“Гладвилл” компани ажлаа зогсоож Увс аймгаас гарлаа
2016/11/01
АРД ИРГЭД ЗАСГИЙН ГАЗРЫГ ЭСЭРГҮҮЦЭХ СУБЬЕКТ БИШ ГЭВ ҮҮ
Увс аймгийн нийт газар нутгийн гуравны нэгд газрын тосны хайгуул хийх эрх авсан “Монголиа гладвилл Увс петролиум” компанид аймгийн ЗДТГ-аас байгуулагдсан Ажлын хэсэг өнгөрсөн есдүгээр сард шалгалт хийжээ. Шалгалтаар компанийн үйл ажиллагаа, гүйцэтгэлийн мэдээлэл тодорхойгүй, бүрхэг хэмээн 13 төрлийн зөрчил илрүүлсэн байна. Тодруулбал, Бүтээгдэхүүн хуваах гэрээнд тусгасан сургалтын урамшуулал, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэг, орон нутгийг хөгжүүлэх урамшуулал, тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрөө төлсөн эсэх, хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг батлуулж хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй байж. Мөн “Гладвилл” компани байгаль орчны менежмэнтийн төлөвлөгөөг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт танилцуулаагүй, байгаль орчин нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлсэн эсэх, үйл ажиллагаандаа дэвшилтэт технологи нэвтрүүлэх, монгол иргэнийг сургах дадлагажуулах, газрын тосны салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа үр дүнг олон нийтэд таниулахад төрийн байгууллагатай хамтарч ажиллана гэсэн хуулийн заалтууд биеллээ олоогүй асуудал гарчээ. Түүгээр зогсохгүй газрын тосны хайгуулын үйл ажиллагааг Зүүнговь сумын Засаг даргаас татгалзсан, Тэс сумын Засаг дарга албан ёсоор зөвшөөрөөгүй, Тэс сумын зарим багийн ИНХ-өөс зөвшөөрөл аваагүй болохыг компанид анхааруулж зөрчилд тооцсон байна. Компанийн үйл ажиллагаанд хяналтаар Газрын тосны газрын төлөөлөгч ажиллах ёстой байсан ч ажил хэрэг болоогүй, Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарим хавсралт байхгүй, судалгааны ажил гүйцэтгэх гэрээ болон бусад туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнүүд нь монгол хэл дээр хийгдээгүй байсныг ажлын хэсгийнхэн онцолжээ.
Хамгийн эрсдэлтэй нь судалгаа хийх БНХАУ-ын иргэд оршин суух үнэмлэхгүй, ИХШХЕГ-ын Увс аймаг дахь салбарт хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй. Чичирхийллийн судалгааны дөрвөн машин гаалийн бичиг баримтгүй байсан нь анхаарал татахаар байгаа юм.
Гэтэл энэхүү ноцтой зөрчлүүдийн хариуд Ашигт малтмал, газрын тосны газрынхан Увс аймгийн удирдлагуудад “Та бүхэнд энэ асуудал падлийгүй” гэснээс өөрцгүй тайлбар өгчээ. Тухайлбал, орон нутгийнхан хайгуулын ажлыг эсэргүүцэж байгаа тухайд “...Засгийн газрыг эсэргүүцэх субьект биш. Тэс сумын хайгуул хийгдэж байгаа зарим багийн зөвшөөрлийг авсан”, “Бүтээгдэхүүн хуваах гэрээ нууцын зэрэглэлтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны байгууллагад албан бичгээр хандаж танилцана”, бүртгэлгүй хятад иргэд, гаалийн бичиг баримтгүй судалгааны машины тухайд “Компанийн зүгээс тайлбарласан” гэжээ. Ард түмний сонголтоор бүрдчихээд “Та нар биднийг эсэргүүцэх субьект биш” гэж аягласан Засгийн газар, түүний харьяа агентлагийн энэхүү тайлбарыг юу гэж ойлгох вэ?
