Олон улсын валютын сангаас /ОУВС/ Монгол Улс тусламж хүсэх болсон нь геополитикийн үлгэр, шунал, буруу менежмент хийгээд Хятад болон барууны хөрөнгө оруулагчидтай таагүй харилцсаны уршиг юм.

ОУВС Улаанбаатарт дахин ирж байгаа нь монголчууд болон хөрөнгө оруулагчдын аль алиных нь хувьд хатуу дохио болж байна.
Энэ онд Монголын төсвийн алдагдал ДНБ-ий 20 хувьд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд төр, хувийн хэвшлийн нийлсэн 2 тэрбум долларыг ирэх онд төлөх ёстой.
Монголын эдийн засаг өвдөг сөхрөөд байгаа энэ үед Хятадын зээлдүүлэгчид хөрөнгө оруулалтыг хөнгөлөх нөхцөл санал болгож байна.
Сүүлийн жилүүдэд Монголын тал гадаадын хөрөнгө оруулагчидтай, ялангуяа зэс болон алтны “Оюутолгой” ордод хөрөнгө оруулагч болох “Рио Тинто” групптэй таагүй харилцаатай байгаа юм. Барууны хөрөнгө оруулагчид Монголыг орхин явснаар хөрөнгө оруулалтын хоосон орон зайг Хятадын хөрөнгө оруулагчид нөхөж байна.
ОУВС-гийн шинээр олгох тусламж нь санхүүгийн хямралаас гарахад нь Монголд тус нэмэр болох хэдий ч тус улсын иргэд болон бизнес эрхлэгчид 22 хувийн өндөр хүүтэй зээлээ төлөхөөр тэмцсээр байх нь ээ. Монголын банкууд жилийн 22-28 хувийн хүүтэй зээл олгодог бол “сүүдрийн зээлдүүлэгчид” жилийн 36 хувийн хүүтэй зээл олгодог байна.
Харин Хятадын банкуудыг Монголынхтой харьцуулахад дунджаар жилийн 5.6 хувийн хүүтэй зээл олгодог бол Хятадын сүүдрийн банкны зах зээл дээр 10-20 хувийн хүүтэй зээл олгож байна.
Хятадын банк /BOC/ Улаанбаатарт салбараа нээх хүсэлтэй байна. Гэсэн хэдий ч  өрсөлдөөний явцад Хятадын банкинд Монголд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл өгүүлэхгүй байх, энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулахын тулд Монголын Худалдаа, хөгжлийн банк, Голомт банк болон ХААН банк  засгийн газраа лоббидсоор байгаа юм.
Тусламж эрсэн хоёр дахь хашгираан
2009 онд дэгдсэн дэлхийн санхүүгийн их хямралын үеэр ОУВС-гаас тусламж болгон 232 сая долларыг Монголд зээлж байсан. Хятад улс экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийг нь худалдан авах нь эрс нэмэгдсэний ачаар Монгол энэ зээлийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулсан юм.
Монголын экспортын хамгийн том зах зээл бөгөөд гол зээлдүүлэгч болох Хятадаас хамааралтай байдлаас гарахын тулд энэ оны долдугаар сард ажлаа хүлээн авсан МАН-ын Засгийн газар өрийг дарж, эдийн засгийг хөл дээр нь босгохоор ОУВС-гаас дахин тусламж хүслээ.
Монгол Улс өнгөрсөн есдүгээр сарын 30-нд ОУВС-гаас албан ёсоор санхүүгийн тусламж хүссэн юм. Тус улсын гадаад өр 23.5 тэрбум долларт хүрээд байгаа нь 12 тэрбум доллароор хэмжигддэг ДНБ-ийг нь бараг хоёр дахин нугалсантай тэнцэж байна. Гадаад өрийн 8.4 тэрбум орчим доллар нь засгийн газрын тавьсан өр юм.
Монголын Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая долларын бондын өрийг ирэх оны гуравдугаар сар гэхэд эргүүлэн төлөх ёстой. Шинжээчдийн хэлснээр, тус улсын Засгийн газар ирэх хоёр жилийн хугацаанд нийтдээ 1.7-1.8 тэрбум долларын өрийг  төлөх ёстой болжээ.
Эдийн засаг болон санхүүгийн тогтолцоог шинэчлэхэд чиглэсэн хүчин чармайлт нь эдийн засгийн хатуу бодлого болон уул уурхайн шинэ төслүүдийг дэмжих зорилго бүхий холимог арга хэмжээнүүдээс бүрдэж байгаа бөгөөд ашигт малтмалын үнийн өсөлтийн мөчлөг удахгүй эргэн ирж, хөрөнгө оруулагчид Монголд хоёр дахь боломжийг олгоно гэж албаны хүмүүс найдаж байна.
