Хан хэнтийн дархан цаазат газрын Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын бүс нутагт Улаанбаатараас 65 км-т Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгалийн нэн сонин тогтоцтой мэлхийн хэлбэртэй хад байдаг.

Энэ хадны өндөр 24 метр бөгөөд өмнө нь “Мөнгөт хад” гэж нэрлэдэг байж. Харин өдгөө хүмүүс “мэлхий хад“ гэдгээр нь андахгүй.

Эрт үед Луузаншарав болон Хатанбүүвэй гэдэг Ойрдын нэртэй хоёр баатар байжээ. Тэр хоёр хоорондоо таарамж муутай байсан. Нэг удаа Хатанбүүвэй баатар Луузаншаравтай байлдахаар ойролцоох Өтөг эрүү гэдэг газар нуугдаж буйг Луузаншарав мэдээд, өөрийгөө ялагдахаа мэдсэн тул зугтахаар шийдээд эхнэрээ хамт явъя гэтэл тэр нь эд хөрөнгөдөө хоргодоод явахгүй гэжээ.

Тэгэхээр нь Луузаншарав эхнэрээ хороогоод хөрөнгөө энэ хаданд нуугаад оргосон байна. Нутгийн ардууд зун болохоор тус хадны завсар нойтон мах хийж хадгалдаг байв. Гэтэл тэр явдлаас хойш уг хаданд нойтон мах хийнгүүт маханд алт, мөнгөн зоос наалдаж ирээд авах гэхээр доош уначихдаг байжээ. Тэр агшинд хадны ёроолоос эмэгтэй хүний дооглон инээх дуу гардаг гэсэн домогтой. Иймээс нутгийн ардууд Мөнгөт хад гэж нэрлэдэг юм.

А.Мөлдир