“ГЛАДВИЛЛ” КОМПАНИ 1.8 САЯ АМ.ДОЛЛАР НЭХЭМЖИЛНЭ ГЭЖЭЭ
Энэхүү шалгалтын үеэр “Гладвилл” компанийн үйл ажиллагааг Тэс, Зүүнговь сумын иргэд эсэргүүцэж, шалгалтын ажлын хэсгээс дээрх зөрчлийн улмаас компанийн үйл ажиллагааг зогсоосон байна. Үүний хариуд компанийн зүгээс есдүгээр сарын 18-нд аймгийн удирдлагуудад хандаж “....11 хоног сул зогсч холбогдох газруудын дэмжлэгийг хүлээсээр байна. Компанийн зүгээс хэмжилтийн шугамын дагуу амьдардаг малчин айлуудаар орж энэ төслийн зорилго, байгаль орчинд үзүүлэх нөлөө болон төслийн хүрээнд хийгдэх ажиллагааны талаар танилцуулга хийхэд аливаа эсэргүүцэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлж байсан. Одоогийн байдлаар ажил зогсоосонтой холбоотой үүссэн хохирлын хэмжээ 1.840.000 ам.долларт хүрч байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газарт дээрх хэмжээний нөхөн төлбөрийн асуудал тавигдах болно” гэжээ. Түүнээс гадна өнгөрсөн жилийн Малчин суманд хийсэн хайгуулын ажлын зардал болох зургаан сая ам.долларыг манай талаас нөхөн төлүүлнэ гэсэн яриа аймгийн хэмжээнд гарсан байлаа.
ХАЙГУУЛЫН АЖЛЫГ ЭСЭРГҮҮЦСЭН 10 БАГИЙН ТОГТООЛ ГАРЧЭЭ
Орон нутгийн иргэд эсэргүүцсэн жагсаал цуглаан хэд хэдэн удаа зохион байгуулсан, баг, сумын удирдлагууд хайгуулын ажлыг зогсоохыг хүсч аймаг руу хандсан, компанийн зүгээс “Малчид зөвшөөрсөн” хэмээн хуурамч тогтоол үйлдүүлсэн, Уул уурхайн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас “Компанийн үйл ажиллагааг үргэлжлүүл” гэсэн удаа дараагийн албан бичгүүд нааш, цааш шидэлцсэн нөхцөл байдал өнгөрсөн наймдугаар сараас хойш Увс аймагт өрнөжээ.
Улаанбаатараас зорьж очсон Тэс сумын нутгийн зөвлөлийн гишүүд Тэс, Зүүнговь сумын иргэд, удирдлагауудтай уулзалт хийж газрын тосны хайгуулын үйл ажиллагаа Монгол Улсын хууль журмыг хэрхэн зөрчсөн, цаашид хэрхэн тэмцэх тухай санал санаачлага гарган зөвлөлдсөн юм. Тэдний ярьснаар “Гладвилл” компани Монгол Улсын болон олон улсын 10 орчим хууль, конвенцийн 30 орчим заалтыг зөрчсөн тухай өмнөх нийтлэлд дэлгэрэнгүй дурдсан билээ. Тэд эдгээр хуулийн заалтыг үндэслэн Увс аймгийн Засаг дарга, “Монголиа гладвилл Увс петролиум” компани, Ашигт малтмал, газрын тосны газарт шаардлага хүргүүлж эхэлсэн юм. Энэ тухай нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Ц.Өлзий “Газар шороо, байгалийн баялаг бол бүх ард түмний өмч болохыг Үндсэн хуульд заачихсан. Тэгээд зогсохгүй Увс нуурын ай савыг 2003 онд ЮНЕСКО-гийн захирамжаар дэлхийн байгалийн өвд бүртгэсэн. Ийм учраас зөвхөн Увс, Монголын биш дэлхийн хэмжээний асуудал болж байгаа юм. Газрын тосны хайгуулын зөвшөөрөл өгч байгаа Засгийн газрын шийдвэр, гэрээ, аймгийн удирдлагуудын гаргасан шийдвэр бүгд хууль бус байна. Тэгэхээр бид хууль бус үйл ажиллагаагаа зогсоогооч гэсэн шаардлага хүргүүлж байгаа. Газрын хэвлийн тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зэрэг олон асуудлыг гаргаж тавиад 10 орчим хуулийн 30 заалтыг зөрчсөн учраас эдгээрт бид дөрвөн шаардлага хүргүүлж байна. Нэгдүгээрт, Газрын тосны газар компани хооронд гэрээ байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг нэн даруй цуцлуулах, 2016 оны зургадугаар сарын 26-нд Увс аймгийн ЗДТГ болон “Монголиа гладвилл Увс петролиум” компани хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг нэн даруй цуцлах, “Монголиа гладвилл Увс петролиум” компанид олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, дөрөвт тус компани Увс нуурын сав газрын байгаль орчинд хор хохирол учруулсан эсэхийг нарийвчлан тогтоох, хэрэв байгаль орчин болон бусдад хохирол учруулсан бол нөхөн төлүүлэх, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна” гэлээ.
