Сүүлийн таван сарын хугацаанд ам.долларын өсөлт огцом эрчимжсэн нь хүнс импортолж байгаа компаниуд болоод хувиараа жижиглэн худалдаа эрхлэгчдэд тулгамдсан асуудал болж хувирав.

 

Өнгөрсөн зургадугаар сарын дундуур ноён ногоон 1950 төгрөгтэй тэнцэж байсан бол удахгүй 3000 төгрөгт хүрэх дээрээ тулаад буй юм. Өнгөрсөн долоо хоногт “Найман шарга”  худалдааны төвийн ченжүүд ам.долларыг 2900 төгрөгөөр авч 2908 төгрөгөөр зарж байсан билээ.

 

 

Үндэсний Статистикийн Хорооноос энэ оны эхний есөн сарын байдлаар жижиглэн худалдааны борлуулалт өмнөх оны мөн үеэс 16.5 хувиар буурч, гурван их наяд 746.8 тэрбум төгрөг болсон гэж мэдээлэв.  

 

Оны эхний гурван улирлын дүнгээр жижиглэн худалдааны борлуулалт 2012 онд өмнөх оноосоо хоёр дахин өсөж, 2.4 их наяд төгрөгт хүрсэн байдаг. Үүнээс хойш жижиглэн худалдааны борлуулалт өсөлтөө тогтмол хадгалж байсан ч энэ онд ийнхүү  огцом буурсан нь аж ахуй нэгж, хувиараа жижиглэнгийн худалдаа эрхлэгчдэд хүндээр тусахад хүрчээ.

 

Тухайлбал, хүнсний мухлаг ажиллуулдаг хувиараа аж ахуй эрхлэгчид, гадаа худалдаа явуулж буй иргэдэд ам.долларын өсөлт шууд нөлөөлж байгааг тэд хэлж байлаа.

 

Тодруулбал, СХД-ийн 19-р хороонд байрлах хүнсний мухлагийн худалдагч н.ДолгорДолларын ханшны өсөлт бидний худалдан авдаг барааны үнэд шууд нөлөөлж байна. Бараа ирэх болгондоо л үнэ нь нэмэгдсэн байдаг. Импортын бараа ирэх болгондоо л 100-200 төгрөгөөр нэмэгдсэн байх юм. Нэмэгдсэн үнээр нь зарахаар иргэд үнээ нэмчихлээ гэнэ. Эсвэл үнэ нь ийм хурдан өсч байгаа юм уу гэж гайхна. Худалдан авалт муудсан. Заримдаа эргэн төлөлтөө хийж чадахгүйд хүрч байна” гэлээ.  

 

Өчигдөр болсон Байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр Монголбанкны дэд Ерөнхийлөгч Ц.Даваасүрэн “Валютын ханш савлагаатай байгааг хүн бүр мэдэж байгаа.  Том төслүүд  хөдлөөд ирхээр валютын ханш тогтвортой болно” гэсэн хариултыг өгсөн юм.

 

Улсын хэмжээнд оны эхний есөн сард 69.5 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 38.1 хувь нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт хамаарч байна.

 

24tsag.mn