2016 он гарснаас хойш Монголын төгрөгийн доллартай харьцах ханш 12 хувиар суларч, одоо 2278 төгрөг болоод байна. Төгрөгийн ханшийг тогтворжуулахын тулд тус улсын Төвбанк болох Монголбанк наймдугаар сарын 18-нд бодлогын хүүгээ 4.5 хувиар өсгөн 15 хувьд хүргэлээ. Энэ онд 25 жилийн ой нь тохиож буй Монголын Хөрөнгийн биржийн нэгж хувьцааны дансны үнэ 0.13 байгаа бөгөөд нь энэ нь дэлхийн хамгийн хямдхан зээлүүдийн нэг гэсэн үг.
Монголын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаг буурсаар байна. Монголын ДНБ энэ онд 0.3 хувиар, ирэх онд 1.4 хувиар өснө гэсэн урьдчилсан таамгийг Азийн Хөгжлийн банк саяхан дэвшүүлсэн. Харин Дэлхийн банкны таамаглаж байгаагаар, тус улсын ДНБ 2016 онд 0.7 хувь, 2017 онд 2.7 хувь, 2018 онд 6.2 хувиар өсөх төлөвтэй байна.
Тэгвэл Монголын Засгийн газар хэд хэдэн төслийг урагшлуулснаар ДНБ 2017 онд 3 хувиар өснө гэж таамаглаж байна. Төслүүдийн жагсаалтад 5.3 тэрбум долларын өртөг бүхий “Оюутолгой” ордын өргөтгөлийн ажил; “Таван толгой” нүүрсний ордыг хөгжүүлэх, төмөр зам тавих, цахилгаан станц барих төсөл; Гацууртын алтны ил уурхайгаас алт олборлож эхлэх; Улаанбаатарт 250 МВт-ын хүчин чадал бүхий ДЦС-ын өргөтгөл барих  зэрэг төслүүд багтжээ.
ОУВС-гийн дахин олгож буй тусламж нь 1997 онд Өмнөд Солонгосын авсан тусламжийн хөтөлбөртэй адил байх уу гэдэг асуулт хөрөнгө оруулагчдын толгойд эргэлдэж байна. Өмнөд Солонгос тус сангаас тусламж авсан нь эхэндээ ихэд маргаан шүүмжлэл дагуулж байсан боловч хожим нь ихээхэн амжилтад хүргэсэн юм.
Гэхдээ Монголд анх удаа тусламж олгосноос хойш 7 жил хүрэхгүй хугацааны дараа олгох гэж буй ОУВС-гийн хоёр дахь санхүүгийн тусламж нь амжилт авчрах эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Учир нь Монголд авлига газар авсан бөгөөд эдийн засаг нь ашигт малтмалаас ихээхэн хамааралтай.
Ашигт малтмалынх нь арвин их баялагт “шунасан” олон улсын стратегийн ашиг сонирхлын улмаас Монгол төөрөгдөлд орж магадгүй. Албаны хүмүүсийн найдаж байгаа шиг “Оюутолгой” тийм ч богино хугацаанд үр өгөөжөө өгөхгүй байж магад. “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак хэлэхдээ “Монгол Улс ойрын 10 жилийн хугацаанд ногдол ашиг хүртэхгүй” гэжээ. Гэхдээ энэ уурхай 75 жил үйл ажиллагаа явуулах хэмжээний нөөцтэй гэсэн тооцоо бий. Тиймээс тэрбээр зүгээр л урт хугацааны үр өгөөжийг онцлохыг хүссэн байж болох юм.
Залуу орны хувьд Монголын засгийн газар, бизнес эрхлэгчид, тэр ч байтугай жирийн иргэд нь байгалийн баялагтай илүү зөв зохистой харьцаж, авлигатай тэмцэж, хэрүүл тэмцлээ багасгах замаар өгсөж-уруудахын мөчлөгийг даван туулах хэрэгтэй.
Наад зах нь гэхэд, гадаадын хөрөнгө оруулагчдыг хүндэтгэх хэрэгтэй гэдгийг монголчууд сайтар ухамсарлаж, тус улсын Засгийн газар илүү ил тод байдлыг бий болгож, өөрт байгаа боломж бололцоогоо алдахгүйн тулд “талбайд гарч тоглох” хэрэгтэй гэж “Mongolia Frontier Fund” хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулагч бөгөөд Сингапурт төвтэй портфелийн стратегич Райнер Майкл Прейсе бичжээ.
Г.Доржханд
montsame.mn