Малчдын саналыг гуйвуулан хуурамчаар баталсан Тэс сумын есдүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолыг нутгийн зөвлөлийн гишүүд ажиллах хугацаандаа хүчингүй болгуулж, малчдын саналын дагуу газрын тосны хайгуулыг эсэргүүцсэн тогтоолыг батлуулсан юм. Зөвхөн есдүгээр баг гэлтгүй Тэс сумын нийт 10 багийнхан нийтээрээ уг ажлыг эсэргүүцсэн тогтоолыг гаргажээ. Түүнчлэн Тэс сумын ИТХ-аас 10 багийн ИНХ-ын тогтоолыг дэмжсэн тогтоолыг давхар баталсан билээ. Ийнхүү хоёр сар орчмын хугацаанд үргэлжилсэн нутгийн иргэдийн тэмцлийн үр дүнд “Монголиа гладвилл Увс петролиум” компани өнгөрсөн сарын 19-нд кемпээ буулгаж Увс аймгаас гарсан юм.
Дэлхийн хэмжээнд бүрэн судлагдаагүй, хөндөгдөөгүй онгон дагшин байгаль, газар нутагтай гэгддэг Увс нуур, түүний ай сав, түүнийг тойрсон Увс аймгийн малчин иргэд, тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх “Гладвилл” компанийн жил хүрэхгүй ажилласан хугацаанд сүйдэж болох эрсдлээс эхний удаад хамгаалагдаж чадсан ч цаашид үргэлжлүүлэн тэмцэхээр нутгийн иргэд нэгджээ. Тэс сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн гишүүд Увс аймгийн хэмжээнд “Дэлхийн өв Увс нуур төв” төрийн бус байгууллагыг байгуулж, Увс аймагт газрын тосны хайгуулын үйл ажиллагааг бүрэн зогсоож, Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлуулах хүртэл тэмцэхээр болсноо мэдэгдсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
содном · 2016/11/02
Энэ нутаг усаа хамгаалагч эх орончдын буянаар хөрөнгө оруулагчид дайжиж шанд нь ард түмний өр л нэмэгдэж үлдэх юмдаа. Орос,Хятад 2-ын хэнийх нь ивээлээр энэ эх оронч царайлсан хорлон сүйтгэгч нар амьдраад байнадаа.Хамгийн сүүлийн жишээгээр Оросуууд РОСЦВЕТМЕТ-ээ яагаад Монголчуудад зарчихваа?Манай баялаг тэдэнд хэрэггүй болдоод хайгуулаа зогсоож байна уу?аль эсвэл бүгдийг нь хангалттай судалчихаад хайгуулийнхаа компаниа худалдвуу гэдгийг бодож үзэцгээе.Үгүй бол манай газрын тосон дээр Хятадууд нөлөөллөө бүрэн тогтоох гээд байна уу? Сайн л бодож байж хөдлөөрэйдөө эх орончдоо.Одоо 1.8 тэрбум доллар нэхэж байна цаашлаад хэд ч болох юм,та бүхэн төлж чадах юмуу?Ёстой маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэж амьдрахдаа ч танаас гадна энэ улсад чинь өөр хүмүүс амьдардаг гэдгийг санаж баймаар юм.Наад олигархууд чинь танд өгсөн өчүүхэн талхны мөнгөө таны амьдралаар төлүүлдэг гэдгийг ойлгож байхад илүүдэхгүйдээ.
Zochin · 2016/11/01
Mundag yumaa ingeed hurungu oruulagch orood ireheer ni huuguud yavuulaad nutag usaa hamgaalj bna geed ninjaa nar ni uhaad bai manai uls mundag hugjinushuu