр иргэд тухайн амьдарч буй орон сууцандаа өөриймсөг сэтгэлээр хандахгүй. Нийтийн орон сууцанд ариг гамтай суух ёстой. Гэтэл түрээсээр түр оршин сууж буй иргэн иэнгэхгүй байх талтай. Тиймээс хугацаа заахыг болиулах гээд байгаа юм.

-Түрээсийн байраа тодорхой хугацааны дараа ипотекийн зээлээр ч юм уу өөрийн болгох боломж гарч ирэх үү?

-Тодорхой хэсгийг тийм боломжоор хангая гэж байгаа юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар түрээсийн орон сууцны хүрэлцээ харьцангуй бага байна. Нийслэлийн хэмжээнд гурван мянга орчим, орон нутагт 1400 орчим түрээсийн орон сууц бий.

-Зарагдахгүй байгаа барилгуудыг түрээсийн орон сууцболгож болохгүй юу. Түрээсийн орон сууцны эрэлт их байдаг биз дээ?

-Одоогоор “Буянт-Ухаа” дээр борлогдоогүй түрээсийн орон сууц байна. Нийт 200 орчим байр байгаа юм билээ. Гэхдээ дандаа 69 ба 98 мкв бүхий гурван өрөө орон сууцнууд үлдсэн. Яагаад үлдсэн бэ гэхээр анх түрээсийн орон сууц хөтөлбөрийг эхлүүлэхдээ 30-50 мкв орон сууц түрээслэх боломжтой гээд журамлачихсан. Тиймээс том талбайтай орон сууцнууд нь үлдчихсэн байна. Удахгүй энэ заалтыг хүчингүй болгохоор ажиллаж байгаа. Уг нь том талбайтай гурван өрөө орон сууцыг түрээслээд амьдрах боломжтой айл зөндөө бий. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хотын захиргаатай хамтран ажиллахаар ярилцаж байна. Нэгэнт борлогдохгүй байгаа орон сууцыг хашаа байшингаар солих бололцоог нээж өгье. Одоохондоо Нийслэлийн Засагдаргатай нарийвчлан ярилцаагүй байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд эрт байна. Ер нь бол нэгэнт татвар төлөгчдийн мөнгөөр барьсан орон сууцанд иргэдийг оруулахдаа сугалаа сугалуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ямартай ч “Буянт-Ухаа”-гийн борлогдоогүй гурван өрөө орон сууцыг хашаа байшингаар солихыг иргэдэд санал болгоно.

-Барилгын салбар Монголын эдийн засгийг дампууруулчихлаа гэж байна. Хөгжлийн банк ихэнх зээлээ барилгын үйлдвэрлэл эрхлэгчдэд гаргаж өгсөн гээд байгаа. Тэр үйлдвэрүүд өнөөдөр ямар хэмжээнд ажиллаж байна вэ?

-Барилгын салбарынхантай бид өдөр бүр уулзаж байна. Хөгжлийн банкнаас авсан гээд байгаа 1.1 их наяд төгрөгөөс зээл авсан гэх компаниуд маш ховор байна. Барилгын томоохон үйлдвэрлэгчид дээрх мөнгөнөөс огт зээл аваагүй юм билээ. Ийм их хэмжээний зээл хэнд очсоныг мэдэхгүй. Аргаа бараад судалгааг нь гаргуулж авсан. Ямар үйлдвэр барихаар зээл авсан, үр дүн ямар байна вэ, үр дүн гараагүй бол яамны зүгээс ямар бодлого баримталж үйл ажиллагааг нь явуулах вэ гэхчилэн ажиллах ёстой. Сайн ажиллаж байгаа хэд хэдэн үйлдвэр байна л даа. Жишээ нь Барилгын дулаалгын хөөсөнцрийг халж байгалийн чулууг ашиглан дулаалгын материалыг бүрэн шийдсэн үйлдвэр байна. Тэд үйлдвэртээ технологийн шинэчлэл хийх санал гаргаж байгаа. Үүнийг бид дэмжинэ. Мөн Байшин үйлдвэрлэх комбинатыг шинэчлэхээр ажиллаж байна. Яамны зүгээс бас дэмжих бодлого баримталж байгаа. Тэд авсан зээлээ үр дүнтэйгээр ашиглаж байгаа юм. Тиймээс бодлогын хэмжээнд дэмжээд өгөх хэрэгтэй.

С.АЛТАНЦЭЦЭГ