Энүүхэндээ л гэхэд дээрх МАНАН-гийн хувь заяаг нэг МАН нь атгаж байгаа хэмээн учир мэдэх хүмүүс жиг жуг гэлцээд байх юм билээ. Наад зах нь сонгуульд ялагдуулсан, ялсан шалтгааныг ах МАН-тай холбож ханаж цадатлаа л ярьлаа шүү дээ. Мартсан бол сануулъя. “...2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг ах намын дарга М.Энхболд, ах намын лидер С.Баяр, дүү намын лидер Ц.Элбэгдорж гурав л мэдэж байсан. Цаанаасаа зохион байгуулалттай сонгууль боллоо...” гэж. Яг л бясаа, жоом, хулгана гурвын үлгэрийг манайхан хотлоороо өргөн дэлгэр ярьсан юмдаг.  Тэгэхээр дүү МАН-ынхаа судсыг ах МАН нь барьж байгаад сонгуульд ялчихсан гэсэн үг болж байгаа юм.

 

Нэмэгдэхүүний байр солиход нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй гэдэг. МАН+МАН=МАНАН.  Тэр хоёр МАН, МАН гэх нэмэгдэхүүний байрыг яаж ч солиод эцсийн дүн нь МАНАН л гарах юм. Өөрөөр хэлбэл Монголын Ардчилсан нам дээр Монгол Ардын Намыг нэмэхэд ямар ч хувилбараараа МАНАН л гарна. Ингэж бие биендээ уусан шингэсэн МАНАН-гийн уршиг цаашид хэр удаан үргэжлэхийг бурхан ч таашгүй болоод байна.

 

Харин өдгөө хамаг уралдаан тэмцээн өндөрлөчихөөд байхад яахаараа ах МАН дүүгийн судсыг тавихгүй бариад байна вэ гэвэл айсуй Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Харин ч атгасан гарынхаа барьцыг лавшуулан бугуйгаар нь атгаад авсан бололтой юм. Ийн хэлэхийн учир нь дүү МАН-ын ужигарсан хурал хуй ийм дүгнэлтэнд хүргэж байна. Яагаад гэвэл өнгөрсөн дөрвөн жилийн турш тэнгэрт оршин тогтнож газар бууж ирэх хөг нь өнгөрөөд байсан Монголын Ардчилсан нам /МАН/-ынхан хамраараа газар хатгаж, хатуухан газардсаныхаа дараа ялагдлынхаа шалтгааныг олж тогтоон, эзэн холбогдогчид нь хариуцлага хүлээлгэнэ гэж ярьсаар өнөөдөртэй золголоо.

 

Өнгөрсөн хугацаанд Монголын Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хороо хуралдаж чадахгүй хэд хэдэн удаа хойшлогдсоны цаадийн цаад шалтгаан нь ах МАН-д байгаа гэж харж байна. Яг л давааны цаана даваа гэдэг шиг шалтгааны цаад талын шалтгаан нь зөнөг залгасан МАН шүү дээ, хөөрхий. Гэтэл 20 гаруйхан настай хонгор шаргал зүстэй хэмээн өөрсдийгөө хөөргөж дэвэргээд байдаг МАН нь далаараа цэвэр тавиулчихаад ямар ч өчиггүйгээр хоёр гараа өргөн бууж өгсөн нь нас биед хүрсэн намын зангараг гээчийг арчин хаясан юм. За энэ арчаагүй ялагдал, арчаагүй бууж өгөлт ч яахав.

 

Харин одоо яагаад хуралдаж чадахгүй, дарга цэргээ сонгож чадахгүй байгаагийн учрыг ухая.

 

Өнгөрсөн таван сарын хугацаанд  хуралдаж чадаагүй ҮЗХ-г алгасаж, намынхаа Их хурлыг хуралдуулан намын дүрмийн өөрчлөлт, шинэчлэлийн асуудлаа ярихаар зэхэж байгаа дүү МАН-ын хурлын гацаа нь ах МАН. Хэрэвзээ дүү МАН-ын хурал хуй болдогоороо болж асуудлаа эрт шийдвэл ах МАН-д хортой. Дүү нар хэдий хэр урт хугацаанд хоорондоо зодолдоно тэр чинээгээр ах МАН-д ашигтай. Үүнийг доль сууж, долоон удаа буудуулсан ах нар юу эс андахав. Тиймдээ ч дүү нараа хооронд нь талцуулан, заримыг нь өөртөө урвуулан ашиглаж байгаа нь өвгөн ах нарын хашир ухааных.

 

Монголын Ардчилсан Намын даргаар зүтгэж байгаа лидерүүд нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөр. Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг хоёрын хэн нэг нь намын дарга болсон тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь гарцаагүй. Тийм ч учраас энэ хоёр лидерийг Ерөнхийлөгчийн марафоны гараанаас хасах ажиллагаагаа ах намынхан аль эрт эхлүүлсэн нь тэднийг тойрсон “ХЭРЭГ”-тэй холбоотой хэмээн хэвлэлүүд онцлох юм билээ. Нээрээ ч Үүл баатарын толгой дээр хар малгайны хэрэг дахин тавигдсан, Н.Алтанхуягт хаягтай Дэнзэнгийн асуудал дахин сөхөгдсөн гээд анхааруулах дохио ажиллаад эхэлчихсэн нь нэгийг хэлээд байгаа юм.

 

Намын даргаар сонгогдох магадлал өндөртэй энэ хоёр лидергүйгээр Ардчилсан намын төсөөлөхийн аргагүй. Э.Бат-Үүл Нийслэлийг өөрчилж байсан, Н.Алтанхуяг Шинэчилж байсан гээд хийсэн ажилтай хэлэх үгтэй болчихсон байсан юм уг нь. Гэтэл ах МАН-ынхан ардчиллын Дүлзэнгүүдтэй нийлээд “Бариад идчихлээ”. Хонгоо уруулсан хоёргүйгээр Ардчилсан намынхан эв зүйгээ олж чадалгүй хурлаа хойшлуулсан. Одоо Лу.Болд, Л.Гантөмөр хоёр ороод ирлээ. Ямар ч байсан АН-аас 2 том лидерийг  даргын суудлаас зайлуулж чадсан нь АН-ын фракциудын ч тэр, МАН-ын ч тэр хүсэл нь биеллээ л гэсэн үг.  Энэ нь дээр дурьдсанчлан давааны цаадах даваа буюу ах МАН-ын явуулгын хүсээд байсан үр дүн шүү дээ.

 

Одоо тэд ямар нүүдэл хийж, дүү МАН-ынхаа хувь заяаг хааш нь эргүүлэх нь тодорхой бус. Энэ сарын 6-нд хуралдах товтой Ардчилсан намын Их хурал хуралдах эсэх нь эргэлзээтэй. Ийм ч учраас Монголын Ардчилсан Намын хувь заяа Монгол Ардын Намын гарт байна гээд байгаа юм шүү дээ.

 

Н.Монголжин

24tsag.mn