Монгол Улсын эдийн засаг огцом өсөх үү
2016/11/16
Монголын эдийн засгийн үзүүлэлт ирэх оноос огцом өснө гэсэн урьдчилсан шинжилгээний таамаглалыг Олон улсын Валютын сан гаргажээ. Энэхүү мэдээллийг Ази, Африк, Латин Америк, Кавказын орнуудын эдийн засгийн үзүүлэлтэд тулгуурлан судалгаа шинжилгээ гаргадаг Schulze Global Investments компанийн мэдэгдэлдээ ишлэжээ.
Үүнд Монгол Улсын эдийн засаг 2017 оноос огцом өсөхийг харуулсан байна. Ямартаа ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалтай тулгараад буй Монгол Улсын Засгийн газар хямралтай тэмцэхээр нэлээдгүй хэмнэлтийн бодлого явуулахаар төлөвлөж байгаа билээ. Харин хэмнэлтийн үр дүн олон улсын байгууллагын гаргасан энэ таамаглалтай адил үр дүр үзүүлвэл түрхэн хугацаанд бүсээ чангалаад суусан ч яах уу.
Гэхдээ энэ таамаглал хэт бодит бус үзүүлэлт гэж үзэх хүн ч олон байна. Учир нь Монгол Улс үйлдвэрлэгч орон биш учир эдийн засгийн сэргэлт тийм ч хурдан ирэхгүй болов уу гэж таамаглаж байгаа юм. Зэс, нүүрсэнд л тулгуурласан гэх эдийн засагтай манай улс аж үйлдвэрлэлийн салбартаа анхаарал хандуулан үйлдвэрлэгч орон болох хэрэгтэйг олон мэргэжилтнүүд санал болгосоор өдийг хүрсэн билээ.
Монгол Улсын эдийн засаг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2011 онд 17.3% өсч дэлхийн улс орнуудын мэргэжилтнүүдийн гайхашралыг төрүүлсэн үзүүлэлт болж байсан билээ.
Тухай үед уул уурхан хөрөнгө оруулалт ихээр нэмэгдсэн нь үүнтэй холбоотой байсан. Харин 2013 оноос эхлэн гадаадын хөрөнгө оруулалт дотоод хүчин зүйлээс шалтгаалж буурсаар, түүхий эдийн үнэ ч доошилсоор 2014 онд Эдийн засгийн өсөлт даруй 10 орчим хувиар бууж 7.8% болсон билээ.
Одоогоор манай улсын ДНБ хэмжээ 0,041 хувь руу ойртож байгаа гэсэн тооцоо гарсан. Олон улсад Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хасах утга руугаа ороогүй тохиолдолд хямрал гэж үздэггүй аж.
2009 онд Монгол Улсын ДНБ-ий өсөлт -1.3% болж хямралтай жинхэнэ утгаараа нүүр тулсантай санал нэгдэж Олон Улсын Валютын Сангийн "Стэнд Бай" хөтөлбөрт орж байсан.
Тэгвэл энэ цаг үе манай улсын өмнө дахин тулгараад байгаа билээ. Ямартаа ч олон улсын байгууллагын урьдчилсан таамгаар манай улсын эдийн засаг ирэх оноос сэргэнэ гэсэн нааштай дүн гараад байгаа юм.
Зочин · 2016/11/16
хурдан сэргээсэй