Статистикийн тоо баримтаас  үзвэл жилд 80 орчим мянган эх төрж, 90 гаруй мянган эх хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхлэхгүй байна. Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн тэтгэвэр ижил цалин хөлснөөс ердийн нөхцөлөөр тогтоолгосон эхчүүдийн тэтгэврээс 10-15 хувиар доогуур байна. Энэ нь  эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөхөд зарцуулсан хөдөлмөрийг нийгмийн үнэлэмжтэй болгож, нийгмийн даатгалын сангаас бусад даатгуулагчидтай адил үр ашиг хүртэх боломж олгох шаардлагыг зүй ёсоор бий болгож байгаа юм.  

 

Монгол Улсад эхчүүдийн нийгмийн баталгааг хангахад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль гол үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Уг хуулийн дагуу  нийгмийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн эмэгтэй 55 нас хүрээд, хэрэв 4-өөс дээш хүүхэдтэй бол 50 нас хүрээд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсдэг билээ. Эмэгтэйчүүдийн тэтгэвэр эрт тогтоолгох эрх нь тэднийг нас ахисан үедээ ажилгүй болох нөхцөлд орлогогүй болохоос хамгаалах сайн талтай ч хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдож нийгмийн баталгаа нь алдагдах, хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөр нь үнэлэгдэхгүй үлдэх сөрөг талтай байна. Ялангуяа  эдийн засгийн өсөлт бага, хямралтай үед эмэгтэйчүүд тэтгэвэр эрт тогтоолгох явдал түгээмэл  ажиглагдах боллоо. Мөн эхчүүдийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалд даатгуулсан хэлбэрээс нь хамааруулан ялгаатай олгож байгаа нь ижил тохиолдлоор орлого олох боломжгүй болсон нөхцөлд сайн дураар даатгуулсан эхчүүд бага тэтгэмж авч эрх ашиг нь зөрчигдөж  байна.  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд хөдөлмөрийн тааламжгүй нөхцөл, ажил, мэргэжлийн онцлогийг харгалан тэтгэвэр эрт тогтоолгох болзол нөхцөлийг зохицуулсан байдаг. Гэвч энэ зохицуулалт нь  байгаль, цаг уурын хараат байдалд биеийн хүчний хүнд хөдөлмөрийг ажил амралтын горимгүй эрхэлдэг малчдад хамаарахгүй байгаа юм. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн  салбарт ажиллаж байгаа 300,0 гаруй мянган малчин нь нийт ажиллагчдын 30 шахам хувийг эзэлж байгаа билээ. Эрхэлж буй хөдөлмөрийн онцлогоос хамааран хөдөлмөрийн чадвар нь эрт буурах, хүнд өвчин тусах эрсдэл, эрт нас барах тохиолдол малчдын дунд түгээмэл байна. Үүнээс шалтгаалан залуучуудын мал аж ахуй эрхлэх сонирхол буурч, хот суурин луу шилжих болсноор хөдөө орон нутаг эзгүйрэх хандлагатай болж байна. Иймээс эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах, малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж олгохын тулд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг хуулийн төсөл санаачлагчид онцолсон.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь эхчүүдийн хүүхдээ асарч хөдөлмөр эрхлээгүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг нь нийгмийн үнэлэмжтэй болгох, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулсан хэлбэрээс хамаарахгүйгээр шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлсний дундажаас ижил хувиар бодох, малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж, малчнаар ажилласан жил бүрийг нэмэгдүүлж тооцохтой холбогдох харилцааг хамаарна.

Хуулийн төсөл нь 5 зүйлтэй байна. Үүнд:

·         Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд хүүхэд төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох, хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх болон малчдын тэтгэвэр тогтоолгох насыг 5 насаар наашлуулахтай холбоотой харилцааг зохицуулах агуулга бүхий хэсэг, заалтыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 ба 4 дүгээр зүйлд нэмэхээр,

·         Хуулийн төслийн 2 дугаар зүйлд эхчүүдийн хүүхдээ асрах чөлөөний хугацааг 3 нас хүртэл нь гэж тодотгох, даатгуулсан хэлбэрээс нь хамааруулан жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хөдөлмөрийн хөлснөөс ялгаатай хувь хэмжээгээр бодож байгааг өөрчлөхтэй холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 192 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус өөрчлөн найруулахаар,

·         Хуулийн төслийн 3 дугаар зүйлд  малчдын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцохтой холбоотойгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт өөрчлөлт оруулж, 5 дахь хэсгийн дугаарыг өөрчлөхөөр,

·         Хуулийн төслийн 4 дүгээр зүйлд эхчүүдийн хүүхдээ асарсан хугацааны шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулсан хэлбэрээс хамааран ялгаатай хувь хэмжээгээр тооцож байгааг өөрчлөхтэй холбогдуулан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээс сүүлийн өгүүлбэрийг, 192 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хасахаар,

·         Хуулийн төслийн 5 дугаар зүйлд   хуулийн хүчин төгөлдөр болж үйлчлэх хугацааны талаар тус тус тусгах юм байна. 


Энэхүү хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл Нийгмийн даатгалын сан, ажил олгогч болон улсын төсвөөс жилд нийтдээ 37962.0 сая төгрөг шаардагдана. Үүний 31107.6 саяыг Нийгмийн даатгалын сангаас, 1296.0 саяыг ажил олгогчоос, 5558.4 саяыг төсвөөс гаргахаар тооцлоо. Ирэх 2017 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхтэй холбоотойгоор шимтгэлийн орлого, цаашид шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нэмэгдэх бөгөөд төсвийн үргүй зардал, Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг бууруулах, тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийн менежментийг сайжруулах, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх зэрэг арга хэмжээг авсны үндсэн дээр энэхүү зардлыг санхүүжүүлэх боломжтой гэж хууль санаачлагчид  үзэж байна.

Энэ хуулийн төслийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бид эргэн мэдээлэх болно.  

М.Мөнгөн